
Нэгдүгээр сарын 04-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан онц ноцтой хүн амины гэмт хэргийн талаар ХЗДХ-ийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ "Нийгмийн цочроосон маш харамсалтай хэрэг гарсан. Шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсан. Энэ албадлагын арга хэмжээний дараа болсон. Иймээс энэ үйл явдалтай холбоотой эрх зүйн орчны хүрээнд нэн яаралтай засаж, залруулах зүйлс байна. Тиймээс ХЗДХ-ийн сайдын тушаалаар өчигдөр шуурхай ажлын хэсэг байгуулагдаж, эрүүгийн хууль тогтоомжинд байгаа эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, үр нөлөөнд дүгнэлт хийж, хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлж байна.
Дахин ийм нийгмийн цочирдуулсан гэмт хэрэг гарах ёсгүй. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар УИХ-д өргөн мэдүүлж, хуулийн төслөө батлуулахаар ажиллах болно.
Гарсан гэмт хэргийн тухайд, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүд дэд даргаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, гэмт хэргийг шалгаж байгаа. Эрүүгийн цагдаа, мөрдөн шалгах байгууллага хамтран ажиллаж байна.
Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хуулийн дагуу явагдсан эсэх, шинжээчийн дүгнэлт бодитой, үнэн зөв байсан эсэхийг бид нягталж, шалгах ёстой. СЭМҮТ-ийн хатуу хяналтад байх ёстой этгээд ямар үндэслэл, дүгнэлтийн хүрээнд албадлагын арга хэмжээнээс чөлөөлөгдсөн бэ гэдгийг шалгаж, тогтоох хэрэгтэй" гэв.