
Монголын хөдөө нутагт малчнаар ажиллаж, морин аяллын хөтөч хийж, уул уурхайн компаниудад гагнуурчин, дархан, мөн англи хэлний багшаар ч ажиллаж байсан Тео (Теодор Кийтли)-тэй ярилцлаа. Шотландаас гаралтай Тео Монголд 5 жилийн өмнө иржээ. Монголд амьдарснаар илүү өөдрөг үзэлтэй болж, залуу үеийнхний хүсэл тэмүүллээс ирээдүйд итгэх итгэл авсан тухайгаа ярьсан Теогийн нүдээр монгол минь ямар харагддаг бол?
– Монголыг зорин ирсэн шалтгаан чинь юу байсан бэ?
– Би дархан хүн. Анх мэргэжлээрээ дадлагаа хийж дуусгаад, дараа нь өөр өөр газар очиж, уламжлалт гар урлал сурахыг хүссэн. Монголд эмээл хийх, арьс шир боловсруулах, модон эдлэл урлах, төмрийн дархны урлал сурах зорилготой ирсэн. Хүссэн бүхнээ хараахан хийж амжаагүй ч энэ бол Монголыг сонгосон анхны шалтгаан минь байсан.
– Анхны сэтгэгдлээ эргэн дурсвал?
– Монгол хүмүүсийн биеэ барьдаггүй, бодол санаагаа шууд илэрхийлдэг зан хамгийн түрүүнд анзаарагдсан. Гэхдээ би үүнийг эерэг утгаар хэлж байгаа юм шүү. Их Британи, Япон, Солонгос зэрэг оронд хүмүүс өөрийгөө илэрхийлэхээс эмээж, жинхэнэ төрхөө нуух нь бий.
Харин Монголд хэн нэгэн танд дургүй байвал тэр нь нүүрэн дээр нь ил тод харагддаг. Жишээлбэл, Солонгост галт тэргэнд утсаар ярихгүй байхыг, хоорондоо чанга ярихгүй байхыг байнга анхааруулдаг. Харин Монголд автобусанд хүүхдүүд гүйж, хүмүүс хоорондоо чөлөөтэй ярилцана. Хүүхэд унавал зөвхөн эцэг эх нь ч биш, хажуугийн танихгүй хүмүүс ч анхаарал тавьж байхыг харсан. Дүрмийг бага зэрэг зөрчиж байгаа энэ бүхэн надад хүмүүс өөрийнхөөрөө, хүн ёсоор амьдарч байгаа мэт санагддаг. Зарим хүнд утсаар чанга ярих нь төвөгтэй санагдаж болох ч нөгөө талаас хүмүүс бие биетэйгээ чөлөөтэй харилцаж байгаа нь надад таалагдсан.
– Яагаад заавал Монгол гэж?
– Би зургаа эсвэл найман настай байхдаа ээждээ том болоод хүүхдээ сургуульд нь мориор хүргэнэ гэж хэлж байсан. Яагаад тэгж хэлснээ өөрөө ч мэддэггүй. Би адуу ихтэй, ан амьтан элбэгтэй хөдөө нутагт өссөн учраас байгаль, тэр орчиндоо их хайртай байсан. Хожим нь Төв Азийн орнууд байдгийг мэдсэн. Монголд миний хайрладаг байгалийн гоо үзэсгэлэн маш их шингэсэн байдаг. Миний бодлоор Монголын байгаль үнэхээр гайхалтай, бусад олон орны байгальтай харьцуулшгүй үзэсгэлэнтэй.
– Та Монголд ирснээсээ хойш хөдөө амьдарч, малчнаар ажилласан гэсэн. Энэ туршлага тань ямар байв?
– Би анх ирээд малчин болж Баянхонгор, Өмнөговь аймагт амьдарсан. Дараа нь морин аяллын хөтөч хийж, хүмүүст морь унахыг зааж, аялалд дагуулж явдаг байлаа. Мөн уул уурхайн компаниудад гагнуурчин, дарханаар ч ажилласан.
Тео: Монголд эмээл хийх, арьс шир боловсруулах, модон эдлэл урлах, төмрийн дархны урлал сурах зорилготой ирсэн– Хөдөө болон хотын хүмүүсийн хооронд ямар ялгаа байдаг гэж та боддог вэ?
