Улаанбурхан өвчний анхны зөөвөрлөгдсөн тохиолдол өнгөрсөн хоёрдугаар сарын 20-нд лабораториор батлагдсан билээ. Энэ өдрөөс хойш 144 хоног өнгөрчээ. Таван сар хүрэхгүй хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 11429-д (2025.07.04) хүрээд байна.
Үүнээс, Эмчлэгдэж буй хүмүүс
· Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй–554 хүн
· Хөнгөн–69
· Дунд–446
· Хүнд–37
· Нэн хүнд–2 гэсэн нөхцөл байдалтай байна.
Эдгэрсэн 10.076, гэрээр эмчлүүлж буй 792, нас барсан долоо, хавьтал болсон нийт 89.855 хүн байна. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 4591-д хүрсэн байна. Мөн 0-4 насны 2336, 5-9 насны 1464 хүүхэд улаанбурхнаар өвджээ.
Сүүлийн 12 хоногт 2781 тохиолдол бүртгэгдээд байна
Өнгөрсөн зургаадугаар сарын 22-нд 8648 тохиолдол бүртгэгдээд байлаа. Гэтэл өнөөдрийн (07.04) байдлаар халдварын тохиолдол 11 мянгыг давжээ. Илүү тодорхой хэлбэл сүүлийн 12 хоногт 2781 тохиолдол нэмж бүртгэгдээд байна гэсэн үг. Багахан хүн амтай нэг сумтай дүйцэхүйц хэмжээнд улаанбурхан халдварын тохиолдол хүрээд байна.
Энэ зөвхөн хэдэн тоо мэт уншигдах боловч эрсдэл маш өндөр төдийгүй аялал зугаалгын улирал гэж бидний тодотгосон наадмын өдрүүдэд нөхцөл байдал хүнд түвшинд хүрч мэдэхээр байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж буй. Өвчний нууц хугацаа урт буюу 10-14 хоног. Батлагдсан 11 мянган тохиолдлын цаана халдвар тээгч 100 мянган байх магадлалтай гэсэн тооцооллыг эрдэмтэд танилцуулсан. Тиймээс есдүгээр сараас өмнө буюу хичээл эхлэхээс өмнө дархлаажуулалтыг эрчимжүүлэх аян улс орон даяар өрнөж, наадмаас өмнө хамрагдалтыг 95 хувьд хүргэх үүргийг холбогдох албаныхан аваад буй. Сүүлийн 12 хоногт 2781 тохиолдол бүртгэгджээ.
Хичээл эхлэхэд улаанбурхан хоёр дахь давалгаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэлтэй
Халдварын голомтыг хумих, дэгдэлтийг таслан зогсоох арга нь вакцин. 2015-2016 оны улаанбурхан өвчний дэгдэлтээр 132 хүн амиа алдсанаас 90.7 хувь нь 0-1 насны хүүхдүүд байсныг бид мартчихсан. Тухайн үед нэмэлт дархлаажуулалтаар дэгдэлтийг таслан зогсоож байсан. Наадмын өдрүүдэд халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцож гаргасан. Халдварын тархалтыг одоо л хязгаарлахгүй бол хичээл эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэлтэй. Тиймээс нөхөн болон нэмэлт дархлаажуулалт эхэлсэн. Товлолт вакцинаа хийлгээгүй хүүхдүүдийг нөхөн хамруулах мөн 10-14 насныхан нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж болно. Учир нь 2015-2016 онд хийсэн улаанбурхны вакцины үйлчлэл тааруу гэж үзсэн учраас энэ насны хүүхдүүдийг нэмэлтээр хамруулж буй юм.
Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл
Энхийн цагт хүүхэд урьдчилан сэргийлж болох өвчнөөр эндэж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ нь нэг талаараа аль, аль талдаа хариуцлага алдсаныг илтгэж байгаа хэрэг. Хүүхдээ хайрлан хамгаалж, эрүүл саруул өсгөх үүрэг эцэг,эх,асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд бий. Гэтэл вакцинд итгэх итгэлгүй гэсэн шалтгаанаар хүүхдээ үхэл рүү түлхэх нь таагүй. Ковидоос хойш вакцинжуулалтад үл итгэх, худал мэдээлэл тараах болсон нь вакцинжуулалтад сөргөөр нөлөөлж, энэ нь өвчлөлийг нэмэгдүүлж байна. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Гэтэл зориудаар зохион байгуулалттай худал мэдээлэл тарааж буй этгээдүүдийг олж тогтоох, хариуцлага тооцох ажиллагааг ЦЕГ, ТЕГ хариуцан явуулж эхлээд байна.
Улаанбурхан өвчний эсрэг вакциныг 1973 оноос хэрэглэж ирсэн
ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү- УУ-лаан бурханы вакциныг 1973 оноос эхлэн Монгол Улсад толгой дараалан хийж эхэлсэн. Харин вакцин эсэргүүцэгчид бүгд энэ вакциныг тариулсан ба үүний ачаар тухайн үедээ өвдөөгүй, бас өнөөдөр амьд яваа нь ч холбоотой байх.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: -1973 оноос хойш хэрэглэж буй вакцин учраас аюулгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье.
Анагаах ухааны доктор Ч.Гансүх:-Вакцин хийлгээгүй байхдаа улаанбурхан өвчин туссан хүмүүсийн 90 хувьд иммун амнези буюу дархлааны ой санамжгүй болж байна гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл улаанбурхан өвчнийг тусах хүртлээ тухайн хүн насан туршдаа ханиад томуугаар өвдөөд дархлаа тогтоод явж байсан гэсэн үг. Гэтэл хүний биеийг өвчнөөс хамгаалдаг тэр дархлаа улаанбурхан өвчин туссаны дараа байхгүй болдог.
Та эрсдлээс сэргийлж, хүүхдээ хамгаалмаар байна уу. Тэгвэл хүүхдээ товлолт вакцинд хамрагдсан эсэхийг яг одоо шалгаарай. Хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамруулж үүргээ гүйцэтгээрэй. Вакцин бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Таны, миний, бидний эрүүл мэндийг аюулт өвчнөөс хамгаалах, тухайн халдварт өвчнөөр өвдсөн тохиолдолд хөнгөн тусах магадлалыг бий болгодог цор ганц зүйл юм.
Б.Амарбаян