
Токио хотоос хойд зүгт 100 км зайд орших Үцүномия хотын цагдаа болон анчид нийслэлтэй ийм ойр газар бараг үзэгддэггүй баавгайг эрэн хайж байна.
Үцүномия хотын нутаг дэвсгэрт анх удаа баавгай үзэгдсэний дараа тус хот бүх бага, дунд сургуулиа хаажээ. Хотод нийт 94 бага, дунд сургууль бий. Хагас сая орчим хүн амтай тус хотод бямба гарагт нэг метр орчим урттай дунд зэргийн хэмжээний хар баавгай цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо харагдсан аж.
Ням гаргийн үүрээр хотын төвд байрлах хяналтын камерт уг баавгай хоёр залуугийн өмнүүр гүйж өнгөрч буй нь бичигджээ.
Мөн ням гаргийн турш орон сууцны хорооллуудад, өнөө өглөө, орон нутгийн цагаар 04:00-ийн үед хотын төвөөс 2 км орчим зайтай үйлдвэрийн бүсэд дахин үзэгдсэн байна.
Хотын захиргаа иргэдэд хаалга, цонхоо түгжих, баавгайтай таарвал ойртохгүй байх, хамгийн ойрын барилга руу орж хоргодохыг зөвлөжээ. Мөн оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор чанга яригчтай автомашинууд ажиллуулж байна.
Энэ жил Япон даяар баавгай үзэгдсэн тухай 50 000 тохиолдол бүртгэгдсэн нь дээд амжилт болжээ. Ихэнх нь зүүн хойд бүсэд бүртгэгдсэн боловч Токиод ийм ойр газар үзэгдэх нь ховор тохиолдол гэнэ.
Өнгөрсөн сард Токиогийн баруун захын Окутама бүсэд нэгэн орос явган аялагч баавгайн халдлагад өртөн шархадсан бол удалгүй Хачиожи хотод мөн баавгай үзэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт Фукушима мужид дөрвөн хүнийг гэмтээсэн баавгай нэг компанийн оффист нэвтэрч ажилтныг шархдуулсны дараа үйлдвэр рүү орж, удалгүй цонхоор зугтсан гэж үзэж байна.
Японд баавгайн халдлага сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн гуравдугаар сар хүртэлх нэг жилийн хугацаанд баавгай халдснаас болж амиа алдаж, гэмтсэн иргэдийн тоо хамгийн өндөр түвшинд хүрчээ.
Орон нутгийн захиргаанууд баавгайн хөдөлгөөнийг хянахын тулд хиймэл оюун ухаантай холбогдсон хяналтын камер зэрэг янз бүрийн арга туршиж буй.
Японы үндсэн арал болох Хоншу дээр 12 000–42 000 орчим Азийн хар баавгай байдаг гэж тооцогддог. Энэ тоо жилээс жилд өсөж байгаа гэж үздэг.
Тэд 1.5 метр хүртэл урт, 120 кг хүртэл жинтэй болдог.
Харин илүү том хүрэн баавгай зөвхөн Хоккайдо арал дээр амьдардаг. Эрэгчин нь дунджаар 2 метр урт, 400 кг хүртэл жинтэй байдаг. Тэдний тоо толгой ойролцоогоор 12 000 гэж тооцогддог байна.
Царсны самар зэрэг үндсэн хоол тэжээлийн ургацын хэлбэлзэл нь баавгайг хот тосгон руу хоол хайхаар ороход хүргэдэг. Мөн хөдөө орон нутгийн хүн ам, ялангуяа залуучуудын тоо буурч буй нь суурьшлын бүсийг нам гүм болгож, баавгай хүнтэй ойртох магадлалыг нэмэгдүүлж байна гэж мэргэжилтнүүд үздэг.