
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Засгийн газрын гишүүнийг томилохтой холбоотой нэг ойлголтын зөрүү яваад байна. Энэ бол хэлэлцдэг, зөвшилцдөг асуудал биш. Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон онцгой бүрэн эрх. 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс нь Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх заалт. Үүнээс өмнө сайдуудыг УИХ томилдог байсан. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээс хойш Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болсон. Энэ шийдвэрээ гаргахдаа Төрийн тэргүүн, УИХ-д танилцуулдаг. УИХ энэ асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргадаггүй. Өөрөөр хэлбэл, УИХ-аар хэлэлцдэг хууль, тогтоомжийн төсөлтэй адилхан хэлэлцэж шийдвэр гаргадаггүй. Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын гишүүнээр ийм хүнийг томилох гэж байгаа гэдгээ танилцуулдаг. УИХ-ын хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлж болдог. Харин шийдвэр гаргадаггүй. Энэ бол Үндсэн хуулиар зохицуулдаг институц хоорондын харилцаа.
УИХ-ын хэлэлцэх гэж байгаа асуудлын жагсаалтад оруулдаг, тов тогтоодог зүйлтэй андуурч болохгүй. Засгийн газрын үйл ажиллагаа шуурхай хэвийн үргэлжлэх ёстой. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд Засгийн газрын гишүүний хувиар гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг сахиулах гээд маш чухал чиг үүргүүдийг хариуцаж ажилладаг. Энэ чиг үүргүүдийг хариуцаж ажиллаж байгаа албан тушаалтны томилгооны асуудал шуурхай байх нь Монголын эрх ашигт нийцэх ёстой. Ойлгомжгүй удах нь зохимжгүй. Тийм учраас Ерөнхий сайд албан бичигтээ аравдугаар сарын 2-нд энэ асуудлыг парламентад танилцуулах боломжийг бүрдүүлж, Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг УИХ-ын даргаас хүссэн.
Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ийм хүнийг томилох гэж байгаа гэж мэдэгдэл хийсэн. Бүрэн эрхийнхээ дагуу асуудлаа танилцуулахдаа Ерөнхийлөгч болон УИХ-д явуулсан албан бичигтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаа Л.Мөнхбаатарыг чөлөөлөх, Б.Энхбаярыг танилцуулах гэж байгаагаа тодорхой бичсэн. Танилцуулах асуудал дууссаны дараа Ерөнхий сайд чөлөөлж, томилно. Үндсэн хуулийн 39.4 дээр Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилж чөлөөлөх огцруулах асуудлыг цуг бичсэн байгаа" гэлээ.