
“Монгол Улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль: Боломж, Сорилт, Хэрэгжилт” сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр болж, анхдагч хуулийн төслийн үзэл баримтлал, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах бодлого, карбон зах зээлийн зохицуулалтын асуудлыг талууд хэлэлцлээ.
Уг хууль батлагдсанаар олон улсын ногоон санхүүжилт татах, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг бууруулах, хүлэмжийн хийн ялгарлыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог эрх зүйн хүрээнд бүрдүүлэх ач холбогдолтойг оролцогчид онцолсон юм.
Монгол Улс дахь Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн (ҮТХН/NDC) түншлэлийн зохицуулагч Э.Тамир хэлэхдээ, Монгол Улс карбон зах зээлд үр дүнтэй оролцохын тулд хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (MRV) тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.
Тэрээр" Монгол Улсад
бууруулсан нэг тонн хүлэмжийн хийн ялгарлыг зөвхөн бодитой, хэмжигдсэн,
баталгаажсан тохиолдолд олон улсад хүлээн зөвшөөрнө. Иймээс хэмжилт, тайлагналт,
баталгаажуулалтын буюу measurement, reporting, verification (MRV) тогтолцоо нь
карбон зах зээлд оролцоход зайлшгүй байх ёстой үндсэн шаардлага юм. Нэг үгээр MRV болон бүртгэлийн тогтолцоо нь Монгол Улсын уур амьсгалын бодлого, карбон зах зээл, ногоон санхүүжилтийн суурь болох юм. Өнөөг хүртэл хяналт, шинжилгээ, тайлагналын тогтолцоо нь төсөл тус бүр, санхүүжүүлэгч байгууллага бүрээрээ салангид хэрэгжиж ирсэн. Харин хуулийн төсөл эдгээрийг нэгтгэн хүлэмжийн хийн ялгарлын үндэсний нэгдсэн тооллогын тогтолцоог бий болгохоор тусгасан" гэв.