
“Муу эр дайнд хөөрөх”-ийн үлгэрээр асуудал бүхэн рүү хэл амаа ирлэж, билүүдээд шурган ордог зантай болжээ, бид. Харин ямар ч асуудлын талаар ултай дүгнэж, урт хугацаанд бэлтгэлтэй байх чанар манайд алга. Тиймдээ ч аюул, эрсдэлийг урьдчилан тооцох бус асуудал нүүрэн дээр тулж ирсний дараа л сая нэг “сэрдэг” зуршилтай. Төрийн шийдвэр, аливаа салбарын үйл ажиллагаа, тогтолцоо ч ялгаагүй тийм.
Шийдвэр гаргагчид сэнтийдээ хадагдаж суухын төлөө л уралцана. Сэтгэж бүтээсэн, ололт олж, олонд тустайг сэдсэн нь хомс. Ийнхүү бид гамшиг, осол, эдийн засгийн хямрал, нийтийн эрүүл мэндийн эрсдэл, шатахууны хомсдол, махны үнийн өсөлт гээд юу ч тохиолдсон юунд ч бэлэн биш сууцгаана. Харин хойно нь аргацаах хэдэн үг хэлж, хормойгоо нөхөж яваа иргэдээ тайвшруулах төдий болоод л орхичихно. Бид ч тэгээд тайван улс хойно, хэлсэн үгийнх нь үнэн худал хийгээд хожим ямархуу үр дагавартайг дэнслэхгүйгээр тайвширчихдаг зантай. Ингэснээр асуудлыг шийдэхийн оронд харин ч дараагийн асуудлын эхлэл болгож, нэг алдаагаа олон жил давтсаар, үр хүүхдүүд маань уршгийг нь хүртсээр явна. Баялаг биш бөөн асуудал тарьж үрслүүлнэ.
Эрсдэлийг урьдчилан тооцно гэдэг ирээдүйг яг таг зөгнөнө гэсэн үг биш. Харин юу тохиолдож болох, тохиолдвол ямар хохирол учрах, түүнийг хэрхэн багасгах вэ гэдгийг өмнө нь бодож төлөвлөхийг хэлнэ. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага ч Монголын хувьд ган, зуд, үер зэрэг эрсдэлийг тус тусад нь бус, хоорондоо уялдсан системийн эрсдэл гэж харж, урьдчилан анхааруулах болон эрт арга хэмжээ авах тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцолсон байдаг. Тэгэхээр гамшгаас хамгаалах бэлтгэл гэдэг нь гамшгийн үеэр ажиллах машин, хүн хүч бэлэн байлгахаас хамаагүй өргөн ойлголт юм. Мэдээлэл, санхүүжилт, хүний нөөц, хариуцах эзэн, шийдвэр гаргах дараалал бүгд урьдчилан тодорхой байх ёстой.
Асуудал гарсан өдөр төлөвлөгөөгөө анх удаа гаргаж эхэлдэг манайх шиг улсад бол тэр нь төлөвлөгөө бус, “аргацаалт” билээ.
Зудын жишээ үүнийг маш тод харуулдаг. Зуд бол ганцхан өвөл гэнэт бий болдог үзэгдэл биш бөгөөд ган, бэлчээрийн доройтол, цас их унах, хүйтрэл зэрэг хүчин зүйлс хоорондоо нийлж хохирлын хэмжээг нэмэгдүүлдэг нийлмэл эрсдэл. 2023-2024 оны зудын үеэр Монгол Улс 8.1 саяас илүү толгой малын хорогдолтой тулгарсан нь байгаль, амьжиргаа, хүнсний аюулгүй байдал хоорондоо ямар нягт холбоотойг харуулсан. Иймээс хавар нь зун, зун нь намар, намар нь өвөлдөө бэлтгэх ёстой болохоос цас орсны дараа өвс тэжээл хайх нь хамгийн сүүлчийн шатны арга хэмжээ байх учиртай. Монгол Улсад гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулж, улирлын бэлтгэл болон төлөвлөгөөнд ашигладаг тогтолцоо бий болсон ч тэрхүү мэдээллийг бодит шийдвэрт тогтмол хөрвүүлэх нь гол асуудал хэвээрээ байна. Өнгөрсөн жилийн хохирлыг дараа жилийн төлөвлөгөөний эхний мөр болгохгүй бол статистик өөрөө ямар ч хамгаалалт болж чадахгүй. Улаанбаатарын хувьд ч нөхцөл байдал ялгаагүй. Үер, гал, газар хөдлөлт, инженерийн шугам сүлжээний доголдол, агаарын бохирдол зэрэг эрсдэл тус бүрд хариу арга хэмжээний төлөвлөгөө байхаас гадна нэг нь нөгөөгөө дагуулсан үед хэрхэн ажиллах вэ гэдгийг тооцох шаардлагатай. Нэг зам хаагдахад нийтийн тээвэрт ямар дарамт үүсэх, цахилгаан тасрахад усан хангамжид ямар нөлөө үзүүлэх, үерийн үеэр эмнэлэг болон сургууль хэрхэн ажиллах зэрэг хувилбарыг урьдчилан турших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гамшгийн бэлэн байдал гэдэг зөвхөн Онцгой байдлын байгууллагын асуудал биш. Үүнд хот төлөвлөлтөөс эхлээд эрүүл мэнд, тээвэр, эрчим хүч хүртэлх бүх салбарын асуудал багтана. Улаанбаатарын гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд ч өөр өөр хувилбараар дадлага, нүүлгэн шилжүүлэх болон аврах ажиллагааг урьдчилан туршихын ач холбогдлыг онцолж байсан. Тэгвэл бид яагаад зөвхөн осол болсны дараа аль байгууллага буруутай болохыг нэн тэргүүнд эрж хайдаг вэ? Хариуцлагыг араас нь хайхаас өмнө эрсдэлийг урдаас нь тооцдог тогтолцоо л хэрэгтэй байгаа юм. Гэтэл хамгийн буруу тайлбар нь бид юунд ч бэлэн биш болохоо ухаармагц, эсвээс асуудал намжмагц үргэлж мартдаг явдал.
