
Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна.
Нөмрөгийн дархан цаазат газрын 80 хувь түймэрт өртөв
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт энэ сарын 8-нд гарсан түймрийг найм хоногийн дараа унтраав. Дархан цаазат газрын 80 хувийг галдсан хээрийн түймрийн шалтгаан нь Халхголын хилийн заставыг 4G сүлжээнд холбож, Сүмбэр хилийн боомтод шилэн кабель нэвтрүүлсэн ажлаа хүлээлгэн өгөхөөр явж байсан Мобиком компанийнхан тээврийн хэрэгслээс гал алдсан гэдэг нь тодорхой болоод буй.
Тэгвэл Нөмрөгийн дархан цаазат газарт гал алдсан хүмүүс тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэх зөвшөөрөл авч, урьдчилан мэдэгдээгүй гэдгийг БОУАӨЯ-наас мэдээлсэн. Харин Хил хамгаалах ерөнхий газар шилэн кабелийн нээлтэд оролцсон хүмүүст холбогдох хуулийг үндэслэн зөвшөөрөл олгосон гэв. Эндээс төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо, хилийн бүс, тусгай хамгаалалттай газарт хэний зөвшөөрлөөр нэвтрэх нь тодорхойгүй байгааг харж болно.
Монгол орны зүүн хязгаар Соёлз уулын орчимд дэлхийд ховор уссурын хандгай, голын халиу, халиун буга, бор гөрөөс, зэгсний гахай, илбэнх, тоодог, гургуул, ховордсон амьтдаас хар мөрний хандгай, дагуур зараа, Евразийн халиу зэрэг амьтад нутаглаж байлаа. 70 төрлийн 487 зүйлийн ургамал ургадаг дархан цаазат тусгай хамгаалалтын бүсийн 7200 км² талбай түймэрт шатаж сүйдэв. Хууль зүйн сайд түймэр алдсан "Мобиком"-ын ажилтнууд болон боомтын захиргааны алба хаагчдад хариуцлага тооцуулж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ хэмээсэн ч байгаль экологийн сүйрлээс эргэн сэргэхэд 100 жил ч багадна.
2026 оны төсвийн тодотголыг баталлаа
Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа. Тодотгол батлагдсанаар ахмадуудын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин арваннэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэнэ.
Төсвийн тодотголд туссан онцлох тооноос дурдвал
Алаагүй баавгайн арьсыг арав хуваахын үлгэр
"Оюутолгой" ХХК-иас авах ногдол ашиг 3 их наяд төгрөгийн сургаар монголчууд хэрхэн яаж зарцуулах талаар санал зөрөлдөв. Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр энэ сарын 28-ны 22 цаг хүртэл авна. Гэвч энэ нь ирээдүйд ирэх мөнгө болохоос өнөөдөр шууд бидэнд ирэх мөнгө биш гэдгийг иргэд нь ч эрх баригчид нь ойлгож байгаа юм алга. Нэг хэсэг нь иргэддээ тараах тухай ярьж, нөгөө хэсэг нь төсөвтөө төвлөрүүлж, үрж зарах тухай ярьж байна. Оюутолгойн хэлэлцээрээр менежментийн төлбөр, зээлийн хүүгийн нөхцөлийг өөрчилж, төслийн хугацаанд гарах зардлыг бууруулан, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Гэхдээ зардал бууруулах тооцоо, ирээдүйд хүртэх өгөөж, улсын төсөвт бодитоор төвлөрөх орлого гурав хоорондоо ялгаатай ойлголт. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын төрийн эзэмшлийн ногдол ашиг бүхлээрээ Хуримтлалын сан руу орох ёстой. Гэвч Засгийн газраас 2027 оны төсвийг дагуулан нэг удаагийн үйлчлэлтэй хуулийн төсөл өргөн барьж, иргэдээс санал авсан нэрийн дор энэхүү мөнгийг үрэн таран хийхээр төлөвлөөд буй. Зүй нь төсөвт тусгахаасаа өмнө иргэдийн саналыг авах ёстой байсан мэт.
