
Цар тахлын үед шинжлэх ухаан хүмүүсийн өдөр тутмын амьдралд илүү тодорхой байр суурь эзлэх болсноор шинжлэх ухаанд итгэх итгэл нэмэгдсэн боловч энэ өсөлт тогтвортой үргэлжилсэнгүй. “Эрдэмтэд нотолжээ” гэх үгэнд ихэнх хүн итгэдэг гэх үг ийнхүү эргэлзээ дагуулсан мэдээлэл болж буйн учир юунд оршив?
Энэ оны аравдугаар сарын 10-нд нийтэлсэн Wellcome Global Monitor судалгаанд дэлхийн 100 гаруй орны 140 000 гаруй насанд хүрсэн хүнийг хамруулжээ. Судалгааг Wellcome байгууллага Gallup болон Ipsos компанитай хамтран явуулсан байна. Уг судалгааны 2018, 2020, 2025 оны үр дүнгээс харахад хүн төрөлхтний шинжлэх ухаанд итгэх итгэл тухай бүрд өөрчлөгдөн хэлбэлзэж байна.
Шинжлэх ухаанд тодорхой хэмжээнд болон өндөр түвшинд итгэдэг хүмүүсийн эзлэх хувь 2018 онд 77 хувь байснаа 2020 онд 80 хувь болж өссөн бол 2025 онд 72 хувь болж буурчээ. Харин шинжлэх ухаанд огт итгэдэггүй эсвэл бага итгэдэг гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь 2018, 2020 онд тус бүр 13 хувь байсан бол 2025 онд 19 хувь болж нэмэгдсэн байна.
Энэ нь цар тахлын үед шинжлэх ухааны ач холбогдол, нийгэмд эзлэх байр суурь нэмэгдсэн ч хямралын дараа бий болсон итгэл бүрэн хадгалагдаагүйг харуулж байна. Цар тахлын үед хүмүүс халдварын эрсдэл, шинжилгээ, вакцин, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт зэрэг асуудлаар шинжлэх ухааны мэдээлэлтэй тогтмол харилцах болсноор цар тахал шинжлэх ухааныг урьд өмнөхөөс илүү олон нийтийн анхаарлын төвд оруулж, эрдэмтдийн ажлыг илүү анзаарагдахуйц болгосон нь шинжлэх ухаанд итгэх итгэлийн өсөлтөд нөлөөлсөн байх магадлалтай.
Эрдэмтдэд маш их итгэдэг хүмүүсийн эзлэх хувь
2018 он 34%
2020 он 43%
2025 он 32% болж буурчээ.
Бусад бүлэгт “маш их” итгэдэг хүмүүсийн эзлэх
хувь
Эмч, сувилагч 39%
Хөршүүд 28%
Засгийн газар 26%
Сэтгүүлчид 17%
Энэ бүх тоон мэдээллийг харуулсан “Wellcome Global Monitor 2026” судалгаа нь шинжлэх ухаанд итгэх олон нийтийн итгэл зөвхөн шинжлэх ухааны ололт, нотолгоотой бус, хүмүүсийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, төрийн байгууллагад итгэх итгэлтэй салшгүй холбоотойг харуулсан юм.

Судалгаагаар хүмүүсийн амьжиргааны нөхцөл байдал болон шинжлэх ухаанд итгэх итгэлийн хооронд мэдэгдэхүйц урвуу хамаарал байгааг тогтоожээ. Тодруулбал, 2025 оны судалгаагаар орлогоороо тав тухтай амьдардаг гэж хариулсан хүмүүсийн шинжлэх ухаанд итгэх итгэл 39 хувь байсан бол хэрэгцээгээ арайхийн хангадаг хүмүүст энэ үзүүлэлт 26 хувьтай, амьдралаа залгуулахад хүндрэлтэй байдаг хүмүүсийн хувьд итгэлийн индекс нь 20 хувьтай гарчээ. Орлогоороо тав тухтай амьдардаг хүмүүсийн шинжлэх ухаанд маш их итгэх магадлал санхүүгийн хүндрэлтэй хүмүүсээс бараг хоёр дахин өндөр байна. Энэ ялгаа 2018 онд 13 нэгж хувь байсан бол 2025 онд 19 нэгж хувь болж нэмэгджээ.
Судалгаагаар Засгийн газарт итгэх итгэл багатай, авлигын талаарх ойлголт өндөр хүмүүсийн дунд шинжлэх ухаанд итгэх итгэл харьцангуй доогуур, мөн эдийн засгийн тэгш бус байдал өндөр улс орнуудад шинжлэх ухаанд итгэх итгэл бага байх хандлага ажиглагджээ.
