
Ойрхи дорнодод шинэ дайны гал дүрэлзэн Ираны хямрал дэлхийн эдийн засгийг хөлдөө чирэхээс өмнө дэлхий нийтийн анхаарал пуужин, агаарын довтолгоо, дипломат мэдэгдэл рүү чиглэж байв.
Гэвч дайны бодит өртөг фронтын шугам дээр бус Лондоны түүхий эдийн бирж, Персийн булангийн нефть дамжуулах терминал дээр бичигддэг болохыг Ираны мөргөлдөөн сунжрах тусам ойлгож буй.
Дайн эхлээд ганцхан сар өнгөрөхөд газрын тос, байгалийн хийн олборлолт худалдаагаар дэлхийд тэргүүлдэг 100 компани цаг тутамд 30 сая ам.долларын ашиг олсон тухай бодит тооцоо гарчээ.
Saudi Aramco, Газпром, ExxonMobil зэрэг газрын тосны аваргууд Ойрхи Дорнодын хямралаас хамгийн ихээр ашиг хүртсэн нь тодорхой. АНУ, Израилийн цэргийн хүч Иранд довтолсон өдрөөс газрын тосны үнэ хоногоор өсөж гуравдугаар сард нэг баррель нь дунджаар 100 ам.долларт хэлбэлзэхэд олборлогч компаниудын гэнэтийн ашиг 23 тэрбум ам.долларт хүрчээ. Нийлүүлэлт дайны өмнөх түвшиндээ эргэн ортлоо хэдэн сар саатаж нефтийн үнэ 100 ам.долларын дунджаа хадгалбал компаниуд оны эцэс гэхэд 234 тэрбум ам.долларын цэвэр ашиг олно.
Газрын тосны үнэ дунджаар 100 ам.долларт хадгалагдвал Saudi Aramco-ийн ашиг 2026 онд 25.5 тэрбум долларт хүрэх аж. Гэтэл Саудын Арабын төрийн өмчит тус компани өдөрт л 250 сая ам.долларын орлого төвөггүйхэн олсоор ирсэн.
Оросын гурван компани болох Газпром, Роснефть, Лукойл оны эцэс гэхэд Ираны дайнаас хүртэх ашиг нь 23.9 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. Ираны мөргөлдөөн Украины дайнаар валютын нөөцөө дундалсан Кремлийн удирдагчдад ашиг тусаа өгч Орос улс гуравдугаар сард өдөрт 840 сая ам.долларын экспортын орлого олсон нь хоёрдугаар сараас даруй 50 хувиар өссөн үзүүлэлт.
Малтмал түлшнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийг олон жилийн турш үгүйсгэж ирсэн ExxonMobil компани харин дайны “буянаар” 11 тэрбум ам.долларын ашиг олох тооцоотойн дээр компанийн зах зээлийн үнэлгээ 118 тэрбумаар өсөн 500 тэрбум ам.доллар давах нь. Энэчлэн Shell компанийн үнэлгээ нь өсөн газрын тосны хомсдолоос хүртэх ашиг 6.8 тэрбум ам.долларт хүрэх бол Chevron 9.2 тэрбум ам.долларын гэнэтийн ашиг хүртэх замдаа хэдийнэ оржээ. Chevron ий гүйцэтгэх захирал Майк Виртийн хэлснээр гуравдугаар сард тус компани нийтдээ 104 сая ам.долларын хувьцаа зарсан байна.

Дайны сургаар нефтийн үнэ өсдөг нь жам ёсны үзэгдэл. 1973 онд АрабИзраилийн дайн дэгдэхэд нефтийн үнэ огцом нэмэгдэн барууны эдийн засаг гүнзгий хямралаа гэтлэхэд хэдэн жилийг зарцуулж байв. 1991 оны Персийн булангийн дайнаар зах зээл савласан ч олборлогчдын ашиг өссөн бол 2003 онд Иракийн дайнаар эрчим хүчний компаниудын орлого үлэмж нэмэгдсэн түүхтэй. Тав дахь жилдээ үргэлжилж буй Украины дайн Европ тивийг эрчим хүчний хямралд оруулсан ч экспортлогч орнуудын ашиг дээд амжилт тогтоосон хэвээр.
