Гоо үзэмж, агаар цэвэршүүлэх чадвар, арчилгааны энгийн байдлаараа мөнхрөө, мөлхөө авиргана, цахирмаа зэрэг ургамлууд олон жилийн турш бидний гэр, албан тасалгааг чимж, хүчилтөрөгчөөр тэтгэсээр ирсэн билээ.
Харин сүүлийн үед ургамал сонирхогчдын анхаарлыг ердийн ногоон навчит ургамлаас илүү этгээд төрх, өвөрмөц ургамлууд татах болжээ. Тэдгээрийн дундаас хамгийн содон нь шавжаар хооллодог махчин ургамлууд юм. Ургамал гэхээр нарны гэрэл, ус, хөрснөөс шим тэжээлээ авдаг гэж бид төсөөлдөг. Гэвч байгаль дээр энэ дүрмийг эвдсэн олон төрлийн ургамлууд бий. Дэлхийн зарим бүс нутгийн шим тэжээл багатай намаг, хүчиллэг хөрс, элсэрхэг газарт амьдрахын тулд ургамлууд өөр өөр цаг үед, дасан зохицож хувьсан өөрчлөгдсөн байдаг. Тухайлбал, Хойд Америкийн өмнөд хэсгийн задгай намаг, Зүүн Өмнөд Азийн ширэнгэн ой, халуун орны өндөр уулс болон Австралийн элсэрхэг бүс нутгуудад ургадаг зарим ургамал байгалийн хатуу ширүүн нөхцөлийг даван туулахын тулд хөрснөөс авч чаддаггүй шим тэжээлээ жижиг амьтад, шавжаар хооллох замаар нөхөх чадвартай болжээ.
Өнөөдөр дэлхий даяар ийм өвөрмөц бүтэцтэй 800 гаруй зүйлийн махчин ургамал албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Эдгээр нь бүгд шавжаар хооллодог ч олзоо барих арга нь харилцан адилгүй. Нэг хэсэг нь хавх мэт навчаараа олзоо түгжиж, тэдгээрээсээ шим тэжээлээ сордог бол нөгөө хэсэг нь наалдамхай шингэн ялгаруулан хөдөлгөөнгүй болгох замаар ан хийдэг аж. Харин үлдсэн төрлүүд нь өнгө, үнэр, хэлбэр дүрсээрээ шавжийг өөртөө татаж, сав хэлбэрийн навчиндаа унаган барих зэрэг дахин давтагдашгүй аргаар идэш тэжээлээ олдог байна. Тэгвэл эдгээр ургамлууд дундаас өвөрмөц бүтэц, агшин зуурын хурдаараа хамгийн түрүүнд ялгардаг нь Венерийн ялаа баригч Dionaea muscipul юм. Хойд Америкийн чийглэг намгаас гаралтай энэхүү ургамал нь дундуураа нээгдэж хаагддаг яг л хоёр тийш дэлгэсэн алга шиг хэлбэртэй аж. Улмаар навчны хоёр талын ирмэг нь амьтны шүд шиг хурц өргөснүүдтэй агаад гол хэсгийн тод улаан өнгөөрөө шавжийн анхаарлыг татаж, өөрөөсөө ялгаруулдаг чихэрлэг шүүсээрээ ангаа хормын дотор урхиддаг байна. Тухайлбал, уг махчин ургамал нь ангаа барихдаа навчны дотор талд байх нарийн мэдрэгч үснүүдээ ашиглаж үнэрт нь хууртан ирсэн шавжийг секундийн дотор хавчиж, өөрөөсөө ялгаруулдаг шүүсээрээ олзоо аажмаар задлан шим тэжээлээ авдаг аж. Ургамлын ертөнцөд амьтан шиг ийм түргэн хөдөлгөөн үзүүлдэг ургамал нь Венерийн ялаа баригч Dionaea muscipula байдаг бол өөр нэг содон төлөөлөл нь Nepenthes mirabilis юм.
Зүүн өмнөд Азийн халуун бүсийн балчиг намаг ихтэй газарт ургадаг, дунджаар 25 см урт болон томордог энэхүү ургамал нь хэлбэр дүрсээсээ болоод хүмүүсийн дунд “Сармагчны аяга” буюу савт ургамал хэмээн алдаршсан аж. Түүний навчны үзүүр нь доошоо унжсан, амсар задгай сав шиг ургадаг бөгөөд дотор нь хоол боловсруулах шингэн болон борооны ус хуримтлагддаг байна. Улмаар үнэр, өнгөнд нь татагдаж ирсэн хорхой шавжийг тэрхүү савныхаа гадаргуу дээр гулсуулан дотогш халтиран унагаж, хуримтлагдсан усандаа живүүлэн хооллодог аж. Ургамал судлаачдын тогтоосноор, саван доторх шингэн нь зөвхөн борооны уснаас гадна ургамлаас өөрөөс нь ялгардаг хүчиллэг ферменттэй холилдсон байдаг ажээ. Ийнхүү шавж усанд живэхээс гадна энэхүү хүчиллэг орчинд орсноор маш хурдан уусаж задардаг байна. Байгаль дээр ийм өвөрмөц бүтэцтэй олон төрлийн махчин ургамал байдаг бөгөөд тэд хортон шавжийн тоо толгойг зохицуулж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад тодорхой үүрэг гүйцэтгэдэг байна. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нөлөө, хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан махчин ургамлуудын зэрлэг байгаль дахь амьдрах орчин улам бүр сүйтгэгдсээр буй. Олон улсын байгаль хамгаалах холбооны (IUCN) хамгийн сүүлийн үеийн судалгаагаар, зэрлэг байгаль дахь Венерийн ялаа баригчийн тоо толгой түүхэн хэмжээнээсээ даруй 90 гаруй хувиар буурч, ердөө хэдхэн зуун мянга үлдсэн тул “Устаж болзошгүй” ангилалд албан ёсоор бүртгэжээ. Үүнээс гадна зэрлэг ургамлын хууль бус наймааг хянадаг CITES байгууллагын тайланд дурдсанаар, Сармагчны аяга ургамлын 100 гаруй зүйл зөвхөн Борнео болон Суматра арлын ширэнгэн ойд ургадаг бөгөөд тэдгээрийн амьдрах орчин дэлхийн дулаарлаас болж хуурайшсаны улмаас гуравны нэг нь бүрмөсөн устах өндөр эрсдэлтэй болоод буй аж. Үүний улмаас Олон улсын Улаан номд “Нэн ховордсон” ангилалд багтаахад хүргэжээ. Байгаль дээр ийнхүү ховордож буй нь ургамал сонирхогчдыг тэднийг зэрлэг байгалиас нь устгах биш, харин тусгай лабораторид үржүүлсэн суулгацыг авч, гэрийн нөхцөлд тасалгааны цэцэг болгон арчлах шинэ соёл руу хөтлөх болсон байна.
