
Өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодож, зүй бус авирлан, тус үйлдлээ олон нийтийн сүлжээнд дэлгэсэн нь олны анхааралд оров. Хүүхдүүд нэгнээ элдэвлэж, эрүүл мэнд, сэтгэл зүй, амь нас, амьдралын чанар, ирээдүйд нь сүүдэр тусгасан анхны тохиолдол ч энэ биш. Өмнө нь энэ төрлийн цөөнгүй гэмт хэрэг илчлэгдэж, нийгэмд шуугиан тарьж байсан бөгөөд илчлэгдээгүй энэ төрлийн үйлдэл өдөр бүхэн нүд, чихнээс далд үйлдэгдсээр байгаа. Үе тэнгийн дээрэлхэлт гэх асуудал өмнө нь аниргүйгээр тахал мэт тархаж байсан бол одоо чимээ нь чинээнд тулж, бүх нийтийн зовлон болж хувирсны тод илрэл энэ.
Монгол Улсад үе тэнгийн дээрэлхэлт нэн элбэг гэдгийг олон улсын байгууллагууд ч онцолдог. Тодруулбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын гишүүн улс орнуудыг харьцуулахад манайд үе тэнгийнхэн дээрэлхэлт нэн өндөр түвшинд байгааг “PISA” үнэлгээнд онцолжээ. БНХАУ, БНСУ, Тайланд зэрэг хэд, хэдэн орноос хоёр дахин их, Камбож, Казахстан зэрэг оронтой ойролцоо түвшинд хүрсэн байна. Монгол сурагчдын 22 хувь нь сургууль руу явах замдаа аюулгүй байдлыг мэдэрдэггүй гэдгээ илэрхийлсэн бол 12 хувь нь ангидаа, 24 хувь нь сургуулийн бусад газарт аюулгүй байдлаа хангуулж чаддаггүй тухайгаа мэдээлжээ. Эдгээр нь цөм ЭЗХАХБ-ын гишүүн улс орнуудын дунджаас өндөр үзүүлэлт юм. Өөр нэг сонирхолтой өнцөг нь, дээрэлхэлт хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж, сурлагын чанарт асар сөрөг нөлөө үзүүлж байгааг дээрх үнэлгээгээр тогтоосон байна. Дээрэлхэлтэд тогтмол өртдөггүй гэх хариулт өгсөн сурагчдын амьдрал дахь сэтгэл ханамжийн үзүүлэлт тогтмол дээрэлхүүлдэг гэж хариулсан сурагчдынхаас 0.8 оноогоор илүү байжээ. Мөн үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх байдлын индекс нэг нэгжээр өсөхөд математикийн сорилын гүйцэтгэл 2.9 оноогоор буурч байгаа нь ажиглагдсан байна. Эндээс дээрэлхэлт нэг үеийн хүүхдүүдийн сурлага, хүмүүжил, сэтгэл зүй гээд бүхий л зан үйлд сүүдэр “тусгадаг” болохыг харж болохоор байна.

Дээрэлхэлт дэлгэрч, өсвөр насныхан бие биеэ хэмлэж, тарчлаах болсон талаарх тоо, баримтыг цагдаагийн байгууллага, ХЭҮК, Боловсролын яам зэрэг холбогдох байгууллагууд ч мэдээлдэг. Тухайлбал, "Аюулгүй сургууль" аргачлалын үнэлгээний тайланд дурдсанаар сурагчдын 79 хувь нь "Бид дээрэлхэлт дунд байна" гэсэн хариулт өгсөн байна. Тэдний 33 хувь нь "Сургууль дээрэлхэлтээс хамгаалдаггүй" гэж хариулсан байна.
Саяхныг хүртэл үе тэнгийн дээрэлхэлттэй гоё нэр, чамин уриатай төрөл бүрийн нөлөөллийн аян, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах замаар л тэмцсэн. Энэ ажил төсвөөс ч шаггүй мөнгө урсгасан. Гэвч үр дүн нэн чамлалттай. Үе тэнгийн дээрэлхэлт хүрээнээсээ хальж, өсвөр насныхан томчуудыг нь тохуурхаж, дээрэлхэх хэмжээнд хүрсэн нь гашуун ч үнэн. Муу үг, муухай авираад гадуурхдаг байсан нь хурцдаж, амь нас, эрүүл мэндэд нь занал хийлэх боллоо. Энэ бол өнгөрсөн хугацаанд бид үе тэнгийн дээрэлхэлттэй үр дүнгүй тэмцэж, энэ чиглэлд урсгасан мөнгө үргүй зардал болсон гэдгийн маш том нотолгоо.
