
Эквадорын Галапагосын арлуудад багтдаг Флореанад хамгийн сүүлд 150 жилийн өмнө л аварга яст мэлхий амьдарч байв. Тэгвэл тус аралд эрлийз яст мэлхийнүүд дахин суурьшуулжээ. Тус арлын доройтсон экосистемийг сэргээх ажлын хүрээнд аварга яст мэлхийнүүдийг дахин нутагшуулж буй юм.
Мэргэжилтнүүд 8-аас 13 насны 158 шинэ яст мэлхий дахин суурьшуулжээ. Галапагосын арлууд дээр алдарт эрдэмтэд Чарльз Дарвин туршилт явуулж хувьслын онолоо боловсруулсан билээ.
Галапагосын үндэсний паркийн үржүүлгийн төвийн захирал Фреди Виллалба “Тэд байгальд амьдрах хэмжээнд хүрч хангалттай бойжсон. Харх, муур зэрэг гаднаас орж ирсэн амьтдаас өөрийгөө хамгаалж чадна” гэв. Флореана аралд зориулж хамгийн сайн, хүчтэй удмын яст мэлхийг сонгосон гэж хэлсэн юм.
Флореана аралд нийт 700 яст мэлхийг шат дараалалтайгаар нутагшуулахаар эрдэмтэд төлөвлөж буй. Галапагосын үндэсний паркийн экосистемийн захирал Кристиан Севильягийн хэлснээр, яст мэлхийнүүд 150 жилийн өмнө устсан "Chelonoidis niger" төрлийн мэлхийн генийн 40-өөс 80 хувийг агуулдаг байна.
Эрлийзжүүлсэн яст мэлхийнүүдийн Изабела арал дээрх Вольф галт уулнаас гаралтай гэж Севилья хэлжээ. Шинээр суурьшуулсан яст мэлхийнүүд дунд сонгомол үржүүлэг явуулах замаар Флореана арлын яст мэлхийн тоо толгойг сэргээхээр зорьж байгаа юм.