
Испанийн парламент түрээслэгчдэд зориулсан яаралтай тусламжийн багцыг няцааснаас нэг өдрийн дараа хэдэн арван мянган хүн хямд үнэтэй орон сууцны бодлого хэрэгжүүлэхийг шаардан улс даяар жагсжээ.
Бямба гарагт нийслэл Мадрид болон 50 орчим хотод жагсагчид гудамжинд гарч, бүх нийтийн ажил хаялт зарлах, орон сууцны үнэ огцом өсөж буй асуудлыг шийдвэрлэх шинэчлэл хийхийг шаардсан байна.
Баасан гарагт Ерөнхий сайд Педро Санчесийн тэргүүлдэг зүүний чиглэлийн цөөнхийн засгийн газраас орон сууцны хямралыг намжаах зорилгоор санал болгосон хоёр тогтоолыг парламент дэмжээгүй юм.
“Ичмээр хэрэг. Энэ нь ард түмэн улс төрийн намуудад биш, улс төрчид ард түмний хүсэлд нийцэж ажиллах ёстойг дахин харууллаа. Ийм байдлаар цааш явж болохгүй” гэж 26 настай жагсагч Нандо де Ангуло Reuters агентлагт ярьжээ.
Түрээслэгчдийн холбооны төлөөлөгч Валерия Расу бямба гарагийн жагсаал нь “бидний удаан хугацаанд хараагүй шинэ эрч хүчийг” харууллаа гэж хэлжээ. Тэрбээр “ард түмний найман өдрийн хүч найман жилийн дэвшилтэт засгийн газраас илүү үр дүнд хүрч болохыг” энэ хөдөлгөөн харуулж байна гэж мэдэгдсэн байна.
87 настай өндөр настай эмэгтэйг Мадрид дахь гэрээс нь албадан гаргасан нь долоо хоног гаруйн өмнө эхэлсэн хөдөлгөөний гол өдөөгч болжээ. Үүний дараа хэдэн зуун хүн Мадридын төвд майхан барин сууж, орон сууцны салбарт шинэчлэл хийхийг шаардсан.
Зүүн өмнөд хэсгийн Валенсиа хотод цагдаа нар жагсаалыг тараахын тулд резинэн сум, нулимс асгаруулагч хий ашигласан байна. Жагсагчдын 30 орчим нь хотын урлаг, шинжлэх ухааны цогцолбор гэх алдартай соёлын байгууламжид нэвтэрсэн ч цагдаа нар тэднийг гаргажээ.
Харин бусад олон арван хотод болсон жагсаал тайван үргэлжилж, хүмүүс “Амьдрах орон сууц, амьдрах гараг” болон “Дээвэртэй байх эрх” зэрэг уриа бүхий лоозон барьсан байна.