
АНУ-ын кино театр эзэмшигчдийн холбооноос Лас-Вегас хотноо зохион байгуулж буй “CinemaCon” арга хэмжээний үеэр “Disney” студи “Avengers: Doomsday” киноны анхны бүрэн хэмжээний трейлерийг танилцууллаа.
Трейлер нь жүжигчин Роберт Дауни Жуниорын бүтээсэн, төмөр баг, ногоон нөмрөгтэй Доктор Думын дүр олон ертөнц рүү халдан довтлохоор бэлтгэж байгаагаар эхэлдэг бол хамгийн оргил мөч нь жүжигчин Крис Эвансын бүтээсэн Стив Рожерсийн дүр эргэн ирж, Тор Одинсонтой эргэн нэгдэж буй хэсэг байв.
Өмнөх “Infinity War” болон “Endgame” ангиудад “Галактикийн хамгаалагчид”, Вакандагийн дайчид болон өшөө авагчид нэгдэж байсан бол энэ удаагийн “Doomsday” ангид дэлхийн хамгийн хүчирхэг баатрууд “X-Men”, “Fantastic Four” болон “Thunderbolts” багийнхантай хүч хавсран Доктор Думын эсрэг тулалдах аж.
“Avengers: Doomsday” нь “Dune: Part III” кинотой нэг өдөр нээлтээ хийхээр товлогдсон нь дэлхий даяар тасалбарын борлуулалтаар түүхэн дэх хамгийн өндөр орлоготой амралтын өдрүүдийн нэг болох магадлалтай байна.