
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд "Урсгал зардал, тоног төхөөрөмжийн зардлыг бууруулж байж багш, эмч зэрэг төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр боллоо. Одоо онцгойнхон гэх мэт төрийн бусад албан хаагчид "Ажил хаяж байж л цалингаа нэмүүлэх юм байна" гэж дотроо бодож байгаа. Тиймээс Засгийн газар цалин, тэтгэврийн асуудалд түр зуур гал унтраах байдлаар бус урт хугацаандаа улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулах замаар шийдэх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг муу л бол хойд хар овоохой гэдэг шиг асуудлыг АН руу нялзаах юм. 2026 оны улсын төсвийг АН-ын гишүүдийн төсөв болж байгаа мэтээр ярьж байна. Төрийн өндөр албан тушаалтан ийм хариуцлагагүй зүйл хэлж болохгүй" гэв.