Судалгааны нэг чухал дүгнэлт нь шинжлэх ухаанд итгэх итгэл сул байгааг зөвхөн хүмүүсийн мэдлэг, боловсрол дутмаг байгаатай холбон тайлбарлаж болохгүй гэсэн санаа юм. Хүмүүсийн амьдралын бодит нөхцөл, нийгмийн тогтолцоо тэдэнд хэрхэн үйлчилж байгаа нь чухал нөлөөтэйг дурдахгүй өнгөрч болохгүй.
Wellcome-ын гүйцэтгэх захирал Жон-Арне Рёттинген
Шинжлэх ухааны ололт амжилт хүмүүсийн амьдралд бодит өөрчлөлт авчрах эсэхийг олон нийтийн итгэл тодорхойлдог. Халдварт өвчин, уур амьсгалын өөрчлөлт, сэтгэцийн эрүүл мэнд зэрэг улам бүр нэмэгдэж буй элдэв сорилттой дэлхий нийтээрээ нүүр тулж байгаа энэ үед шинжлэх ухаан эрүүл ирээдүйг бүтээх асар их боломжтой. Гэхдээ хүмүүс шинжлэх ухааныг сайн сайхны төлөөх хүч гэдэгт итгэсэн тохиолдолд л энэ боломж хэрэгжинэ.
Шинжлэх ухаан хүмүүсийн амьдралд хамгийн бодитоор мэдрэгддэг салбарын нэг нь эрүүл мэндийн үйлчилгээ юм. Дэлхийн хэмжээнд шинжлэх ухаанд маш их итгэдэг хүмүүсийн эзлэх хувь 26 байжээ. Харин тухайн улсын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд маш их итгэлтэй хүмүүсийн дунд энэ үзүүлэлт 43 хувь болж өссөн. Өөрөөр хэлбэл, иргэд эрүүл мэндийн байгууллагаас чанартай, хүртээмжтэй үйлчилгээ авч, мэргэжилтнүүдэд итгэж чаддаг байх нь шинжлэх ухаанд итгэх итгэлтэй нягт холбоотой гэсэн үг юм. Энэ нь шинжлэх ухааныг зөвхөн судалгааны байгууллага, лаборатори, эрдэмтдийн хүрээнд авч үзэх бус, иргэдийн өдөр тутмын амьдралд ямар үр өгөөж өгч байгаагаар нь үнэлэх шаардлагатайг харуулж байгаа юм.
Судалгаанд оролцогчдын 81 хувь нь эрдэмтдийн хийж буй ажил өөрсөд шиг нь хүмүүст үр өгөөжөө өгдөг гэж үздэгээ илэрхийлжээ. Гэвч шинжлэх ухааны үр өгөөж тухайн улсынхаа нийт хүн амын дийлэнхэд хүрдэг гэж үзсэн хүмүүсийн эзлэх хувь ердөө 37 хувьтай байна. Харин таван хүн тутмын нэг буюу 20 хувь нь шинжлэх ухаан улс орных нь маш цөөн хүнд л үр өгөөжөө өгдөг гэж хариулжээ. Шинжлэх ухаанд тодорхой хэмжээнд итгэдэг хүмүүсийн дунд шинжлэх ухааны үр өгөөж нийт хүн амын дийлэнхэд хүрдэг гэж үзэх магадлал итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад 23 нэгж хувиар өндөр гарсан нь шинжлэх ухааны хөгжлийн үр дүн бодит амьдралд хэрхэн хуваарилагдаж байгаа талаарх хүмүүсийн ойлголт, итгэл үнэмшил хоорондоо холбоотойг харуулсан сонирхолтой тоо юм.
Шинжлэх ухаан итгэлийг өөрөө бий болгох ёстой
Wellcome байгууллагын гүйцэтгэх захирал Жон-Арне Рёттинген судалгааны өмнөх үгэндээ шинжлэх ухаанд итгэх итгэлийг гурван үндсэн санаагаар дүгнэжээ. Түүний тодорхойлсноор,
Нэгдүгээрт, итгэл өөрөө аяндаа бий болно гэж үзэж болохгүй. Цар тахлын үеэр нэмэгдсэн итгэл буурч, зарим бүс нутагт цар тахлын өмнөх түвшнээс ч доогуур болжээ. Иймээс итгэл яагаад буурч байгааг ойлгох нь чухал.
Хоёрдугаарт, шинжлэх ухаанд итгэх итгэл нийгмийн бусад тогтолцооноос тусдаа оршдоггүй. Иргэд төрийн байгууллагадаа итгэдэг, эрүүл мэндийн үйлчилгээгээ хүртээмжтэй авдаг, нийгмийн тогтолцоо өөрсдөд нь шударга үйлчилж байна гэж мэдэрдэг байх тусам шинжлэх ухаанд итгэх хандлага өндөр байна. Тиймээс итгэл сул байгааг зөвхөн шинжлэх ухааны талаарх мэдлэг дутмаг байгаагаар тайлбарлах боломжгүй.
