Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсаа байгуулсны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай түрүүлж улсын арслан цол хүртлээ. 

Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж улсын гарди цол хүртлээ. 

1991 онд улсын гарди П.Сүхбат үзүүрлснээс хойш 34 жилийн дараа ийнхүү Баянхонгор аймгийн бөх төрийн наадмын үзүүр түрүүнд барилдлаа. Харин улсын арслан цолны тухайд 76 жилийн дараа Баянхонгор аймгаас улсын арслан цолтон төрж байна.

Улсын арслан Э.Батмангай 2001 онд төрсөн 24 настай бол улсын гарди Н.Өсөхбаяр нь 1998 онд төрсөн 27 настай. Ийнхүү 2000 оноос хойш төрсөн бөх анх удаа төрийн наадамд түрүүлж үндэсний бөхөд үе солигдож байгааг харууллаа

Улсын арслан Э.Батмагнай "Монгол нийт ард түмэндээ баярын мэнд хүргэе. Энэ сайхан мэдрэмжийг авахыг өглөө сэрэхдээ, орой унтахдаа бодож 15 жилийг зориулсан байна. Цолоо ахиулна гэхээс илүү түрүүлнэ гэсэн бодолтой барилдсан. Түрүүлсэндээ баяртай байна. Тусалж дэмжсэн нийт хүмүүсдээ баярлалаа" гэв.