
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наядаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувь дансанд нь шилжүүлж өгөх асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай асуудлыг хэлэлцлээ.
Иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох нийтийн өргөдөл санаачилж, улмаар 100.094 иргэний санал авсан тул хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-аар хэлэлцэх боломжтой болсон. Үүний дагуу дээрх өргөдлийг холбогдох Байнгын хороод буюу Эдийн засаг, Өргөдлийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хамтарсан байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонх ажлын хэсэг байгуулах саналыг дэмжлээ. Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 000 төгрөгийг хувь дансанд нь шилжүүлэх асуудлаар хуулийн төсөл санаачлан УИХ-аар хэлэлцүүлэх талаар судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг нар багтжээ.