
Далан давхар хэмээн нэрлэж заншсан Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын 9.6 га талбайг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөх ажлыг гүйцэтгэж байна. Уг ажлыг 9 дүгээр сарын 30-нд дуусгахаар төлөвлөжээ. Шилжүүлэх, чөлөөлөх ажлын хүрээнд бүх үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, журам, стандартын дагуу, талийгаачдын гэгээн дурсгалыг хүндэтгэн, буддын шашны зан үйл болон эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангаж зохион байгуулж байна. Цаашид шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлан сац бүтээж, хүндэтгэлийн суваргад залах ажлыг Монгол Улсын хууль тогтоомж, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага болон уламжлалт зан үйлийг чанд мөрдөн үе шаттайгаар зохион байгуулах гэнэ.
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын бурхан болоочдын бүртгэлийг QR кодтой, нэгдсэн мэдээллийн сан бүхий дижитал бүртгэлийн карт хэлбэрээр боловсруулах ажил дуусах шатандаа оржээ. Уг бүртгэл нь бурхан болооч тус бүрийн мэдээллийг 10 үе шаттайгаар, цаг минутын нарийвчлалтайгаар протоколчлон бүртгэх боломжтой бөгөөд оршуулгын байршлын уртраг, өргөргийн координат, хөшөөний зураг, бүртгэлийн дугаар болон холбогдох бусад мэдээллийг QR кодоор дамжуулан харах боломжтой гэнэ. Програм хангамжийг мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор боловсруулж байгаа бөгөөд бүртгэлийн мэдээллийг төслийн гүйцэтгэгч компани болох “Дөл Буян” ХХК-ийн менежерүүд нэг бүрчлэн оруулж, нягтлан шалгаж, баталгаажуулан ажиллаж байна.
Бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссанаар оршуулгын мэдээлэл үйлчилгээний нэгдсэн төв, Эмгэг судлалын төв буюу цогцос хадгалах байр, салах ёслолын өргөө, талийгаачийн дурсгалыг мөнхжүүлэх дурсгалын хана, чандар залах нийтийн хөрсний сектор мөн чандар залах нийтийн суварга зэрэг цогц бүтээн байгуулалт болох гэнэ.
Самбалхүндэвийн оршуулгын газрын газрыг чөлөөлж "Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн" болгох ажлыг 2019 оноос хойш эхлүүлсэн. Далан давхрын оршуулгын газарт бүтээн байгуулалт хийх ажлын газар чөлөөлтийн төсвийг нийслэлээс гаргаж буй юм.
Тухайлбал, 7 га талбайд бүтээн байгуулалтын үндсэн ажлууд, хоёр га талбайд ногоон байгууламж, нэг га талбайд цогцос хадгалах байгууламж баригдахаар төлөвлөсөн. Уг төслийг "Нью Семетри" компани нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж, 10 га талбайг иж бүрэн тохижуулах аж.
Мөн нийслэлийн Захирагчийн ажлын алба болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтран энэ онд нийт 22 мянган шарилыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж, худалдан авах ажиллагааг эхлүүлээд байна.