“Warner Brothers Discovery” болон “Paramount Skydance” компанийн хувьцааны үнэ огцом өсжээ. Үүний шалтгаан нь “Paramount Skydance” өрсөлдөгч студийг бүхэлд нь худалдан авах санал бэлтгэж байгаа тухай мэдээлэл цацагдсан явдал байв.

Худалдан авах боломжит хэлэлцээр нь “CNN”, “HBO” суваг болон “Barbie”, “Harry Potter” зэрэг алдарт бүтээлүүдийн ард байгаа кино студийг эзэмшдэг “Warner Brothers Discovery”-г бүхэлд нь хамрах аж.

Энэхүү хэлцэл нь АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарын цаашдын нэгтгэл, өөрчлөлтийн дараагийн алхам болох төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд стриминг үйлчилгээний өсөлт салбарыг эрс шинэчилж байгаа бөгөөд одоо тус салбар Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны анхаарлын төвд оржээ.

Харин “Warner Brothers Discovery” уг мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан бол “Paramount Skydance” ч мөн адил сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.

"Paramount Skydance" компанийг "Oracle"-ийн үүсгэн байгуулагч Ларри Эллисоны хүү Дэвид Эллисон удирдаж байгаа билээ. Дэвид Эллисон өөрийн бие даасан кино студи “Skydance”-ийг ашиглан “Paramount”-ыг худалдан авсан бөгөөд “Paramount” нь “CBS телевиз” болон “Yellowstone” зэрэг алдарт бүтээлүүдийг эзэмшдэг.

Мөн Эллисон сэтгүүлч Бари Вайсийн хамтран байгуулсан “The Free Press” дижитал хэвлэлийг худалдаж авах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт “Warner Brothers Discovery”-ийн хувьцаа 29%-иар, “Paramount Skydance”-ийн хувьцаа 16%-иар өсжээ.

Дэвид Эллисон ойролцоогоор 20 жилийн өмнө Өмнөд Калифорнийн их сургуулиас гарч, кино бизнесэд орсон бөгөөд улмаар “Top Gun: Maverick”, “World War Z” зэрэг томоохон бүтээлүүдийн продюсерээр ажиллаж, Холливудын нэр хүндтэй хүмүүсийн нэг болсон юм.

Түүний эцэг Ларри Эллисон Трампын ойрын холбоотон бөгөөд энэ долоо хоногт “Bloomberg”-ийн тэрбумтнуудын жагсаалтаар хөрөнгө нь 380 тэрбум ам.долларт хүрсэн гэж тооцогдсон. Трамп энэ оны эхэнд түүнийг “TikTok”-ийг худалдан авах магадлалтай нэр дэвшигчдийн нэг хэмээсэн байдаг.