
Монгол Улс 2026 оны нэгдүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.долларт хүржээ. Үүнээс экспорт 1.7 тэрбум ам.доллар, импорт 843.0 сая ам.доллар болж, тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 608.9 сая ам.доллар, экспорт 730.2 сая ам.доллар, тэнцэл 851.5 сая ам.доллароор тус тус өсөж, импорт 121.3 сая ам.доллароор буурсан байна. Экспорт ингэж өсөхөд зэсийн хүдэр болон баяжмал 462.3 сая ам.доллар, нүүрс 167.6 сая ам.доллар, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 95.5 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 8.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин жоншны хүдэр болон баяжмал 15.0 сая ам.доллар, цайрын хүдэр болон баяжмал 6.0 сая ам.доллар, боловсруулаагүй газрын тос 5.6 сая ам.доллар, молибдений хүдэр, баяжмал 2.5 сая ам.доллароор буурсан байна.
Импорт өмнөх оны мөн үеэс 121.3 сая ам.доллароор буурахад суудлын автомашин 73.1 сая ам.доллар, ачааны автомашин 36.1 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 17.6 сая ам.доллар, дизелийн түлш 13.0 сая ам.доллар, бульдозер, экскаватор зэрэг 7.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин авто бензин 26.8 сая ам.доллар, азотын бордоо 5.8 сая ам.доллар,тунгаар савлагдсан эм 3.5 сая ам.доллароор тус тус өссөн байна.