Бэлнээр мөнгөө авъя гэсэн иргэдэд тараах гэж буй мөнгө нь яг хаана байна вэ. Сангийн сайд З.Мэндсайханы мэдэгдсэнээр “Засгийн газар авах ёстой гэж үзэж байгаа. Монголын ард түмэн баялгийн өгөөжөө хүртэх ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь Монголын талд оногдох өгөөж 53 хувь байна гэсэн. Үүнийг хангуулахын тулд ажиллаж байгаа. Ногдол ашиг өгөх шийдвэр нь гарсан” гэсэн тодорхойгүй хариулт өгсөн. Тэгэхээр иргэдэд мөнгө өгөх тухай амлалт нь хоосон амлалт төдийгөөс гадна тэртээ холын боломжгүй зүйл.
Оюу толгойн өгөөжийг хэн хүртэх вэ гэдгээс өмнө тэр өгөөж хэзээ, ямар хэмжээгээр бодитоор орж ирэх вэ гэдгээ тодорхой болгохыг шаардах ёстой. Иргэдэд тараах уу, улсын төсөвт төвлөрүүлэх үү гэдэг нь дараагийн асуудал. Эхлээд орлогоо баталгаажуулъя. Дараа нь хуваарилъя. Үгүйдээ ядаж “Онтрэ”-гийн лицензийн маргааныг эцэслэхийг шаардъя.
Электрон тамхинаас янжууртай адилхан татвар авна
Тамхины хяналтын тухай хуульд 13 жилийн дараа өөрчлөлт оруулж электрон тамхинаас янжууртай адилхан татвар авахаар хуульчиллаа. Шинэ зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхэд, залуусын ихээр хэрэглэдэг жимс, гаа зэрэг амт, үнэр оруулагчтай электрон тамхийг хориглохоор тусгасан байна. Электрон тамхины шингэний хэмжээ хоёр миллилитрээс, цэнэглэгч шингэний хэмжээ 10 миллилитрээс их байх, мөн электрон тамхины шингэн дэх никотины агууламж нэг миллилитрт 20 миллиграммаас давахыг хориглох өөрчлөлт оруулжээ.
Тамхины дотор болон гадна хайрцаг, сав баглаа боодол, татах төхөөрөмж, эд анги, дагалдах хэрэгслийн нүүрэн талын гадаргуугийн 70-аас доошгүй хувийг эрүүл мэндийн зурагт анхааруулга эзлэхээр заасан байна.
Одоогийн хуульд цэцэрлэг, сургууль, дотуур байр, эмнэлэг, сувилал, орон сууцны нийтийн эзэмшлийн зарим хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газарт утаат тамхи татахыг хориглодог. Шинэ зохицуулалтаар хоригийг өргөжүүлж, эмнэлэг, сувиллын гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэн, спортын байгууламжид тамхи татахыг хориглох жагсаалтад хамруулжээ.
Хуульд өөрчлөлт оруулсанаар 2030 он гэхэд тамхидалтыг 13 хувиар бууруулна гэж үзэж байна.
Хүүхдүүдийн дунд шүд, нүдний өвчлөл түгээмэл байна
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явц улсын хэмжээнд 40.4 хувьд хүрлээ. Насны бүлгээр 3 настай хүүхдийн хамрагдалт 46 хувь, 6 настай хүүхдийнх 45 хувь, 11 настай хүүхдийнх 40 хувь, 15 настай хүүхдийнх 30 хувьтай байна.
Явцын мэдээллээс харахад суралцагчдын дунд шүд, нүдний өвчлөл бусад өвчлөлтэй харьцуулахад түгээмэл байна. Мөн жингийн илүүдэл, бэлгийн бойжилтод ч анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь харагджээ.