
Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лиг “Аса арена”-д ирэх баасан гарагт буюу энэ сарын 6-ны өдөр эхлэхээр болжээ. 2026-2027 оны улиралд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн улирлын аварга М.Цэрэнбаатар ахлагчтай “Төв Миг волвес”, дэд аварга “Алтайн барс”, хүрэл медальт “Дархан Могулс” болон “Минтонетт Говь”, “Мазаалай”, “Натур Бакс”, “Мегастарс”, “Эс Жи Хокс” гэсэн багууд оролцохоор болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн улирлын аварга Д.Эрдэнэбулган ахлагчтай “Минтонетт Говь”, дэд аварга “Хобби Эйс”, хүрэл медальт “Хөвсгөл 7 Од”-оос гадна “Дархан Могулс”, “Хилчин”, “Уурхайчин”, “Хашхан”, “Неосити Финикс” багууд оролцохоор мэдүүлгээ өгчээ.
2026-2027 оны дээд лигийн нээлтийн өдөр хоёр тоглолт болно. Эрэгтэй багуудаас “Төв Миг Волвес” болон “Алтайн барс” багууд тоглоно. Мөн эмэгтэй багуудаас “Минтонетт Говь” болон “Хобби Эйс”-ийн волейболчид лигийн тоглолтыг эхлүүлэхээр болжээ.