
Европын Холбоо Гренландад 200 сая евро буюу 232 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Энэ нь тус арлыг АНУ-ын харьяалалд байх ёстой хэмээн үзэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурийн хариуд Гренландтай харилцаа холбоогоо бэхжүүлэхээр ЕХ-ноос хэрэгжүүлж буй кампанит ажлын нэг хэсэг юм.
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен Гренландын нийслэл Нуук хотод хийсэн хоёр өдрийн айлчлалынхаа үеэр хөрөнгө оруулалтын талаар мэдэгдэв. Энэхүү айлчлал нь ЕХ-ны гишүүн Дани улсын өөртөө засах эрхтэй нутаг дэвсгэр болох Гренландад дэмжлэг үзүүлж буйгаа харуулах зорилготой байв.
Хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбар, сэргээгдэх эрчим хүч болон хиймэл дагуулын холбооны системийг хөгжүүлэхэд зарцуулна.
“Энэ нь Гренланд Европын Холбоотой харилцаа холбоогоо бэхжүүлэхийг сонгосон тодорхой сонголтыг илэрхийлж байна” гэж фон дер Ляйен Дани улсын Ерөнхий сайд Метте Фредериксен болон Гренландын тэргүүн Йенс-Фредерик Нильсен нарын хамт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр “Европ ч мөн сонголтоо хийж, маш хүчтэй сонирхолтой байгааг энэ нь харуулж байна. Өөрөөр хэлбэл, Гренланд болон Арктикт илүү өргөн хүрээнд оролцож, илүү идэвхтэй байр суурь баримтлах сонголтыг хийж байна” хэмээн нэмж хэлэв.
Гренландын геополитикийн ач холбогдол нэмэгдэж байна
Сүүлийн жилүүдэд мөсөн бүрхүүл хайлж, далайн шинэ замууд нээгдэхийн зэрэгцээ бүс нутаг дахь нөлөөний төлөөх өрсөлдөөн ширүүссэнээр Гренланд Европын геополитикийн тэргүүлэх чиглэлийн нэг болж байна.
Энэ оны эхээр Трамп Гренландыг эзэмшихийн тулд хүчээр авах аюул заналхийлж, улмаар Атлантын далай дамнасан харилцааг бүхэлд нь хямралд оруулах эрсдэл бий болгосноор уг өрсөлдөөнийг эрс хурцатгасан. Гэвч дараа нь тэр байр сууриа зөөлрүүлсэн юм.
Шинэ хөрөнгө оруулалтаас гадна ЕХ аравдугаар сарын 20-нд Арктикийн асуудлаарх шинэ стратегиа танилцуулахаар бэлтгэж байна.
Уг баримт бичгээр Арктикийн бүсийг ЕХ-ны хувьд “Алс хойд” бүс нутаг хэмээн нэрлэж байсныг өөрчилж, “хойд хөршийн бүс” хэмээн тодорхойлох юм. Энэ нь тус бүс нутгийг Европын төв хэсэгтэй шууд холбоотой стратегийн чухал орон зай болгон дахин тодорхойлох ЕХ-ны оролдлогыг харуулжээ.
Фон дер Ляйений айлчлалын үеэр Европ болон Гренландын нэгдмэл байр суурийг харуулах зорилготой хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулав.
Тэрбээр Фредериксен, Нильсен нарын хамт Нуукийн фьордуудаар завиар аялж, түүхэн Коорнок сууринд зочлон, Данийн Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоц болон хиймэл дагуулын газрын станцтай танилцсан байна.
Хөрөнгө оруулалт Гренландын эдийн засагт мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ
ЕХ-ны хөрөнгө оруулалтын багц нь Гренландын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7-8 хувьтай тэнцэх бөгөөд орон нутгийн эдийн засагт мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна гэж Гренландын Бизнесийн холбооны ерөнхийлөгч Кристиан Келдсен сэтгүүлчдэд ярьжээ.
Тэрбээр Трампын Гренландыг эзэмших тухай мэдэгдэл “таатай хүлээж авах зүйл биш” боловч “зарим боломжийг бий болгож байна” гэж хэлсэн байна.
Үнэхээр ч Гренландын асуудлаарх дипломат өрсөлдөөн идэвхжсэнээр тус аралтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг эрмэлзэж буй Европын орнуудын сонирхол эрс нэмэгджээ.
Үүний зэрэгцээ дэлхийн стратегийн ач холбогдол бүхий түүхий эдийн зах зээлд Хятадын давамгай байр суурь эзэлж байгаа нь Гренландын ашигт малтмалын нөөцийг хөгжүүлэх сонирхлыг мөн нэмэгдүүллээ.
Өнгөрсөн онд Дани улс Гренландад зориулан 250 сая ам.долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын багцыг танилцуулсан. Харин ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисс тус нутаг дэвсгэрт үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг долоон жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдүүлж, 530 сая еврогоос давуулах санал гаргаад байна.
Канад, Франц, Норвеги улс мөн Нуук хотод консулын газраа нээсэн нь Гренландын төлөөх дипломат өрсөлдөөн улам нэмэгдэж байгааг харуулж байна.
АНУ Гренланд, Данитай нууц хэлэлцээ хийсээр байна
Үүний зэрэгцээ АНУ Гренланд болон Данитай нууцлаг байдлаар хэлэлцээ хийсээр байгаа аж. Энэ нь Гренландын нутаг дэвсгэрийг АНУ хяналтдаа авах ёстой гэсэн Трампын шаардлагатай холбоотой.
Европын Холбоо Гренландтай харилцаагаа бэхжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа ч саяхан Арктикийн өөр нэг улсаас татгалзсан хариу авчээ.
Исланд улс наймдугаар сард Европын Холбоонд элсэх асуудлаарх хэлэлцээг дахин эхлүүлэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Энэ нь шинэ гишүүн орнуудыг хүлээн авах чадвартай гэдгээ харуулахыг зорьж буй Европын Холбооны хүчин чармайтад цохилт болсон юм.