Нефтийн үнэ өсөхөд зөвхөн бодит нийлүүлэлт тасалдах албагүй, заримдаа хомсдол үүснэ гэх айдас байхад л хангалттай. Тэгвэл Ираны дайн энэ хамаарлыг урьд өмнөхөөс илүү тод харууллаа. 2026 оны хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилийн цэргийн хүчин Иранд цохилт өгсний дараа дэлхийн эрчим хүчний зах зээл бүхэлдээ доргисон гол шалтгаан нь Ормузын хоолой хаагдсан явдал юм. Газрын зураг дээр анзаарагдамгүй жижиг цэг ч гэлээ дэлхийн нефть тээврийн 20 хувь дамжин өнгөрдөг хоолой хаагдсанаар дайны үр дагавар зөвхөн шатахууны үнээр хязгаарлагдахгүй нь гэх түгшүүр төрүүлсэн. Нефтийн үнэ дагаж савлах хүнсний хангамж, бордооны өртөг, үйлдвэрлэлийн зардал өсөж мэдэх хүлээлт газрын тосноос ангид орших боломжгүй XXI зууны эдийн засгийн эмзэг сул талыг илтгэн харуулж байна.

Олон хүн нефтийн компаниуд зөвхөн газрын тос олборлон ашиг олдог гэж төсөөлдөг. Бодит байдал дээр хэд хэдэн сувгаар нефтиэс мөнгө босгох боломж бий. Мэдээж нефтийн үнэ нэмэгдэхэд өмнө нь олборлосон ч бай хамаагүй баррель тутмын ашиг автоматаар өснө. Дээр нь нефтийн худалдаа бол олборлолтоос илүү ашиг авчирдаг салбар. Үнэ өсөхийг урьдчилан таамаглаж, фьючерс зах зээл дээр арилжаа хийн, эрсдэлийн гэрээ ашиглах маягаар ашиг олдог олон тоглогчдын зэрэгцээ нефтийн дагалдах бүтээгдэхүүний унац арвин. Газрын тосны ашиг зөвхөн эдийн засгаар хэмжигдэхгүй, эрчим хүчний бодлогоор дамжуулан Засгийн газруудад нөлөөлөх чадвар нь өссөн нефтийн компаниуд бүс нутгийн бодлогод шууд оролцох боломжтой. Үнэ тогтоон барих, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангах амлалтын дор олборлолтоос ч дутахгүй татаасын ашиг хүртэнэ. Олон улсын валютын сангийн мэдээллээр Украинд дайн дэгдсэн 2022 онд Европт эрчим хүчний хямрал нүүрлэх сэрэмжлүүлэгтэй зэрэгцээд малтмал түлшний салбар нийт 1.3 их наяд ам.долларын ашгийг зөвхөн татаасаас олсон.
Дайны үед компанийн гэнэтийн ашиг өсөхөд олон улс “windfall tax” буюу гэнэтийн ашгийн татвар ногдуулах санал гаргадаг. Энэ бодлого өмнө нь хэд хэдэн удаа хэрэгжиж Их Британи, Итали, Испани улсууд иргэдийн нуруун дээр ирэх санхүүгийн дарамтыг бууруулж, төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор эрчим хүчний компаниудын илүү ашигт нэмэлт татвар ногдуулсан нь маргаан дагуулсан удаатай. Энэ удаад ч Европын Комиссоос гадна Герман, Испани, Итали, Португал, Австри улсын Сангийн сайд нар газрын тос, байгалийн хийн компаниудын дайны ашгаас гэнэтийн ашгийн татвар авах талаар ярилцаж эхэллээ. Гэхдээ хэт өндөр татвар тавибал газрын тосны салбарт хөрөнгө оруулалт бууран эргээд нийлүүлэлт багасаж, нефтийн үнэ улам өсөх эрсдэлийг тооцоолох шаардлагатай ажээ.