
Япон улс бүх гадаадын иргэдэд ногдох визийн хураамжийг тав дахин нэмэгдүүллээ. Визийн хураамжийн энэ өөрчлөлт нь 50 жилийн дараа тохиож буй анхны нэмэгдэл юм.
Долоодугаар сарын 1-нээс эхлэн нэг удаагийн визийн хураамж одоогийн 3000 иэнээс 15 000 иен болж өснө. Харин олон удаагийн визийн хураамж 6000 иенээс 30 000 иен болж нэмэгдэх юм.
1978 оноос хойших анхны визийн хураамжийн өөрчлөлт нь "инфляц болон валютын ханшийн хэлбэлзлийг тусгах" зорилготой гэж Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрээр мөн "Энэ нь Япон руу ирэх аялал жуулчлалд шууд нөлөө үзүүлнэ гэж бид үзэхгүй байна" гэж нэмж хэлсэн байна.
Японы иенийн ханш 2021 оноос хойш тасралтгүй суларч байгаа бөгөөд одоо сүүлийн 40 жилийн түүхэн доод түвшинтэй ойролцоо очоод буй. Иэний ханш суларсан ч цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт явагдсанаар Японд ирэх жуулчдын тоо эрс өсжээ. Өнгөрсөн жил тус улс түүхэн дээд үзүүлэлт болсон 42.7 сая жуулчин хүлээн авсан байна.
Тавдугаар сард Японы парламентын Дээд танхим гадаадын иргэдтэй холбоотой бусад төлбөрийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг баталсан. Энэ өөрчлөлтийн дагуу байнгын оршин суух зөвшөөрлийн өргөдлийн хураамжийн дээд хэмжээ одоогийн 10 000 иенээс 300 000 иен болж, 30 дахин өснө.
Мөн оршин суух статус өөрчлөх эсвэл оршин суух хугацааг сунгах хураамж одоогийн 10 000 иенээс 100 000 иен хүртэл нэмэгдэх юм.
Эдгээр төлбөрийн өсөлтийг дэмжигч албаныхан Япон улс виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой төлбөрөө Их Долоогийн бүлгийн бусад орнуудын түвшинд ойртуулах шаардлагатай гэж үзэж байна.
Жишээлбэл, АНУ-д цагаачлалын бус визийн өргөдлийн хураамж 185–315 ам.долларын хооронд байдаг. Харин Их Британид зургаан сар хүртэл хугацаагаар оршин суух стандарт богино хугацааны визийн үнэ 135 фунт стерлинг байдаг.