
Америкийн жүжгийн болон үргэлжилсэн үгийн зохиолч Айра Левин энэ өдөр төржээ. Тэрээр нийт долоон роман бичсэн бөгөөд айдас, триллер, шинжлэх ухааны уран зөгнөл, нийгмийн дистопи зэрэг өөр өөр жанрыг маш нарийн зохиомж, хурц өгүүлэмжтэй нарийн сүлжиж, хооронд нь гаргууд хослуулдгаараа онцлогтой. Түүний уран бүтээлийн онцлох таван номыг нэрлэж байна.
A KISS BEFORE DYING
Уг бүтээл нь Левиний анхны роман бөгөөд гэмт хэргийн төрөл бүхий зохиолуудын эгнээд багтана. Гол дүр нь хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд бусдын амийг хороохоос ч буцахгүй, хүйтэн тооцоотой нэгэн. Гэвч зохиолын гол онцлог нь “Алуурчин хэн бэ?” гэдэгт бус хүн өөрийн хүссэн амьдралаа бүтээхийн тулд ёс суртахууны хилийг хэрхэн алхам алхмаар давдаг вэ гэдэгт оршино.
Тус роман Левинд дэлхийн уран зохиолын детектив романы эцэг Эдгар Аллан Погийн шагналыг авчирсан юм. Ийнхүү түүний уран бүтээлийн замнал тун амжилттай эхэлсэн билээ.
ROSEMARY’S BABY
“Розмаригийн хүүхэд” бол Левиний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг. Эл зохиолыг орчин үеийн аймгийн утга зохиолын сонгодог бүтээлд тооцдог. Розмари нөхөртэйгөө Нью-Йоркийн хуучин орон сууцанд нүүж ирснээр бүх зүйл эхэлнэ. Тэр жирэмсэн болсны дараа эргэн тойрных нь хүмүүсийн зан авир, нөхрийнх нь үйлдэл, өөрийн бие дотор болж буй өөрчлөлтүүд улам бүр аймшигтай санагдаж эхэлдэг.
Гэхдээ романы хүч нь чөтгөр, далдын хүчний тухайд бус. Хамгийн аймшигтай нь Розмаригийн итгэж байсан хүмүүс аажмаар түүнд харь санагдах болж буй явдал. Левин ер бусын аймшгийг өдөр тутмын амьдралын энгийн орчинд оруулж ирсэн нь энэ романыг онцгой болгосон. Албан ёсны намтарт нь ч уг романыг орчин үеийн аймшгийн жанрыг тодорхойлсон бүтээлүүдийн нэг хэмээн үнэлсэн байдаг. Чөтгөр чимээгүйхэн хүмүүсийн нийгэмд хөл тавих болно.
THIS PERFECT DAY
Энэхүү бүтээл нь Левиний арай өөр талтай танилцах хамгийн таатай боломжуудын нэг. Ирээдүйн ертөнцөд хүмүүсийн амьдрал асар төгс зохион байгуулагдсан бөгөөд компьютерийн удирдлага дор хүн бүрийн амьдрал бараг алдаа мадаггүй, зовлон бэрхшээлгүй үргэлжилнэ. Гэвч зовлонгоос ангижирсан хүн үнэхээр эрх чөлөөтэй хүн мөн үү? гэх асуулт романы зөрчлийг хөнддөг.
Левин энд аймшгийг чөтгөрөөс биш, төгс төгөлдөр байдлаас ургуулдаг. Өвдөхгүй, өлсөхгүй, ганцаардахгүй, бүх зүйл нь урьдчилан зохицуулагдсан ертөнцөд хүн өөрийн хүсэл, сонголт, ялгаатай байдлаа алдах аюултай. Тиймээс энэ роман өнөөдөр ч сонирхолтой уншигдана. Левиний албан ёсны намтарт уг зохиолыг компьютерээр удирдуулсан нийгмийн тухай бүтээл хэмээн онцолсон байдаг.
THE STEPFORD WIVES
Энэ ном бол Левиний хамгийн сонирхолтой нийгмийн талыг шүүмжилсэн бүтээлийн нэг. Жоанна нөхөр, хүүхдүүдийн хамт Степфорд хэмээх тайван хотод нүүж ирнэ. Гэвч эндхийн эмэгтэйчүүд бүгд хэтэрхий төгс агаад гэр орноо өөгүй цэвэрлэнэ, нөхрөө биширнэ. Харин өөрийн ажил мэргэжил, хүсэл сонирхол бараг үгүй. Жоанна энэ төгс байдлын цаана ямар нэгэн айдас төрүүлэм зүйл байгааг мэдэрч эхэлдэг.
Левин ингэхдээ аймшгийн зохиолоор дамжуулан эмэгтэй хүнийг төгс эхнэр болгон хувиргах нийгмийн хүслийг дүрслэл болгон урлажээ. Албан ёсны эх сурвалж ч романыг феминизмын эсрэг хариу үйлдэл болон нийгмийн, ахуйн айдсын чухал бүтээлүүдийн нэг гэж үздэг.
THE BOYS FROM BRAZIL
Левин бүтээл бүрд нь гол байр суурь эзэлдэг айдсыг нэгэн гэр бүлийн харилцаанаас ургуулж дэлхийн түүхийн хэмжээнд хүртэл цар хүрээг нь тэлдэг. Нацистын дайны гэмт хэрэгтэн Йозеф Менгеле Өмнөд Америкт нуугдаж байхдаа аймшигтай төлөвлөгөө хэрэгжүүлнэ. Түүний зорилго нь Адольф Гитлертэй холбоотой генетикийн туршилт, хүмүүсийг хуулбарлах сэдэлтэй давхацдаг.
Энэ бүтээл 1976 онд хэвлэгдсэн бөгөөд “techno-thriller” төрлийн бүтээлийн сонгодог жишээ болжээ.