
Монгол Улсын хүн ам сүүлийн жилүүдэд өссөөр байна. Үүнийг дагаад хотжилт, хөдөлмөрийн зах зээл, боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг нийгмийн олон салбарт шинэ хэрэгцээ бий болж байна. Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг олон өнцгөөс харж болох ч хүн амын тоо, бүтэц, өсөлтийн хурдад гарч буй өөрчлөлт нь нийгэмд ямар өөрчлөлт явагдаж байгааг харах нэг чухал үзүүлэлт болдог.
Саяхан танилцуулагдсан Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 589 826-д хүрчээ. Хүн амын тоо ийнхүү нэмэгдсэн ч өсөлтийн хурд өмнөх үеийнхээс саарсан байна. Тодруулбал, 2020–2025 онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай байжээ.
Монгол Улс 1918 онд хүн амын анхны тооллогыг зохион байгуулснаас хойш нийт 11 удаагийн үндсэн тооллого, 2 удаагийн завсрын тооллогыг явуулсан байна. Эдгээр тооллогын үр дүнгээс харахад сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хүн ам даруй зургаа дахин өссөн байна. Гэвч хүн амын өсөлтийн хурд эдгээр онуудад харилцан адилгүй байсан бөгөөд зарим онуудад өсөлтийн хурд өндөр, зарим онуудад өсөлтийн хурд удааширсан байна. Тухайлбал, Монгол Улсын хүн амын тооны 100 гаруй жилийн өөрчлөлтийн хандлагыг тооллого хооронд авч үзвэл,
1918-1956: Тогтмол боловч удаан өсөлт
1918-1935 оны хооронд хүн ам 90 мянгаар, 1935-1944 онд ердөө 20 мянгаар, 1944-1956 онд 86 мянгаар нэмэгджээ. Энэ нь тухайн үеийн нийгмийн нөхцөл, өвчлөл, эрүүл мэндийн үйлчилгээний хомс байдал, нийгмийн тогтворгүй байдлын тусгал юм. Хүн амын жилийн дундаж өсөлт 0.3-0.9 хувь орчимд хэлбэлзэж байв.
1956-1989: Огцом өсөлтийн үе
1963 онд хүн амын тоо анх удаа 1 саяыг давж, 1989 он гэхэд 2.0 саяд хүрэв. Энэ үеийн хүн амын өсөлт нь хүн амын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, халамжийн бодлого, төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.5-2.9 хувь буюу оргил үедээ хүрсэн.
1989-2010: Шилжилтийн үеийн удаашрал
1989-2010 онд хүн амын өсөлт эрс удааширч, жилийн дундаж өсөлт 1.4-1.5 хувьд хүрсэн. Энэ нь зах зээлийн эдийн засагт шилжих явцад үүссэн эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал, хотжилт, төрөлт буурсан зэрэгтэй холбоотой.
2010-2020: Сэргэлтийн үе
2000-2010 нд хүн ам 2.4 саяаас 2.8 саяд хүрч, 2020 онд 3.3 сая болсон. Төрөлтийн түвшин 2006 оноос дахин өсөж, 2014 онд оргил түвшиндээ хүрсэн нь хүн амын өсөлтөд хүчтэй нөлөөлсөн. 2010 оноос хойш хүн амын жилийн дундаж өсөлт 2.0 хувь болсон нь хүн амын өсөлтөд сэргэлтийн шинэ үе эхэлснийг илтгэнэ.
2020-2025: Сүүлийн жилүүдийн хүн амын өсөлтийн удаашрах хандлага
2010 оноос хойш сэргэж байсан хүн амын өсөлт 2020 оноос хойш дахин саарчээ. 2020–2025 онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай байна. Үүнд төрөлтийн түвшний өөрчлөлт, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн тоо болон насны бүтцийн өөрчлөлт зэрэг хүн ам зүйн хүчин зүйлс нөлөөлж байгааг статистик харуулж буй.
