
2026-2027 оны хичээлийн шинэ жил маргааш эхэлнэ. Энэ хичээлийн жилд бүх түвшний 2457 боловсролын сургалтын байгууллагад 1 305 552 суралцагч хамрагдах төлөвтэй байна. Үүнээс, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 242 742 хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 843 095 сурагч суралцахаар байна. Харин нэгдүгээр ангид 75 838 хүүхэд элсэн сурах юм. Ингээд энэ хичээлийн шинэ жилийн онцлогийг хүргэж байна.
Хичээлийн жилийн бүтцийг шинэчилснээр ЕБС-ийн сурагчид дөрвөн улирлаар хичээллэхээр болсон юм.
Өмнөх хичээлийн жилийн бүтэц гурван улиралтай байсан бөгөөд нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилж байсан. Үүнийг эцэг, эхчүүд хэт урт хугацаа гэж үзжээ. Мөн өнгөрсөн жил өвлийн амралт зургаан долоо хоног хүртэл үргэлжилж байсан. Энэ нь бага насны хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй үлдэх, үүнээс үүдэлтэй эрсдэлд өртөх, эцэг, эх нь ээлжлэн хүүхдээ харах болж гэр бүлийн хөдөлмөрийн хуваарь, орлогод нөлөөлөх, хүүхэд мэдсэн сурснаа мартах, үүнээс үүдэлтэй дараагийн улиралд сэргээн давтахад цаг зарцуулах зэрэг шаардлага үүссэн аж.
Шинэ бүтцийн дагуу нийслэлийн суралцагчид өвөл 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтад шилжиж, үргэлжүүлээд гурван долоо хоног амарна.
Хичээлийн жилд хоёр удаагийн бие даалтын долоо хоног байх бөгөөд нэг бие даалт нь хот хөдөөгийн хувьд ялгаагүй цагаан сарын баяртай уялдаж байгаа бол хоёр дахь бие даалт нь хотод өвлийн амралтын өмнө, орон нутагт мал төллөх хугацаатай уялдан хаврын амралтын өмнө байна.
Бага ангийн сурагчдын зуны амралт тавдугаар сар дуусмагц, дунд, ахлах ангийн сурагчдын зуны амралт зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос эхлэх аж.
Энэ хичээлийн жил Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид шинэчлэн боловсруулсан хөтөлбөрийн дагуу суралцана. Хүүхдийн чадамжид суурилсан, нас, сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулсан аж.
Нэгдүгээр ангид нийт найман хичээл орох бөгөөд нэгдүгээр улиралд зургаан хичээл үзнэ. Мөн эхний нэг сарын хугацаанд багш нар шууд тоо, үсэг заахгүйгээр сургуульд нь дасгах зорилготой ажиллах юм. Тус өөрчлөлттэй холбоотойгоор бага ангийн багш нараа чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна. Мөн энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа сурагчид шинэчилсэн хөтөлбөрийн дагуу шинэ сурах бичиг ашиглах юм.
Орон нутгийн түвшинд 42 байршилд бүтцийн төлөвлөлт хийж, сум дундын сургууль бий болгожээ. Нийслэлийн хэмжээнд ачаалал ихтэй сургуулиудын ачааллыг бууруулах, анги дүүргэлтийг 45-аас бага байлгах зорилгоор 22 сургууль дээр зохицуулалт хийж, хотхоны бага сургууль буюу гэрт ойр сургуулийг ажиллуулахаар ажиллаж байгаа аж. Энэ нь нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг асуудлыг шийдвэрлээд зогсохгүй, гэрт ойр сургуультай болох үндсэн зорилтын хүрээнд хийгдэж буй ажил аж. Аймаг, дүүрэг бүрд нэг, нэг төрөлжсөн ахлах сургууль үйл ажиллагаа явуулна гэдгийг мөн салбар яамнаас мэдээлсэн. Улсын хэмжээнд олон улсын хөтөлбөртэй зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна.
2026-2027 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгийг зохион байгуулахаар болжээ. Аравдугаар сарын 1-нээс өмнө хийхээр төлөвлөсөн уг арга хэмжээнд нийт 270,689 хүүхэд хамрагдах тооцоолол байна.
Тодруулбал
Политехникийн коллежийн тэтгэлгийн журмыг шинэчлэхээр ажиллаж байгааг Боловсролын яамнаас мэдээлсэн. Цаашид тэргүүлэх, эрэлттэй, улс оронд хэрэгцээтэй мэргэжлүүд рүү тэтгэлгийг чиглүүлэх аж. Одоогийн журмаар сар бүр 200 мянган төгрөг олгохоор тооцоод, төгсөх үед нь тэтгэлэг олгодог. Үүнийг өөрчлөх аж.