
1978 оны зун өмнөд Сибирийн гүн тайгаар бэдэрч явсан геологичид очир эрдэнээс ч ховор зүйл олсон нь дөрвөн арваны турш иргэншлээс ангид аж төрж ахуй нэгэн халуун бүл байв.
Баруун Саяны нурууны эгц цавчим хавцлын дундах ойд нисдэг тэргээ газардуулах чөлөө саравчилж явахдаа тэд ногооны талбай олж харжээ. Нисдэг тэрэг доошлох тусам хүний мөр хүрээгүй алс бөглүүд гэж боддог газарт нь яах аргагүй суурин амьдралыг илтгэх модон байшин үзэгдэх нь тэр. 10 милийн зайд газардсан дөрвөн геологич багахан хүнс зэхэн буу мөрлөсөөр нууцлаг сууцанд хүрч очиход түмэн нөхөөстэй тааран хувцас хэдэрсэн цонхигор өвгөн угтав. Энэ бол өрхийн тэргүүн Карп Осипович Лыков. Жижигхэн, харанхуй байшинд Карпын насанд хүрсэн охид болох Наталья, Агафия нар айсандаа бурханд залбиран уйлах нь сонсогдоно.
Дөрвөн милийн зайд, голын эрэг дээр Карпын хөвгүүд загас шүүрдэнэ. Эртний слав аялгаар ярих өвгөнтэй хэдэн үг сольсны дараа нууцлаг бүл хэдэн арван жилийн турш гаднын хүмүүстэй харьцаж байгаагүй нь тодорхой болов. Лыковынхон Үнэн алдартны шашны нэгэн урсгал болох хуучин итгэгчид байсан бөгөөд Зөвлөлт засгийн талхинаас эмээсэн өвгөн Карп 1934 онд эхнэр хүүхдээ дагуулан гүн тайгад даяанчилсан аж.

Лыковынхны даяанчлалыг ойлгохын тулд XVII зуун руу буцах хэрэгтэй. Тухайн цагт Оросын Үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Никон шашны зан үйлийг “засварлах” шийдвэр гаргав. Есүсийн нэрийн бичлэг, хуруугаар загалмайлах дараалал хүртэл өөрчлөгдлөө. Орчин үед энэ нь өчүүхэн ялгаа мэт сонсогдох байх. Гэвч чин сүсэгтнүүдийн хувьд үсэг бүр бурхны махан биетэй адил ариунд тооцогдож байсан цаг. Удалгүй сүм хийдийн зүгээс шинэчлэлийг эсэргүүцсэн хүмүүсийг Хуучин итгэгчид хэмээн нэрийдэж хавчин гадуурхаж эхлэхэд нутаг заагдан цөлөгдөхөд хүрсэн хуучин итгэгчид мөргөлийн сүмдээ өөрсдийгөө шатаасан гашуун түүх ч бий. Сибирийн хаа нэгтээ антихрист хүрч чаддаггүй ариун нутаг бий гэсэн домогт итгэдэг хуучин итгэгчдийн зарим нь тайгын гүн рүү шургалаа. Ийнхүү Петр I хааны үеэс эхэлсэн шашны хагарал зөрчлийг залруулах оролдлого амжилт олохгүй байсаар 1905 онд Николай II хаан цөөнхийн шашны бүх хавчлагыг зогсоох хуульд гарын үсэг зуржээ. Энэ нь хуучин итгэгчдийн хувьд шашны эрх чөлөөгөө эдлэх зурвас үе байсан ч большевикууд хаант засгийг түлхэн унагааж шашингүй үзэлт төрийн бодлого тунхагласнаар тэдний олонх нь алс ойн гүнд бүрмөсөн үлдсэн юм. Харин Лыков овогтынхон 1920-иод он хүртэл Алтайн хязгаарын алслагдсан бүс нутагт орших хуучин итгэгчдийн тосгондоо амар тайван амьдарч байжээ. Өмнөд Сибирийн уулархаг бүс нутаг Хятад, Монголтой хиллэдэг тул большевикуудын гар хүртлээ удсан хэрэг. Нүгэлт соёл иргэншилтэй холбоо барихаас зайлсхийдэг тул багахан аж ахуйгаас олдог амьтны арьс үс, загас жимс тэргүүтнээ давс, төмрөөр солихын тулд л зуучлагчдаар дамжуулан худалдаа хийнэ. Зөвлөлт засаг 1932 онд Алтайн хязгаарыг байгалийн нөөц газраар тогтоож ан агнуур, загасчлалыг хууль бус гэж үзэх болов. Хуучин итгэгчдэд нөөц газарт ажил санал болгоод хэрэв хөдөлмөр эрхлэхээс татгалзвал шууд явахыг зааварлажээ. Сталины нийгэмчлэх туршилт, хэлмэгдүүлэлт, шашны эсрэг кампанит ажил эрчимжиж эхлэхтэй зэрэгцээд Карп Лыков эхнэр Акулина болон хүүхдүүдээ дагуулан өөр дөрвөн бүлийн хамт тайгын гүн рүү бүрмөсөн оржээ. Дэлхийн II дайны үеэр ой руу зугтсан хуучин итгэгчдийг хоморголон баривчилж фронт руу илгээж байсан гэдэг ч Лыковын гэр бүлийг хэзээ ч олоогүй юм.
Геологичид ирэхээс өмнө 1958 онд голоор завьтай хөвж явсан жуулчид Лыковын гэр бүл эрэг дээр загасчилж явааг ганцхан удаа харжээ.