Гэхдээ хүн амын өсөлтийн хурд саарч буй энэ өөрчлөлтийг зөвхөн хүн ам зүйн үзүүлэлтээр авч үзэх боломжгүй. Төрөлт, гэр бүл төлөвлөлтөд тухайн үеийн эдийн засаг, нийгмийн нөхцөл, тэр дундаа өрхийн орлого, ажлын байрны тогтвортой байдал, орон сууцны хүртээмж, боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны мэдээллээр Монгол Улсын нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2 сая 934.4 мянган төгрөг байна. Салбараар нь авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарын цалин хамгийн өндөр буюу 5.4 сая төгрөгт хүрч байгаа бол залуучууд олноор ажилладаг үйлчилгээ, боловсрол, зочид буудал, нийтийн хоолны салбарын дундаж цалин улсын дунджаас 35.8 хувиар бага буюу 1.9 сая төгрөг орчимд байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, инфляцийн түвшин өссөн нь өрхийн, ялангуяа залуу гэр бүлүүдийн бодит орлогод шууд нөлөөлж, гэр бүл төлөвлөлтийн шийдвэрийг хойшлуулах нэг хүчин зүйл болж буй. Үүнээс гадна дотоодын хөдөлмөрийн зах зээл дэх цалин хөлсний энэхүү зөрүү болон амьдрах өртгийн дарамт нь залуучуудыг илүү таатай нөхцөл, өндөр орлого хайн хилийн чанадыг зориход хүргэж буйг дараах статистик үзүүлэлт харуулж байна.
Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр гадаадад оршин суугаа 201 350 иргэн тоологдож, өмнөх тооллогоос 64.6 хувиар өссөн нь гадаад шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг харуулж байна. Энэхүү өсөлт нь бүх насны бүлэгт жигд бус тархсан буюу залуучууд болон хөдөлмөрийн насныханд илүү төвлөрч байна. 2025 онд 15- 39 насныхан гадаадад оршин суугчдын 59.5 хувийг эзэлж байна. Ялангуяа 15-19 насны бүлгийнхний тоо өмнөх тооллоготой харьцуулахад 2.7 дахин өссөн нь боловсрол эзэмших зорилгоор гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг илтгэж байна. Түүнчлэн 55 ба түүнээс дээш насны хүн амын өсөлт харьцангуй өндөр хэвээр байна. Хүйсийн харьцааны хувьд 2020 онд 100 эмэгтэйд ногдох эрэгтэйчүүдийн тоо 86.3 хувь байсан бол 2025 онд 86.6 хувь болж, хүйсийн харьцаа 0.3 нэгж хувиар өссөн байна. Харин 0-19 насны эрэгтэйчүүдийн хүйсийн харьцаа өндөр байгаа бол 20-иос дээш насны эмэгтэйчүүдийн хүйсийн харьцааны эзлэх хувь өсөж, ялангуяа хөдөлмөрийн насны эмэгтэйчүүд илүү олноороо гадаадад оршин сууж байна.
Өмнөх тооллогын дүнгээс үзэхэд Ази, Номхон далайн бүс нутаг болон Америк тив рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн давамгайлж байсан бол сүүлийн жилүүдэд энэхүү бүтэц аажмаар өөрчлөгдөж, Европын бүс нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байна. Гадаадад оршин суугаа иргэдийн 59.9 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт, 27.3 хувь нь Европ тивд оршин сууж байна. Баруун бүсээс шилжин явсан иргэдийн 69.7 хувь нь мөн Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрсөн байна. Өмнөх оны тооллоготой харьцуулахад Ази, Номхон далайн бүсэд оршин суугаа иргэд 1.1 нэгж хувиар, Европ тивд оршин суугаа иргэд 3.4 нэгж хувиар тус тус өссөн бол Америк тивд 4.3 нэгж хувиар, Африк тивд 0.2 нэгж хувиар буурсан байна. Улаанбаатар хотоос шилжин суурьшигчдын урсгал Ази, Европ, Америк гэсэн үндсэн гурван бүсэд харьцангуй жигд тархсан байна. Харин хөдөө орон нутгаас шилжин явсан иргэдийн хувьд өмнө нь Ази тивд төвлөрч байсан урсгал буурч, Европ тив рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөн нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг улсаар нь авч үзвэл БНСУ-д 25.4 хувь, Америкт 15.8 хувь, Японд 9.5 хувь, Австралид 7.2 хувь, Бусад улсад 6.7 хувь нь тус тус оршин сууж байна.
Гадаадад оршин суугаа монголчуудын тоо нэмэгдэхийн зэрэгцээ тэдний дийлэнхийг залуу болон хөдөлмөрийн насныхан эзэлж байгаа нь хүн амын тооноос илүүтэй ажиллах хүчний чанарын өөрчлөлтөд анхаарах шаардлагатайг статистик харуулж байна. Тодруулбал, 15–39 насныхан гадаадад оршин суугаа иргэдийн 59.5 хувийг эзэлж байгаа нь Монголын хөдөлмөрийн зах зээлд хамгийн идэвхтэй оролцох насны, бүтээмж өндөртэй хүн амын тодорхой хэсэг гадаадад сурч, ажиллаж байгааг харуулж буй. Энэхүү үзэгдэл нь дунд хугацаанд дотоодын хүний нөөцийн чадавхид нөлөөлөхүйц сорилтыг бий болгох эрсдэлтэй аж.
Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын /НҮТББ/ Дэд тэргүүн асан А.Долгион
Хөгжлийг хөдөлгөх гол хүч нь хүн. Хөгжлийг хэзээ ч мөнгө, технологи шийдэхгүй. Хүнээ тогтоож барихын тулд төрийн цогц бодлого чухал. Дан ганц төр засаг ч гэлтгүй иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал. Эх орондоо ирэх үү, яах вэ гэж эргэлзсэн залуусын шийдвэрт нөлөөлөхийн тулд төр засгаас өмнөх шигээ ирээч ээ гээд дуудвал хэн ч ирэхгүй.
Ажиллах насны залуу иргэдийн энэхүү шилжилт хөдөлгөөн нь дотоодын хөдөлмөрийн зах зээлийн ерөнхий дүр зураг, хөдөлмөр эрхлэлтийн бүтцэд ч тодорхой сорилтуудыг бий болгож байна.
Хөдөлмөр эрхлэлт нь эдийн засгийн өсөлтийн хөдөлгөгч хүч төдийгүй хүн амын орлогын эх үүсвэр, амьжиргааны чанарыг тодорхойлогч үндсэн үзүүлэлт юм. Хүн ам, орон сууцны 2025 оны завсрын тооллогын дүнгээр Монгол Улсад хөдөлмөр эрхэлдэг хүн амын тоо өмнөх тооллогоос 17.2 хувиар өсжээ. Гэхдээ энэ өсөлт насны бүлгүүдэд харилцан адилгүй байна.25–34 насныхны хөдөлмөр эрхлэгчдийн тоо 7.8 хувиар буурсан бол бусад насны бүлгүүдэд хөдөлмөр эрхлэгчдийн тоо 11.2–120.8 хувиар нэмэгджээ.
Ажиллах зах зээлийн гол цөм болсон залуу үеийн хөдөлмөр эрхлэлт ийнхүү буурсан нь хүн амын насны бүтцийн шилжилт болон гадаад шилжилтийн урсгалтай холбоотой аж.
Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны хүн амын 59.0 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бөгөөд энэхүү үзүүлэлтийг суурьшлын бүс болон хүйсээр ангилж үзвэл дараах дүр зураг харагдаж байна.
Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн түвшин хөдөөд хотоос өндөр буюу хөдөөд 68.2 хувь, хотод 55.0 хувь байна. Хөдөөгийн хүн ам жилээс жилд буурч байгаа боловч тэд үндсэндээ мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг нь хөдөлмөр эрхэлдэг хүний хувийн жин хөдөөд хотоос өндөр байх нөхцөлийг бүрдүүлж байгааг статистакд дурджээ. Харин хүйсийн зөрүүний хувьд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин эмэгтэйчүүдээс өндөр хэвээр байгаа аж. Тухайлбал, хотод эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57.8 хувь, эмэгтэйчүүдийнх 52.6 хувь байгаа бол хөдөөд эрэгтэйчүүдийнх 72.5 хувь, эмэгтэйчүүдийнх 63.6 хувьтай байна.
Мөн түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн түвшнээс гадна ажилгүйдлийн үзүүлэлтыг авч үзвэл,
Эцэст нь Монгол Улсын хүн ам өсөж байгаа ч өсөлтийн хурд саарч, төрөлтийн түвшин өөрчлөгдөн, залуу болон хөдөлмөрийн насны иргэдийн тодорхой хэсэг гадаадад сурч, ажиллаж, амьдрах болсон байна. Үүний зэрэгцээ дотоодын хөдөлмөр эрхлэлт нийт дүнгээр өссөн ч 25–34 насны хөдөлмөр эрхлэгчдийн тоо буурч, хөдөлмөрийн зах зээлд шинээр орж буй залуусын ажилгүйдэл харьцангуй өндөр байгааг харуулжээ.
Нөгөө талд залуу гэр бүлүүдийн орлого, орон сууц, ажлын байрны тогтвортой байдал, амьдралын өртөг зэрэг нь гэр бүл зохиох, хүүхэдтэй болох шийдвэрт томоохон сорилт болж буй. Энэхүү нийгмийн дүр зураг нь цаашид залуу гэр бүлээ хэрхэн дэмжих, эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Хүн ам зүйн тогтвортой хөгжлийг хангахын тулд зөвхөн төрөлтийг уриалахаас илүүтэй, залуу үеийн бодит орлогыг хамгаалах, орон сууцны санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хот суурин газрын амьдрах орчныг сайжруулах чиглэлд төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоотой цогц бодлого хэрэгжүүлэх нь Монгол Улсын цаашдын урт хугацааны тогтвортой хөгжлийн гол суурь болох билээ.