Өнөөдөр ургамал сонирхогчид махчин ургамлыг зөвхөн гэр чимэх ургамал төдийхнөөр бус, байгалийн сая сая жилийн хувьслын гайхамшгийг дэргэдээс нь ажиглах амьд боломж гэж үзэх болсон байна. Учир нь хэдхэн сантиметр өндөр бяцхан ургамлуудад өөрийн гэсэн ан хийх арга барил, амьд үлдэх нарийн чадвар суусныг харах, судлах боломж олгож байгаа нь энэ төрлийн ургамлыг ургуулах, арчлах сонирхлыг дэлхий дахинд
нэмэгдүүлэх болжээ. Тухайлбал, секунд хүрэхгүй хугацаанд навчаа хавх шиг хумин шавж барьдаг Венерийн ялаа баригч (Venus Flytrap), усаар дүүрсэн сав шиг навчаараа урхиддаг Непентес (Pitcher Plant), навчин дээрээ гялалзах наалдамхай шүүстэй Сундью (Sundew) зэрэг төрлүүд нь сүүлийн жилүүдэд тасалгааны нөхцөлд хамгийн сайн дасан зохицож, түгээмэл ургах болсон байна. Тэд зөвхөн өвөрмөц төрхөөрөө гоёод зогсохгүй зуны улиралд гэрт үрждэг ялаа, шумуул, хөрсний жижиг шавжийг устгах байгалийн эко шийдэл болдгоороо ургамал сонирхогчдын анхаарлыг татаж буй. Энэхүү сонирхол дэлхий даяар тренд болоход сошиал медиагийн нөлөө хүчтэй түлхэц болжээ. Инстаграм, ТикТок зэрэг платформ дээр Венерийн ялаа баригч навчаа агшин зуурт хумин ан хийж буй богино хэмжээний бичлэгүүд сая сая хандалт авч, ургамал сонирхогчдын анхаарлыг татах болсон байна. Улмаар дэлхийн алдартай тоглоомын брэнд болох Лего (LEGO) брэнд өөрийн шинэ цувралдаа махчин ургамлын иж бүрдлийг албан ёсоор гаргаж, видео тоглоомуудад ч тэдний дүр идэвхтэй дүрслэгдэх болсон байна. Үүний нөлөөгөөр махчин ургамлыг гэрийн нөхцөлд ургуулах соёл дэлхий дахинд хүчтэй өрнөжээ. Гэвч эдгээр амьд ангуучдыг гэртээ авчраад ургуулах нь хүн болгоны хийж чаддаг зүйл биш аж. Учир нь тэднийг ургуулахад нэлээд хөдөлмөр, тусгай арчилгаа шаарддаг байна. Хэрэв ургуулахаар зорьсон бол хамгийн түрүүнд усалгаандаа анхаарах хэрэгтэй. Махчин ургамлыг хэзээ ч цоргоны усаар усалж болдоггүй аж. Тэднийг зөвхөн борооны эсвэл эрдэс бодисгүй нэрмэл усаар тогтмол тэтгэх шаардлагатай байдаг. Мөн шим тэжээлтэй хар шороонд таривал үндэс нь хорддог тул зөвхөн хүчиллэг чанартай хүлэрт хөрс (peat moss) болон перлитийн холимогт суулгах хэрэгтэй байдаг байна. Үүнээс гадна хангалттай нарны гэрэл шаарддаг учраас гэрийн хамгийн их нарны илч тусдаг хэсэгт байрлуулах нь хамгийн тохиромжтой аж. Эцэст нь, цонхны тавцан дээрээ махчин ургамал ургуулах нь тасалгааны цэцгийн уламжлалт соёлыг бүрмөсөн өөрчлөх бус, тэднийг устаж үгүй болохоос сэргийлж буй хэрэг юм. Байгалийн шалгарлыг давах гэж сая сая жилийн турш хөгжсөн энэхүү нарийн механизмыг өөрийн гэртээ ойроос тольдож, арчилна гэдэг нь ургамлыг зүгээр нэг агаар цэвэршүүлэх хэрэгсэл төдийхнөөр биш, харин гэрийн тэжээвэр амьтан шиг арчилж халамжлах шинэ төрлийн соёлыг төлөвшүүлж буй ажээ.