
Сенегалын Дакар, Диамниадио, Сали хотод болж буй залуучуудын зуны спортын IV олимпын наадам ирэх баасан гарагт өндөрлөнө. 204 орны 14-17 насны 2700 орчим тамирчид спортын 25 төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөж, залуу үеийн олимпын аваргууд тодорсоор байна. Энэ наадамд жүдо бөх, бокс, байт харваа, таеквондо, хөнгөн атлетик, спорт гимнастик, элсний волейбол, усанд сэлэлт, футзал, спорт гимнастик зэрэг 25 спортын төрөл багтсан. Манай улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 10 тамирчин эрх авч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна. Тив, тивийн шилдэг залуустай өрсөлдөж буй Монгол Улсын баг наадмын эхний өдрөөс эхлэн медаль хүртсэн орны тоонд багтсан.
Монгол Улсын эхний медалийг Т.Төгсхүслэн авлаа
Наадмын эхний өдөр жүдо бөхийн тэмцээн болж залуучуудын олимпын анхны аваргууд тодорсон. Манай улсаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Т.Төгсхүслэн хүрэл медаль хүртэж, багийнхаа амжилтыг эхлүүлсэн билээ. Тэрээр хагас шигшээд Хорватын Йона Зворцод нэмэлт цагт ялагдсан ч олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд ялж медалийн тавцанд зогссон юм. Т.Төгсхүслэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар багштай Нийслэлийн Ерөнхий боловсролын “Мон-Алтиус” Ахлах сургууль, “Цагаанбаатар” академийн тамирчин юм. Тэрээр багаасаа жүдо бөхөөр хичээллэж, Дорнод аймгаас Улаанбаатарт шилжин иржээ. Т.Төгсхүслэн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2025 онд мөнгө, 2026 онд алтан медаль хүртсэн юм. Тэрээр “Дакар-2026” залуучуудын олимпын наадамд Ази тивээ төлөөлөн оролцож, медалийн тавцанд зогсож чадлаа. Энэ амжилтаар Монгол Улсын баг эхний өдрөөс эхлэн медаль хүртсэн орны тоонд багтсан юм.
17 настай Э.Энхмэнд, 15 настай Б.Оргилмаа нар залуучуудын олимпын шилдгүүдийн дунд багтлаа
"Дакар 2026" залуучуудын олимпын наадмын усанд сэлэлтийн төрөлд Э.Энхмэнд, Б.Оргилмаа нар оролцлоо. Манай тамирчид финалын уралдаанд шалгарсан зэрэг том амжилтаар анхны олимпын түүхээ бичсэн юм.
17 настай Э.Энхмэнд эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий төрлийн финалд шалгарч долоодугаар байр эзэлсэн юм. Тэрээр хоёр гарааны дараа финалын шатанд өрсөлдөх найман тамирчны нэг болсон. Э.Энхмэнд Болив, Катар, Казахстаны тамирчдын араас долоодугаар байраар тэмцээнээ дуусгасан. Энэ нь гурван зайн уралдааны хамгийн өндөр амжилт болсон юм. Э.Энхмэнд 17 насандаа эх орноо төлөөлөн залуучуудын олимпын наадамд уралдаж, том туршлага хуримтлууллаа. Мөн анхны наадамдаа шилдэг наймд үлдэж, 7-р байр эзэлсэн шинэ түүхийг бичлээ.
Б.Оргилмаа эмэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд тавдугаар гараанд 29.02 секундын амжилтаар зургаадугаар байр эзэлсэн. Энэ төрөлд нийт 68 тамирчин өрсөлдсөн бөгөөд Б.Оргилмаа 40 дүгээрт байрт орсон. Тайландад бэлтгэл сургуулилтаа хийдэг түүний хувьд 15 насандаа олимпын наадамд өрсөлдөж, шинэ түүхийг бүтээсэн юм. Африкт болж буй анхны олимпын наадамд тэрээр нийт дөрвөн зайд уралдаж, үе тэнгийн залуусаасаа том туршлага хуримтлууллаа.
Г.Ариунхүслэн маргааш уралдаантай
Монголын дугуйн спортын өсвөр үе, залуучуудыг бэлтгэж буй дасгалжуулагчийн нэг бол Г.Батсүх билээ. Харин түүний удирдлага дор энэ удаа Монголын эмэгтэй дугуйчдын эгнээнд хүч түрэн орж ирж буй Г.Ариунхүслэн оролцож байна. Монголын дугуйчид Сенегалд амжилтаа бичиж байна.
17 насандаа залуучуудын олимпын наадмын эрх авсан Г.Ариунхүслэн дугуйн спортоор хичээллээд гурван жил болж байгаа ч олон амжилтын эзэн болсон юм. Тэрээр энэ онд улсын аварга болсон бөгөөд Ази тивийн сонгон шалгаруулалтаас залуучуудын олимпын наадмын эрхийг авсан. Түүний хувьд маргааш цуваа гарааны уралдаантай.