Библид даяанчид цөлөөс ариун чанараа олж авдаг тухай өгүүлдэг шиг Оросын хуучин итгэгчид дэлхийн төгсгөл ирж тэнгэрийн хаанчлал ирэх хүртэл ойн гүнд ариусах бошготой.
Лыковын гэр бүлийг геологичид илрүүлэх үед тэд дэлхийн II дайн дэгдэж, дараа нь аж үйлдвэр хөгжсөн тухайд ямар ч төсөөлөлгүйн дээр хэдэн зууны өмнөх шашны шинэчлэгч Патриарх Никон болон Их Петр хаанд уурласан хэвээр байжээ. Нарны туяа хийгээд хааяа асаах бамбараас өөр гэрэлгүй ч Акулина хүүхдүүддээ хуучин славян хэлээр уншиж, бичихийг сурган библид чин сүжигтэй болгосон байна. Буудайн гурил амсаж үзээгүй өссөн Лыковын хүүхдүүдэд геологичид анх талх, чанамал өгөхөд “бидэнд хориотой” гээд огт гар хүрээгүй гэдэг.
Гэвч тайга тэднийг ариусгахаас илүү эгнэгт залгих нь байгалийн хууль аж. 1961 оны хүйтэн жаварт ургац нь бүрэн сүйрч Лыковынхон хойтон тарих хөх тарианы үрээ хүртэл идэхэд хүрэв. Өвсний үндэс, мөөг, модны холтсоор амь торгоосоор эх Акулина өлбөрч нас баржээ. Цаг хугацаа өнгөрөхөд Лыковынхан хөдөө аж ахуйн амьдралаас шинэ чулуун зэвсгийн үеийн анчин цуглуулагчдын аж төрөл рүү шилжин тайга тэдний илчлэгийн эх үүсвэр болж байв. Хусны шүүс ууж, халгай, зэрлэг сонгино, мөөг, жимс, загасаар хооллох ч маш азтай үедээ л хавхаар амьтан барьж чаддаг байсан тухай бага охин Агафия хожим дурссан юм.
Жадаар буга намнан, цурхай загас ч шүүрдэн бүр баавгайтай хүртэл “найзалснаа” хуучилдаг Дмитрий Лыков гэр бүлийнхээ ганц анчин нь. Хөр цаснаар хөл нүцгэн алхаж, өвлийн ойд тааран хувцастайгаа унтчихаж дөнгөдөг байсан хүү геологичдын айлчлалаас хойш гуравхан жилийн дараа 1981 онд уушгины хатгалгаагаар нас нөгчив. Араас нь том хүү Савин, ууган охин Наталья ч бие барлаа. Тэднийг гаднын хүмүүсээс вирусийн халдвар авсан гэж үздэг. Хоёулхнаа үлдсэн Карп Осипович охиноо тосгон руу нагац эгч нар руу нь явуулсан ч Агафия хэдхэн долоо хоноод тайга руугаа буцан, эцгээ нас барсны дараа ч тэндээ үлдэн өдгөө ганцаар аж төрсөөр буй.

Лыковын гэр бүлийг алдаршуулсан хүн бол сэтгүүлч Василий Песков. 1982 онд хэвлэгдсэн Лыковын гэр бүлийн тухай анхны нийтлэлийн дараа сэтгүүлч Карп, Агафия нарын талаар илүү их мэдээлэл авахыг хүссэн мөнгөтэй дугтуйнд дарагджээ. 1992 онд тэдний тухай ном хэвлэгдэх хүртэл Песков жилдээ хоёр удаа тайгын бяцхан байшинд зочилдог байв. Цаг үеэ дагаад Лыковынхан ч хатуу дэг жаягаа зөөлрүүлж Орос даяарх шүтэн бишрэгчдийнхээ явуулсан эд зүйлсийг цааргалалгүй авдаг болжээ. Засгийн газраас Агафияг өвдсөн тохиолдолд нисдэг тэрэг дуудахад ашиглаарай хэмээн SOS товчлуур өгсөн ч энэ эрхээ урвуулан ашиглаж эхэлсэн тул хэн нэгэн түүнд аврах ажиллагаанд хэр их зардал гардгийг тайлбарлах шаардлага үүсэв.
Өнгөрсөн сард 81 нас хүрсэн Агафья Лыкова Оросын цахим сүлжээнд хамгийн алдартай хүн. Тайгын сүүлчийн даяанч интернэт гэж юу болохыг ойлгодоггүй байж мэдэх ч YouTube дээр түүний тухай бичлэгүүд сая сая хандалттай. Эмгэн 2021 онд Оросын олигарх, хөнгөн цагааны үйлдвэрийн эзэн Олег Дерипаскагийн бариулж өгсөн байшиндаа Москвагаас ирсэн хуучин итгэгч, өөрийн үйлчлэлээр дамжуулан сүнслэг “гавьяа” байгуулж буй дагалдагчийн хамтаар аж төрж байна. Хуучин даяанчдаас ялгаатай нь Агафия болон түүний хамтрагч сансрын хиймэл дагуулын утастай, албан ёсны мэдээллийг нь хариуцах тусгай төлөөлөгчтэй болсон. Саяхан мужийн захирагч Агафиягийн аж ахуйд туслах, ялангуяа нисдэг тэргээр хүнсний бүтээгдэхүүн хүргэх нь улсад сая сая рублийн зардал учруулдгийн зэрэгцээ үндэсний дархан цаазат газарт амьдрах нь хууль бус хэмээн Засгийн газарт гомдол гаргажээ. Гэвч XVII зууны өвийг тээж үлдсэн Агафияг хажиглах бодол Кремлийн удирдагчдад одоохондоо алга.