
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар улаанбурхан өвчний шинээр батлагдсан тохиолдол 16 - гаар нэмэгджээ.
Өдгөө эмнэлэгт 38 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, ХӨСҮТ-д 27 хүн, хөдөө орон нутагт 11 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 13 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5182 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3301, 5-9 насны 1806 хүүхэд, 15-19 насны 1747 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс сэргийлэхийг уриалав.