Үе тэнгийн дээрэлхэлт даамжирч, өсвөр насныхан гэмт хэрэг үйлдэх болсонтой холбоотойгоор хүүхэд дээрэлхсэн хүүхдийг сургуулиас нь хөөж, их, дээд сургуульд элсэн суралцах боломжийг нь боомилж, ажлын байранд гарч, гадаад, дотоод явах эрхийг нь хязгаарлах асуудал сөхөгдөж эхлэв. Бүр нэр бүхий УИХ-ын гишүүн ийм санаачилга гаргаж, хүүхдийн ирээдүйг “хөөдөх” агуулга төрийн түвшинд яригдаж эхэллээ.
Хүүхэд нийгмийнхээ, томчуудын толь. Тиймдээ ч гаднын улс орнуудад хүүхдүүдийг хамарсан элдэв асуудал гармагц насан хүрэгчид рүү чиглэсэн бодлого хэрэгжүүлж, эцэг, эх, сургуулийн орчин, дүүрэг, хороод хамтарч ажилладаг. Хууль, дүрэм, журмаа ч эргэж харж, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийг зөв залж чиглүүлэх үйл хэрэгт бүх нийтээрээ оролцдог. Харин манайд шийтгэх механизм хэрэгжүүлэхийг санаархаж байна. Суурь асуудлыг шийдэхгүйгээр шийтгээд үр дүнд хүрэхгүй. Харин ч боловсрол мэдлэггүй, ажил, ахицгүй, хохирогч сэтгэлгээтэй, гэмт хэрэг үйлдэх эрсдэлтэй иргэд элбэгшинэ. Шийтгэлээр өөр нэг шийдэл яригдаж байгаа нь, 16-гаас доош насныхан нийгмийн сүлжээ хэрэглэхийг хориглох хуулийн төсөл Засгийн газар дээр яригдаж эхэллээ. Байж болох л агуулга. Гэхдээ хүүхдүүдийг дан ганц нийгмийн сүлжээнд орохыг нь хориглоод асуудал углуургаараа шийдэгдэхгүй. Мөн нийгмийн сүлжээний ашиглалтыг тандах, мэдэх боломж ч хязгаарлагдмал юм. Тиймээс асуудал үүссэн үед гал намдаадаг танил тактик энэ удаа ч хэрэгжиж байна.
Дээрэлхэлт дан ганц манай оронд нүүрлээд буй үзэгдэл биш. Дэлхийн ихэнх оронд энэ төрлийн гэмт хэрэг гардаг бөгөөд тоо, тохиолдлыг бууруулсан улс ч олон бий. Тухайлбал, Финланд үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэн үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Тус улс хүүхдүүдийг дээрэлхэгч, хохирогч гэж ангилж, ялгаатай харилцах бус нийт хүүхдийн хандлагыг өөрчлөх тал дээр анхаарч эхэлсэн байна. Мөн ажиглагч хүүхдүүдтэй ажиллаж, дээрэлхэлтийг дэмжихгүй бас тэвчихгүй байхыг сануулан, хамгаалах соёлыг төлөвшүүлжээ. Үүний үр дүнд үе тэнгийн дээрэлхэлтийн тохиолдлыг 50 хүртэлх хувь бууруулж чаджээ.
Харин Японд “Parent-Teacher Association” хөтөлбөр хэрэгжүүлж, дээрэлхэлтийг хумисан байна. Тус хөтөлбөрийн гол зорилго нь сургуулийн орчныг сайжруулах, эцэг эхийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг хүүхдэд суулгах, дадуулах аж. Үүнийхээ хүрээнд эцэг, эх, багш нарын хамтын байгууллага бий болгож, хамтран шийдвэр гаргаж, санал солилцдог байна.
Энэ мэтээр дэлхийн улс орнууд эх орныхоо ирээдүй, залгамж болсон хүүхэд, залуусыг зөв зүгт залж, чиглүүлж байна. Гэтэл бид асуудлыг өөрсдөөсөө алсруулж, “Одоогийн хүүхдүүд нэг л биш” гэж улиглаж, халаглахаас гавихгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Үр дүнд нь илүү хахир, илүү харгис ирээдүйг бүтээсээр, үлдээсээр. Дахин хэлье. Хүүхэд нийгмийнхээ, эцэг, эх, сургууль, хүрээллийнхээ толь.