
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса бичиг баримтгүй гадаадын иргэдийг тус улсаас гарахыг шаардлагыг эсэргүүцэн жагсаал хийхээр төлөвлөж буй хүмүүст "айлган сүрдүүлэх, заналхийлэх, эсвэл шаардлага тулгахгүйгээр" жагсаалаа хийхийг анхаарууллаа.
Сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд хүчирхийлэл гарахаас эмээсэн Африкийн бусад орны хэдэн мянган иргэн Өмнөд Африкийг аль хэдийн орхижээ. Сүүлийн саруудад эсэргүүцлийн жагсаал эрчимжихийн хэрээр Рамафоса жагсагчдад тайван, хариуцлагатай байхыг удаа дараа уриалж буй. Тэрээр мөн үүний зэрэгцээ цагаачлалын тогтолцоог шинэчлэх шаардлагатайг ч хүлээн зөвшөөрчээ. "Өмнөд Африкт амьдарч буй зарим гадаадын иргэн хууль ёсны үндэслэлээр энд оршин суудаг. Тэд ажиллаж, суралцаж, гэр бүлээ өсгөж, манай эдийн засагт хөрөнгө оруулж, нийгэмд маань эерэг хувь нэмэр оруулдаг. Тэд ч мөн адил манай хууль тогтоомж болон Үндсэн хуулийн хамгаалалтад хамрагдах эрхтэй. Жагсаал хийх эрх болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь бусдыг заналхийлэх, айлган сүрдүүлэх, эсвэл эд хөрөнгө сүйтгэх, хүчирхийлэл үйлдэх эрхийг олгодоггүй" гэж ерөнхийлөгчийн долоо хоног тутмын мэдээллийн товхимолдоо бичжээ.
Албан ёсны мэдээллээр Өмнөд Африкт гурван сая гаруй бүртгэлтэй гадаадын иргэн оршин суудаг байна.

Бичиг баримтгүй гадаадын иргэдийг тус улсаас гарахыг шаардсан хугацаа ойртохын хэрээр олон мянган цагаач аюулгүй байдлын үүднээс хэдэн долоо хоногийн турш түр хуаранд бүртгэлийн ажиллагаагаа хүлээн суужээ. Хамгийн томоохон жагсаалууд болсон Дурбан хотод голдуу Малавийн иргэдийг байрлуулсан цагаан майхануудыг буулгаж эхэлжээ. Эрх баригчид түр шилжин суурьшуулах хуаранг чөлөөлөхөөр ажиллаж байна.
Цагаачдын эсрэг жагсаалыг мягмар гарагт Дурбан, Йоханнесбург болон бусад хотод зохион байгуулахаар зөвшөөрөл олгожээ. Эрх баригчид жагсаал зохион байгуулагчдад хүчирхийлэл гарахаас сэргийлэхийг анхааруулсан ч аливаа эмх замбараагүй байдалд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Цагдаагийн байгууллага уламжлалт зэвсэг авч явахыг хориглосон гэж мэдэгдсэн нь жагсагчид болон цагдаа нарын хооронд хурцадмал байдал үүсгэж болзошгүй байгаа юм. Учир нь жагсагчдын олонх нь зулу үндэстэн бөгөөд тэд жагсаалд оролцохдоо уламжлал ёсоор бамбай, ташуур, саваа авч явдаг.
Засгийн газрын мэдээлснээр, энэ оны эхээр эхэлсэн эсэргүүцлийн давалгаанаас хойш 12000 гаруй цагаачийг албадан гаргаж эх оронд нь буцаажээ.
Гана, Малави, Мозамбик, Нигери, Зимбабве улс сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд агаарын болон авто тээврээр иргэдээ буцаах ажлыг зохион байгуулсан. Ойролцоогоор 3500 гадаадын иргэн сайн дураараа буцах хүсэлт гаргасан байна.
Өмнөд Африкийн эрх баригчид буцаагдсан 500 гаруй Нигери иргэн шаардлагатай бичиг баримтгүй байсан гэж мэдэгдсэн боловч Нигерийн тал үүнийг няцаажээ.
Гадаадын иргэдийг үзэн ядах үзэл буюу сенофоби нь Өмнөд Африкт удаан хугацаанд оршсоор ирсэн асуудал бөгөөд зарим тохиолдолд хүчирхийлэлд хүргэдэг.
Африкийн Цагаачлал ба Нийгмийн төвийн (ACMS) сенофоб хүчирхийллийг бүртгэдэг Xenowatch төслийн мэдээлснээр, энэ онд ийм төрлийн хүчирхийллийн улмаас хоёр хүн амиа алджээ.
2008 онд Өмнөд Африкийн бус иргэдийн эсрэг үймээн самууны үеэр 60 гаруй хүн амь үрэгдэж байсан юм.