Залуучуудын олимпын наадамд оролцож буй анхны эмэгтэй боксчин А.Алтанзул маргааш тулаантай
Боксын спортын эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өрсөлдөх тамирчин А.Алтанзул дасгалжуулагч Б.Ганзоригийн хамт оролцож байна. Түүний хувьд залуучуудын олимпын наадамд боксын төрөлд оролцож буй анхны эмэгтэй тамирчин болж, түүхэн амжилтын эзэн болсон. Нийслэлийн 58-р сургуулийн 10-р ангийн сурагч тэрээр боксын “Ихэр бээлий” клубт бэлтгэлээ хийдэг аж. Монгол Улсын өсвөрийн улсын аварга А.Алтанзул залуучуудын тэмцээнд эгч нартайгаа өрсөлдөж мөнгөн медаль хүртсэн. Түүний хувьд “Дакар-2026” залуучуудын олимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан манай шилдэг өсвөрийн тамирчдын нэг юм.
А.Алтанзул эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд маргааш шөвгийн наймын тулааныг хийнэ. Түүний өрсөлдөгч өнөөдөр тодорно.
Гэрэл зургийг Д.НямбилэгМонголын эрэгтэй баг шилдэг наймд шалгарлаа
Багийн төрлөөр залуучуудын олимпын наадамд 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг эрх авсан билээ. Манай залуус энэ удаагийн наадамд хэсэгтээ Венесуэлийг хожиж, Аргентиний багт хожигдон шилдэг наймд шалгарсан юм. Улмаар өчигдөр хагас шигшээд тоглох эрхийн төлөө талбайн эзэн Сенегалын багтай тоглосон. Энэ тоглолт 20-11-ээр Сенегалын багийн ялалтаар өндөрлөлөө. Монгол Улсын өсвөрийн шигшээ баг залуучуудын олимпын наадамд шилдэг наймд үлдсэн амжилтаар тэмцээнээ дуусгалаа.
Багийн бүрэлдэхүүнд Д.Сүхбат, М.Мөнх-Эрдэнэ, Х.Билигт, Н.Дэлгэрмөрөн нар багтсан бөгөөд дасгалжуулагч Г.Ундрахын удирдлага оролцож, Венесуэлийн багийг хожин том дуулиан тарьсан юм.
Э.Анужин элсний бөхийн төрлөөр залуучуудын олимпын медальтан боллоо
Африкт тивд анх удаа болж буй залуучуудын олимпын наадамд чөлөөт бөхийн төрөл багтаагүй ч элсний бөхийн төрөл орсон. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй элсний чөлөөт бөхийн төрөлд манай залуус өндөр амжилт гаргаж байгаа билээ. Тэгвэл "Дакар-2026" олимпын наадмын элсний бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор оролцож байна.
Налайх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч Э.Анужин чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын эзэн юм. Тэрээр элсний бөхийн төрлөөр ч тогтмол өндөр амжилт гаргаж байгаа. Тиймээс энэ удаагийн залуучуудын олимпын наадамд 17 настай Э.Анужин эх орноо төлөөлөн Ази тивийн сонгон шалгаруулалтаас шалгарчээ.
Э.Анужин 65 кг-ын жинд Хорватын бөх Радос Эмануэла, Сенегалын бөх Манга Мэри, АНУ-ын Апостол Алея нарыг дараалан ялж, хагас шигшээд Доминиканы тамирчин Росадо Валерио Ёлайнид 1:3-аар ялагдан хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрээр Египетийн тамирчин А.Малакыг 6:2-оор ялж, залуучуудын олимпын наадмын медальтан боллоо.
17 настай Э.Анужин залуучуудын олимпын наадмаас элсний бөхийн төрлөөр медаль хүртсэн Монгол Улсын анхны тамирчин боллоо. Хамгийн сонирхолтой нь тэрээр, “Сингапур 2010” залуучуудын олимпын анхны аварга Б.Батцэцэг, “Наньжин-2014” олимпын мөнгөн медальт Б.Дөлгөөн нарын дэвжээний гурав дахь тамирчин юм. Тодруулбал, Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны чөлөөт бөхийн дэвжээнээс залуучуудын олимпын гурав дахь медальтан тодорлоо.
Монгол Улсын багаас жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн, элсний чөлөөт бөхийн төрөлд Э.Анужин нар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр манай баг Беларусь, Буркино Фасо, Молдав, Польш улсын хамтаар 63 дугаар байрт жагсаж байна. Өнөөдрийн байдлаар 76 орон ямар нэгэн медаль хүртжээ.
Сенегалд болж буй залуучуудын олимпын наадам ирэх баасан гарагт өндөрлөнө. Манай улсаас бокс, дугуйн төрөлд тамирчид өрсөлдөнө.
