
Оросын арми лхагва гарагийн шөнөөс пүрэв гараг хүртэл Киев хот болон түүний ойр орчмын бүс нутагт «өргөн цар хүрээтэй» халдлага үйлдсэний улмаас дор хаяж 17 хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан гэж Украины эрх баригчид мэдээллээ.
Украины нийслэлд болсон цохилтын улмаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилгууд болон хэд хэдэн агуулах гэмтсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Иргэний дэд бүтцэд учирсан энэхүү сүйрэл олон улсын зүгээс хурц шүүмжлэл дагуулсан байна.
Киевт ажиллаж буй CNN-ийн продюсерууд хэд хэдэн дэлбэрэлтийн чимээ сонсож, хотын дээгүүр утаа суунаглаж байгааг харжээ. Агаарын түгшүүрийн дохио олон цаг үргэлжилсэн байна. Reuters агентлагийн дүрс бичлэгт нийслэлийн шөнийн тэнгэрийг асар том түймэр гэрэлтүүлж буй нь буужээ.
Киев рүү чиглэсэн халдлага өдрийн цагаар ч үргэлжилж, пүрэв гарагт нийслэлд агаарын түгшүүрийн дохио гурван удаа дуугарсан байна.
Украин Оросын өргөн хүрээний халдлагад ашигладаг асар олон тооны дроныг устган саатуулах тал дээр харьцангуй амжилттай ажиллаж иржээ. Гэвч сүүлийн хэдэн долоо хоногт Москва Украинд бараг дууссан Patriot пуужингийн эсрэг пуужингийн нөөцийн хомсдолыг давуу тал болгон ашиглах болсон байна. Эдгээр пуужин нь илүү хурдтай баллистик пуужингаас хамгаалахад шаардлагатай юм.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський энэ сарын эхээр CNN-д өгсөн ярилцлагадаа АНУ болон бусад холбоотнуудаас яаралтай авах шаардлагатай пуужингийн эсрэг пуужингийн ердөө 10 хувь нь Украинд байгаа гэж мэдэгджээ.
Тэрбээр “Энэ жил бид 2025 онтой харьцуулахад хоёр хагас дахин цөөн сөнөөгч пуужинтай байна. Харин Орос өмнөхөөсөө сар бүр хоёр дахин олон баллистик пуужин ашиглаж байна” гэжээ.
Румыны Гадаад хэргийн сайд Оана Цою Европын холбоотнууд Украины агаарын довтолгооноос хамгаалах системийг хэрхэн дэмжих талаар «судалж» байгаа ч хамтын хэмжээнд хангалттай зүйл хийж чадахгүй байгааг хүлээн зөвшөөрчээ.
ОХУ-ын Батлан хамгаалах яам пүрэв гарагт Telegram сувгаар мэдэгдэл хийж, Киев хот болон өргөн хүрээний бүс нутгийн цэргийн байгууламж, тээвэр, ложистикийн төв, агуулахуудын эсрэг “өндөр нарийвчлалтай зэвсэг ашигласан өргөн цар хүрээтэй цохилт” өгсөн гэж мэдэгдэв.
Харин Зеленьский пүрэв гарагт Оросын тал энэхүү халдлагыг удаан хугацаанд бэлтгэж, иргэний дэд бүтцэд аль болох их хохирол учруулахын тулд янз бүрийн төрлийн зэвсэг, далавчит пуужин, дроныг хослуулан ашигласан гэжээ.
Аврах ажиллагааны ажилтнууд нурангин дороос хоёр хүнийг гаргаж, халдлагын үр дагаврыг арилгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ч үргэлжилсэн довтолгооны улмаас ажил нь хүндрэлтэй байжээ. Онцгой байдлын албаны мэдээлснээр хотын арав гаруй байршил халдлагад өртсөн байна. Гал сөнөөгчид томоохон түймрүүдийг унтраахаар ажиллажээ.
Житомир, Херсон, Харьков, Донецк мужууд дрон болон их бууны халдлагад өртсөн байна. Бүс нутгийн цэргийн захиргаадын мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд Украины хэмжээнд амиа алдсан хүний тоо нийтдээ 25-д хүрч, 132 хүн шархаджээ.