
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярьсныхаа дараа "Тэр Оросоос газрын тос худалдан авахаа зогсоохыг зөвшөөрсөн" гэв.
Түүний тайлбарласнаар, Энэтхэг улс АНУ-аас, магадгүй Венесуэлээс худалдан авах газрын тосоо нэмэгдүүлэхэд бэлэн байгаа аж. “Ингэснээр долоо хоног бүр мянга мянган хүний амь насыг авч одож буй Украин дахь дайныг зогсооход тусална!” хэмээн Трамп мэдэгджээ.
Тэрбээр, мөн Энэтхэгт ногдуулаад байсан худалдааны татварыг 25 хувиас 18 хувь болгон бууруулахаар зөвшөөрснийг онцлон тэмдэглэв. Нерандра Моди Америкийн бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлэх алхам хийнэ гэж Доналд Трамп онцлов.
Харин Нерандра Моди Оросын газрын тостой холбоотой ямар нэгэн мэдэгдэл дурдаагүй байна. Тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичихдээ, АНУ-ын Ерөнхийлөгчтөй “үр өгөөжтэй, гайхалтай” яриа өрнүүлсэн гэжээ.