
АНУ-ын Нью-Жерси цэнгэлдэх хүрээлэнд болсон 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтод Испанийн шигшээ баг Аргентиныг нэмэлт цагт 1:0-ээр буулган авч, түүхэндээ хоёр дахь удаагаа дэлхийн аварга цолыг хүртлээ.
Тоглолтын үндсэн цагт хоёр баг гоол оруулж чадалгүй тэнцсэн бөгөөд үндсэн цаг дуусахын өмнө Аргентины хагас хамгаалагч Энцо Фернандес улаан хуудас авч талбайг чөлөөлсөн юм. Ингээд 106 дахь минутад Испанийн довтлогч Ферран Торрес хожлын цорын ганц гоолыг оруулснаар багтаа аваргын цомыг авчирлаа.
ДАШТ-ий турш хаалгандаа ердөө ганцхан гоол алдсан Испанийн шигшээ ийнхүү Европын аварга болон Дэлхийн аварга цолыг дараалан хамгаалж чадлаа. Тэдний ДАШТ-ий аялал Кабо-Вердетэй гоолгүй тэнцэн тааруухан эхэлж байсан ч тоглолтоос тоглолтод чансаагаа ахиулсаар финалд шалгарсан юм. Хагас шигшээ тоглолтод энэ удаагийн ДАШТ-ий онцлох багаар нэрлэгдэж байсан Францыг илт давуу тоглолтоор буулган авсан испани залуус финалын тоглолтод ч цэвэр хөлбөмбөгийн арга барил, тактикаар ялалт байгуулахыг эрмэлзэж байв.
Өдгөө 39 настай Лионель Месси энэ удаагийн тэмцээнийг 8 гоол, 4 оновчтой дамжуулалттайгаар өндөрлүүлсэн ч шигшээ багаа дахин аваргын тавцанд гаргаж чадсангүй. Харин Испанийн дасгалжуулагч, өдгөө 65 настай Луис де ла Фуэнте ДАШТ-д түрүүлсэн хамгийн өндөр настай дасгалжуулагч болж түүхэнд бичигдэж байна.
Нийтдээ 104 тоглолт явагдсан ДАШТ-ий шилдэг тоглогчоор Испанийн багийн ахлагч Родри тодорсон бол 19 настай Пау Кубарси залуу тоглогчийн шагнал хүртсэн. Харин найман тоглолтын долоод нь хаалгаа хуурай манасан Унай Симон шилдэг хаалгач боллоо.
Харин Францын шигшээ багийн довтлогч Килиан Мбаппе найман тоглолтод 10 гоол оруулсан үзүүлэлтээр хоёр дахь удаагаа "Алтан шаахай" хүртсэн анхны тоглогч болсон. Өдгөө 27 настай Мбаппе мөн нийт 22 тоглолтод оролцож 22 гоол оруулсан амжилтаар ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучийн жагсаалтыг тэргүүлж байна.