Гуравдугаарт, шинжлэх ухаанд итгэх итгэл болон шинжлэх ухааны тодорхой асуудлаар ижил байр суурьтай байх нь хоёр өөр зүйл юм. Жишээлбэл, уур амьсгалын өөрчлөлт, вакцины үр нөлөө, хиймэл оюун ухааны хэрэглээний талаар хүмүүс улс орон, нийгмийн бүлэг бүрд өөр өөр байр суурьтай байж болно. Шинжлэх ухаанд итгэдэг хүн ч тодорхой бодлого, шийдвэртэй санал нийлэхгүй байх боломжтой. Учир нь шинжлэх ухааны нотолгоо болон түүнд үндэслэн гаргах бодлогын шийдвэр нь өөр өөр асуудал юм. Иймээс эрдэмтэд, судалгааны байгууллагууд нотолгоонд суурилсан мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэхээс гадна тодорхойгүй байдал, эрсдэлийг шударгаар тайлбарлаж, олон нийтийн санаа зовнилыг сонсож, шинжлэх ухааны үр өгөөжийг нийгмийн бүх бүлэгт хүртээмжтэй болгох шаардлагатай гэж үзжээ.
“Wellcome Global Monitor 2026” судалгаан дахь Монгол Улсын үндсэн үзүүлэлтүүд
Шинжлэх ухаанд маш их итгэдэг 29.8%
Шинжлэх ухаанд маш их эсвэл зарим
талаар итгэдэг 72.8%
Эрдэмтдэд маш
их итгэдэг 30.7%
Эрдэмтдэд маш их
эсвэл зарим талаар итгэдэг 69.5%
Эрдэмтдийн ажил улс орны ихэнх хүнд үр өгөөжтэй 12.0%
Эрдэмтдийн ажил ихэнх эсвэл зарим хүнд үр өгөөжтэй 45.7%
Эрдэмтдийн ажил өөр шиг нь
хүмүүст их үр өгөөжтэй 5.4%
Эмнэлэг,
эрүүл мэндийн төвд маш их итгэдэг 29.4%
Эмнэлэгт маш их эсвэл зарим талаар итгэдэг 83.0%
Төрийн удирдлага эрдэмтдийн мэдлэг, туршлагыг үнэлдэг гэж үздэг 53.3%
Шаардлагатай эрүүл мэндийн
үйлчилгээ авч чадна гэдэгт итгэлтэй 75.1%
“Wellcome Global Monitor 2026” судалгааны Монгол Улсын мэдээллээс харахад шинжлэх ухаанд маш их итгэдэг хүмүүсийн эзлэх хувь 29.8 байгаа нь дэлхийн дунджаас харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Хүн амын бүлгээр задалбал, боловсролын түвшин болон өрхийн орлогын ялгаа онцгой ажиглагдаж байна. Дээд боловсролтой иргэдийн 43 хувь нь шинжлэх ухаанд маш их итгэдэг бол бага боловсролтой иргэдийн дунд энэ үзүүлэлт 22.1 хувь байна. Орлогын хамгийн өндөр 20 хувийн бүлэгт шинжлэх ухаанд маш их итгэдэг хүмүүсийн эзлэх хувь 38.3 байхад хамгийн бага орлоготой бүлэгт 19.5 хувь байна. Мөн цар тахлын үед Монгол Улсад эрдэмтдэд итгэх итгэл 2018 оны 24.5 хувиас 2020 онд 35.3 хувь болж нэмэгдсэн боловч 2025 онд 30.7 хувь болж буурсан байна. Гэсэн хэдий ч 2018 оны түвшнээс өндөр хэвээр байгаа нь дэлхийн нийт дүнтэй харьцуулахад сонирхолтой ялгаа юм. Эдгээр үзүүлэлт нь шинжлэх ухаанд итгэх итгэлийг зөвхөн боловсрол, мэдээллийн хүртээмжийн асуудал гэж үзэхээс илүүтэйгээр шинжлэх ухааны ололт, үр өгөөж нийгмийн өөр өөр бүлэгт хэрхэн хүрч байгаатай холбон судлах шаардлагатайг харуулж байна.
Учир нь орлогын хамгийн өндөр болон хамгийн бага бүлгийн хооронд 18.8 нэгж хувийн зөрүү байгаа нь Монголын судалгаанд нийгэм, эдийн засгийн нөхцөл болон шинжлэх ухаанд итгэх итгэлийн хооронд хамаарал байгааг харуулж буй нэг үзүүлэлт юм. Шинжлэх ухаан гэдэг энэ өргөн ойлголтод итгэх итгэл гэгч тэгэхээр хүн тус бүрд үзүүлж буй нөлөөгөөрөө итгэлийг нь хэлбэлзүүлж явдаг, улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарын уулзвар болж үр өгөөжөөрөө итгэлийг үүсгэдэг онцгой ойлголт байх нь.