
Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг нь 1962 оны энэ өдөр төржээ. Монголчууд гуч гаруй жилийн өмнө ардчилал, эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн. Түүнийг манлайлан оролцсон эл эрхмийн тухай өгүүлэх онцлох таван номыг танилцуулж байна.
МОНГОЛЫН СЭРЭЭСЭН АРДЧИЛЛЫН САЛХИ
Уг номоос ардчилсан өөрчлөлтийн өмнөх монгол орны ахуй амьдрал, хүмүүсийн хандлага, ертөнцөөс таслагдсан байдлыг японы сэтгүүлч Кудо Миёко хэрхэн гадны хүний нүдээр гярхай ажиглан бичсэнийг уншиж болно. Гэхдээ зөвхөн ардчилал, түүнийг тойрсон үйл явдлаас гадна С.Зоригийн тухай олон зүйл нуршихгүй, элдэв чамин дүрслэлгүй яг таг буулгана.
Бичиж буй үйлд явдлын хэлхээнээс огт гажихгүй, дээр нь нэмээд тухайн үеийн Улаанбаатар, цаг агаар, хүмүүсийн дүр төрх, зан ааш зэргийг ганц нэг өгүүлбэрээр часхийтэл дүрслээд орхичихно. Уламжлалт заншил, баяр наадмын тухай дундуур нь цухасхан дурдахдаа юуг чухалчлан өгүүлж байгаагаа ягштал баримтлах бөгөөд төөрөхгүй. Аливаа зочинтой ярилцсаны хойно ганцаар суугаад бодно, өөртөө асуулт тавина. Түүндээ эргэлзэж байгаа мэт үзэл бодлоо бичээд орхивч нэгэнт хариултаа олчихсон байна. Уг номыг онцлогыг товчхон дүгнэхэд ийм.
Монгол хүн цуврал | С.ЗОРИГ
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакцаас монголын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан сод хүмүүсийн тухай намтарчилсан зурагт номыг цувралаар гаргаж байгаа билээ. “Монгол хүн” цувралын ээлжит бүтээлд ард түмэн “Ардчиллын алтан хараацай” хэмээн хүндлэн хайрладаг улстөрч С.Зориг агсан, түүний хүсэл мөрөөдөл, тэмцэл үйл хэргийн тухай өгүүлжээ.
Ардчилал, эрх чөлөө гэж юу вэ? Хүмүүс яагаад түүнийг олж авахын төлөө тэмцдэг юм бол? Энэ бүхнийг хүүхдэд ойлгомжтой хэл найруулга болоод зургаар илэрхийлсэн байна. Бид гадаадын сод хүмүүсийн бүтээл туурвил, тэдний гавьяаг шимтэн дуулах номуудыг уншиж, амьдралдаа жишээлэн авч, намтар, эрдэм боловсрол, амьдралын туршлагаас нь суралцахыг эрмэлздэг. Тэгвэл монголчууд бид ч өөрсдийн гэсэн сод хүмүүстэй. Тэдний нөр их хөдөлмөр, соён гэгээрлийн ажил, авьяас билгийг ирээдүйн хүүхэд залуустаа үнэн зөвөөр нь танин мэдүүлэхэд энэхүү цувралын үнэ цэн оршиж буй юм.
МАНАН БУУСАН МОНГОЛЫН ЗОЛИОС
Монгол ардчилал шинэчлэлийн урдирдагч С.Зориг гэж хэн байсан бэ, түүний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг, энэ хэргийн хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шүүн таслах ажиллагааны эргэлзээтэй байдал, энэ хэргийн шийдвэрлэлтэд хөндлөнгөөс нөлөөлсөн нөлөө зэрэг олон асуудлыг бодит баримтад үндэслэн гаргаж тавьжээ.
Мөн Монголын улс төр, нийгэм эдийн засгийг хүнд байдалд оруулж буй “МАНАН” бүлэглэлийн ажиллагааны тухай сонирхолтой баримтуудыг ил гаргаж, уг номд хавсарган өгүүлсэн нь бий.
С.Зориг ээж, ах, дүүгийн хамтХЭВЛЭЛИЙН ХУУДАСНААС 27 ЖИЛ САЛААГҮЙ СЭДЭВ: С.ЗОРИГИЙН ХЭРЭГ
“Зууны мэдээ” сонины нийтлэлүүдийн эмхэтгэл болох энэхүү ном нь 1998-2005 оныг хүртэлх хугацаанд С.Зоригийн хэргийн тухай хэвлэлийн хуудаснаа баримт болон үлдсэн бүх мэдээллийг багтаажээ. УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг нь Монголын ардчиллын түүхэнд, Монголын нийгэмд олон жилийн туршид хариу нэхсэн сэдвийн нэг хэвээр байсаар ирсэн.
Энэ хэрэгтэй холбоотойгоор “Зууны мэдээ” сонин нь 1998 оноос хойш олон арван нийтлэл, сурвалжилга, баримтат материалуудыг цаг тухай бүрд нь нийтэлж байв.27 жилийн сонины хуудсыг эргүүлэн энэ бүхнийг хүн болгон үзэж судлах унших боломж байхгүй. Тиймээс нэгтгэн архивлах, нэг талаасаа судалгааны зориулалтаар ашиглагдахуйц, нөгөө талаасаа уншиж сонирхох гэсэн хэн бүхэнд хүртээмжтэй хэлбэрт оруулахыг зорьж ном болгосон нь энэ. Ингэснээр түүхэн үнэнийг эрэлхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний үнэ цэн, дараа дараа үеийнхэнд өмнө болсон явдлын талаар үзэж судлах эх сурвалж болох зэрэг ач холбогдолтой.
ҮЛДЭХ ЗОРИГ (баримтат кино)
С.Зоригийн амьдрал, үзэл санааг өгүүлэх “Үлдэх зориг” баримтат киноны нээлт өнөөдөр “The Corporate Hotel and Convention Centre”-т болно. Тус бүтээлийг сэтгүүлч Б.Оюунчимэг найруулсан бөгөөд С.Зориг агсны хувь хүний мөн чанар, үзэл бодол, амьдралын замнал, дурсамжийг баримтат хэлбэрээр харуулснаараа онцлог юм.
Кинонд өмнө нь нийтэд дэлгэгдээгүй ярилцлага, дурсамжуудыг багтаасан бөгөөд залуу үед түүнийг илүү ойроос танин мэдэх боломжийг олгож буй юм. “Үлдэх зориг” баримтат кино нь Монголын ардчиллын түүхэн үйл явц, тухайн үеийн нийгмийн уур амьсгалыг хүний хувь заяатай холбон харуулахыг зорьжээ.