– Би өөрөө хөдөө өссөн учраас хөдөөнийхөн илүү адилхан санагддаг. Хотын зарим хүн хөдөөгийн хүмүүсийг “орк” гэж нэрлэж, соёлгүй мэтээр харьцдагийг анзаарсан. Гэхдээ тэд хотын амьдрал юунаас хамаардаг, хоол хүнс нь хаанаас ирдэг, хотыг хэн тэтгэж байдгийг тэр бүр ойлгодоггүй. Хөдөөнөөс хотод ирсэн хүн шинэ орчинд төөрч, учраа олохгүй байх нь мэдээж. Гэхдээ хотын хүн хөдөө очвол мөн л амьдрах орчноо мэдэхгүйгээс бэрхшээлтэй тулгарна. Тэд ядаж л ус хаанаас, яаж олохоо ч мэдэхгүй. Тэгсэн атлаа хөдөөнийхөн соёлгүй гэж нэрлэх нь шударга биш шүү дээ.
Нөгөө талд хотынхон маш ухаалаг, хүсэж байгаа зүйлээ тодорхой мэддэг, түүндээ хүрэх хүсэл эрмэлзэлтэй гэж боддог. Тэд хотод тулгарч буй асуудлуудыг анзаарч, тэдгээрийг өөрчлөх хүсэл тэмүүлэлтэй байдаг нь надад таалагддаг.
– Монголд амьдарснаар таны амьдралд өөрчлөлт гарсан уу?
– Маш их өөрчлөгдсөн. Би өмнөхөөсөө илүү өөдрөг, ирээдүйдээ итгэлтэй хүн болсон. Монголын залуус надад ирээдүйдээ итгэх итгэл өгдөг. Тэднийг харахаар бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг.
Би англи хэлний багшаар ажилладаг юм. Нэг удаа 13 настай сурагч маань ирээдүйд байгаль орчинтой холбоотой чиглэлээр, биологийн инженерчлэлээр суралцаж, технологийн тусламжтайгаар байгаль орчноо сайжруулахыг хүсэж байгаагаа ярьсан. Тэр миний мэддэггүй, бүр сайн ойлгодоггүй нарийн мэргэжлийн нэр томьёо хүртэл хэрэглэж байсан. Ердөө 13 настай хүүхэд ийм зорилготой, дэлхийг илүү сайхан болгох талаар бодож байгааг хараад үнэхээр гайхсан. Ийм залуус өсөж торниж байгаа цагт монголын төдийгүй дэлхийн ирээдүйд итгэж болно гэж боддог. Юу ч үлдээгүй мэт санагдах үед ч хүнд итгэл найдвар үлддэг шүү дээ.
– Монголд амьдрахад тань хамгийн их бухимдуулдаг зүйл гэвэл?
– Хүмүүс өөрсдийн үйлдлээ бусдад болон нийгэмд ямар үр дагавар авчрахыг тэр бүр боддоггүй нь л их бухимдуулдаг. Ялангуяа ахимаг насны хүмүүсийн дунд ийм хандлага ажиглагддаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо бусдыг бодолгүй, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг урьтал болгох нь бий. Миний бодлоор замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудалд хүмүүсийн хариуцлагагүй үйлдэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Хүн бүр өөрийн үйлдэл ямар үр дагавар авчрахыг боддог байх хэрэгтэй.
– Хэрэв та маргааш Монголоос явах бол юуг хамгийн их үгүйлэх бол?
– Найзуудаа хамгийн их санах байх. Монгол бол зүгээр нэг улс биш, харин үзэл санаа юм. Монголын нутаг дэвсгэр түүхийнхээ явцад дэлхийн ихээхэн хэсгийг хамарч байсан бол өнөөдөр харьцангуй жижиг болсон. Гэхдээ Монголыг “Монгол” болгож байгаа зүйл нь газар нутгийн хэмжээ биш, энд амьдарч буй хүмүүс юм.
Би дэлхийн олон оронд амьдарч, олон хүнтэй уулзаж байсан. Монголд танилцсан хүмүүсийн зарим нь миний амьдралдаа учирсан хамгийн сайхан хүмүүсийн тоонд орно. Найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс, сурагчдаа бүгдийг нь санана. Тэр байтугай надад дургүй хүмүүсийг ч үгүйлэх байх. Учир нь тэдэнтэй ч хамт байх нь надад сайхан байсан.
Ярилцсан А.Ариунжин