
Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий энэхүү хуулийн төслийг парламент хэлэлцэх нь зөв эсэхээр өнөөдөр санал хураалт явуулах юм. Өнгөрсөн долоо хоногт санал хураалт явуулах байсан боловч УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан учир өнөөдөр санал хураалт явуулна. УИХ-ын түвшинд уг хуулийн төслийг дэмжихгүй байх, эсэргүүцэх, "Санаа нь зөв ч арга нь буруу" гэсэн хандлага давамгайлж буй. Харин хууль санаачлагч үүнийг үл тоон "Төслөө заавал батлуулна" гэж мэдэгдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Төрийн ордонд болсон Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх
Энэ хуулийг баталтал нь хуулийн хүрээнд өргөн барьж ажиллана. Ард түмнээрээ хэлэлцүүлнэ. Олон арга бий. Монголын түүхчид энд сууж байгаа УИХ-ын гишүүд яаж гараа өргөж байгааг харсан. Та бүхэн нэгийг бодож, хоёрыг тунгаагаарай.
Ард түмний хүсэмжлэл тоглоом биш гэдгийг Төрийн тэргүүний хувьд хэлж байна. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ бол, бас нийт ард түмнээс сонгогддог Төрийн тэргүүн гэж албан тушаал байдгийг мартаж болохгүй.
Би парламентын засаглалыг ямагт дэмждэг хүн, цаашдаа ч дэмжих болно. Харин салан задгай, хариуцлагагүй, хулгайч дээрэмчдээр Монголын парламент дүүрч төрийг уландаа гишгэж эхлэх юм бол ард түмэн бас зүгээр суухгүй. Үүнийг ардчилсан нийгэм гэж хэлж байгаа юм. Эв нэгдлийг ёс зүйгүй байдал устгадаг. Ёс зүйгүй төр бол төр биш. Төрийн үйл хэрэг тэр тусмаа төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа парламентын гишүүдийн ажил ёс зүй дээр үндэслэх ёстой.
УИХ өнөөдөр төслийг нь дэмжихгүй буцаасан ч Ерөнхийлөгч бууж өгөхгүй төслөө заавал батлуулна гэдгээ ийнхүү мэдэгдлээ. Батлуулах олон арга бий гэдгийг ч онцоллоо. Харин УИХ дахь нам, эвсэл энэ долоо хоногт уг асуудлаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал: -Манай намын бүлэг энэ хуулийн төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулж нэгдсэн байр суурьт хүрээгүй. Нэгэнт УИХ дээр хэлэлцүүлэг нь өрнөж гишүүд өөр өөрсдийнхөө байр суурийг илэрхийлж байгаа. Тиймээс заавал гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж, хайрцаглаад байх шаардлага байхгүй. Манай бүлгийн гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээд санал хураалтад оролцоно.
УИХ дахь АН-ын бүлийн дарга О.Цогтгэрэл: -АН Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүй гэдэг шийдвэр гаргасан. Гэхдээ хувь УИХ-ын гишүүд өөрийн итгэл үнэмшлээрээ байр сууриа илэрхийлж болно. УИХ-ыг ямар ч дархлаагүй болгох үзэл санаа энэ хуулийн төсөлд агуулагдаж байна. Ардчилсан парламентыг дархлаагүй болгож, эрх болон эрх чөлөө ухарна гэж үзэж байгаа.
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг: -УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй. Бид энэ хуулийн төслөөр байр сууриа нэгтгэсэн. Нам УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт одоогийн хуулийн төсөлд багтсан. Тухайлбал, хуулийн 9.1.6-д "Гишүүдийг нам нь эгүүлэн татна" хэмээсэн. Нам анхнаасаа нэр дэвшүүлэхдээ л сахилга баттай, өндөр ёс суртахуунтай хүнийг нэр дэвшүүлэх нь зөв. Үндсэн хуулийн цэц мөн эргүүлэн татах эрхтэй болсноор гишүүдийг эгүүлэн татах саналыг тал талаас татах бодит эрсдэл үүснэ.
УИХ-ын гишүүн А.Ундраа: -"Үндэсний эвсэл" Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцох, байр сууриа тодорхой илэрхийлэх, ажилдаа хариуцлагатай хандах, ёс зүйтэй байх зэрэг зарчмыг дэмжиж байна. Харин хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Батбаатар: -ИЗНН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд байр сууриа нэгтгэхээр хуралдсан. УИХ-ын гишүүн хариуцлагатай байх, эргүүлэн татах асуудлыг шийдвэрлэдэг эрх зүйн зохицуулалт байх нь зүйтэй гэж ИЗНН үзэж байгаа. Гэхдээ Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөлд ИЗНН санал өгөхдөө дэмжихгүй. Яагаад гэхээр, Цэц болон ёс зүйн асуудлаар гэх мэтээр хэтэрхий өргөн хүрээтэй. Дээрээс нь эргүүлэн татагдсан гишүүний оронд хэнийг оруулах нь зохицуулагдаагүй учраас дэмжихгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан. УИХ-ын үйл ажиллагаанд Цэц оролцдог байж таарахгүй. Эрх баригч намын дотоод зовлонг шийдэхийн төлөө бид хууль баталж болохгүй.