Эдийн засгийн салбарт ч “сэрдэг” энэ дадал олон хэлбэрээр илэрдэг. Үнэ өсөхөөр үнэ бууруулахаар амлаж, шатахуун тасалдахаар нөөц ярьж, ургац хомсдох эрсдэл тулгарахад нийлүүлэлтийн талаар хэлэлцдэг. Үнэндээ бүгд гурван секундын рийл бичлэгээр хандалт авч, нэр хүндээ өсгөх тал дээр илүүтэй анхаарна. Үнэндээ нөөц гэдэг зөвхөн агуулахад байгаа бараа биш, нийлүүлэлтийн өөр хувилбар, импортын суваг, дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, санхүүгийн хамгаалалт гэсэн олон давхар баталгаанаас бүрдэнэ. Хэрэв нэг эх үүсвэрээс хэт хамааралтай байвал тэр эх үүсвэр доголдоход бүхэл бүтэн систем дагаж савлана. Эрсдэлийн үед гаргах шийдвэрийн хурд нь тухайн үеийн сайн менежментээс гадна өмнө нь хийсэн бэлтгэлийн хэмжээнээс шалтгаална. Бэлтгэлгүй тогтолцоо асуудал бүрийг онцгой нөхцөл болгож, бэлтгэлтэй тогтолцоо эрсдэлийг хэвийн ажиллагааныхаа хүрээнд удирддаг. Харин манайд шийдвэр гаргагчид нь хэрэлдэж, хэлэлцэж суусаар асуудлыг аргацаагаад өнгөрөөдөг уламжлал тогтсон. Хийдэг хүн гэж үгүй.
Үнэндээ бидний энэ хандлага байгууллагын өдөр тутмын соёлд ч нэвтэрчихсэн аж. Тоног төхөөрөмж эвдэрсний дараа засварлах, систем доголдсоны дараа шинэчлэх, барилгад асуудал гарсны хойно шалгах, зам эвдэрсний дараа нөхөх нь урьдчилан сэргийлэхээс хавьгүй үнэтэй тусдаг. Тэгээд алдааг бие биеэсээ хайна. Хариуцлага хүлээдэг, аливааг өөрөөсөө эрдэг чанар үгүй.
Харин бэлтгэл хэмээх зүйлийн талаарх ойлголтыг зөвхөн төрөөс шаардаад орхиж болохгүй. Иргэд ч өрхийн санхүү, эрүүл мэнд, галын аюулгүй байдал, газар хөдлөлт, үер, зуд зэрэг өөрт нь хамаарах эрсдэлийн талаар тодорхой хэмжээний төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Гол нь иргэнээс бэлэн байхыг шаардахын өмнө төр мэдээллээ ойлгомжтой хүргэж, сэрэмжлүүлгээ цаг тухайд нь өгч, шаардлагатай нөөц болон үйлчилгээний хүртээмжийг бий болгосон байх ёстой. Энэ бол хэн хүнгүй мэдэх, дээр нь олон улсын сайтар дагаж, мөрддөг журам. дараагийн хохирол яг л өмнөхтэй адил шалтгаанаар давтагдана.
Монгол Улс гамшгийн хохирол, эрсдэлийн мэдээллийг цуглуулж, улирлын бэлтгэлд ашигладаг туршлагатай болсон нь нэг алхам боловч тэр мэдээллийг төсөв, дэд бүтэц, бодлого, шийдвэр болгож хувиргах нь харин дараагийн алхам юм. Бидэнд бүх зүйлийг урьдчилан мэдэх чадвар хэрэггүй, харин тодорхой эрсдэлийг мэдсээр байж бэлтгэлгүй суухаа болих сахилга бат хэрэгтэй.
Тэгэхээр дахин хэлье. Бид юунд ч бэлэн биш байна. Одоо дараагийн удаа юунд бэлэн байх вэ гэдэг асуултыг тавьж эхлэх цаг болсон.