
Улстөрчид уул уурхайн салбараас хэт хамааралтай эдийн засгаа солонгоруулах, төрөлжүүлэх асуудлыг байнга ярьдаг. Хөдөө аж ахуйн салбараас гадна аялал жуулчлалын салбар энэ ярианых нь эхэнд эрэмбэлэгдэнэ.

2030 он гэхэд жилд ирэх жуулчны тоог хоёр саяд хүргэж, манай улсад аялахдаа зарцуулж байгаа дундаж зардлыг 2000 ам.доллароос 4000 ам.доллар болгон нэмэгдүүлбэл Аялал жуулчлалын салбарын орлогыг одоогийнхоос дөрөв дахин нэмэгдүүлж, ДНБ ий 10 хувийг энэ салбар бүрдүүлэх боломжтой гэж тооцжээ. Үүнийг хэрэгжүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн.
2023 онд манай улсад 651 мянган жуулчин ирж байсан бол 2024 онд энэ тоо 800 мянгыг давж, энэ оны эхний есөн сард 603 мянган жуулчин Монголд иржээ.
Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д. Гантөмөр
Цар тахлын дараагаас төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд Монголд ирэх жуулчны тоо өссөн. Нэг талаар Go Mongolia арга хэмжээ үр дүнгээ өгч байгаа хэдий ч үр дүнгүй ажлууд олон бий. Сайд дарга нар жуулчдын тооны өсөлтөөр ажлын үр дүнгээ сайн байна гэж ярьж байгаа ч жуулчдын тооны өсөлт нь салбарын аж ахуйн нэгжүүдийн ашиг, орлогыг нэмэгдүүлсэн үү гээд харвал өөр үр дүн гарна. Жуулчдын тооны өсөлтөөр хамгийн наад зах нь музей, соёл урлагийн байгууллагууд, тусгай хамгаалалттай газруудын орлого, ашиг өсөх ёстой.
Тоо хэмжээ, ашиг орлогоос гадна аялал жуулчлалын салбарын гол хүндрэл улирлын хэт хамаарал. Манай улсад ирдэг нийт жуулчдын 50 гаруй хувь нь зуны гурван сард ирдэг. 2024 оны тоон үзүүлэлтээс манай улсад ирсэн жуулчдыг ирсэн сараар нь харвал 12-4 сар хүртэл хамгийн бага буюу сардаа 28-41 мянган хүн иржээ. Харин зуны саруудад энэ тоо 3-4 дахин өсөж, 6-8 дугаар сард Монголд ирсэн жуулчны тоо 100-130 мянгаар хэмжигдэнэ. Аялал жуулчлалын салбарын энэ харьцангуй эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх шийдэл нь “Дөрвөн улирлын аялал жуулчлал”.
Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яам өнгөрсөн оноос АНУ-ын “Бостон консалтинг групп” компанитай хамтран ажиллаж, Монгол Улсын аялал жуулчлалын шинэ стратеги төлөвлөгөөг боловсруулжээ. Үүнд үндсэн 13 голлох зах зээл, 7 сегментэд зориулсан аялал жуулчлалын хөгжлийн саналыг тусгаж, 14 зорилтоор хэрэгжүүлнэ гэж салбар яамнаас мэдээлсэн. Дэд бүтцээ хөгжүүлэх, зам тээврийн холболтыг сайжруулах, олон улсын маркетинг сурталчилгааг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг ажлууд үүнд багтсан гэж байгаа ч олон нийтэд нээлттэй тавигдсан мэдээлэл алга.
Энэ жилийн хувьд дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд дараах 11 эвентийг зохион байгуулж, төсвөөс тодорхой санхүүжилт гаргахаар салбар яамнаас баталжээ.
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эвент, санхүүжилт
- Түмэн тэмээний баяр 30 сая ₮- Талын түмэн адуу фестиваль 20 сая ₮- Айс фестиваль 20 сая ₮- Бүргэдийн баяр 20 сая ₮- Ара фестиваль 20 сая ₮- Айраг фестиваль 10 сая ₮- Монгол туургатны харвуул их наадам 10 сая ₮- Цайны зам соёлын өвийн наадам 10 сая ₮- Дарьганга фестиваль 10 сая ₮- “Оne day of mongolia” аялал жуулчлалын гэрэл зургийн эвент 10 сая ₮- Жангар тууль хайлах наадам 10 сая ₮ Соёл,спорт аялал жуулчлал, залуучуудын яам
Дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эвент арга хэмжээнээс гадна байршуулах үйлчилгээ чухал. Эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -40 хэм хүртэл хүйтэрдэг Монголыг зориод ирсэн жуулчдаа тав тухтай, дулаан газар байршуулах шаардлагатай ч өвөлдөө үйл ажиллагааны зардал өндөр байдгаас ихэнх нь ажилладаггүй. Манай улсад 500 гаруй жуулчны бааз, 100 гаруй амралтын газар, 40 гаруй ресорт бүртгэлтэй байдаг ч өвөлдөө ажилладаг нь улсын хэмжээнд 100 хүрдэггүй. Иймээс дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд эхний ээлжид аж ахуйн нэгжүүдэд цахилгааны татаас дэмжлэг чухал бөгөөд үүнийг дагаад үнэ хямдрах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтой.
Монголын аялал жуулчлалын холбооны зөвлөх С.Баясгалан
Жуулчны бааз байгуулахад хэдэн тэрбум төгрөгөөр хэмжигдэх хөрөнгө оруулалт шаардагддаг. Гэтэл Монголд ирж байгаа жуулчны болон дотоодын аялагчдын хувьд зуны гурван сард л жуулчны бааз үйл ажиллагаа явуулах хэмжээний эрэлттэй байдаг. Энэ нь үнэ өндөр байх шалтгаан болдог. Учир нь жилийн хугацааны орлого ашгаа зуны гурван сараас нөхөхийг аж ахуйн нэгжүүд хүсдэг. Хавар, намар, өвлийн жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, өвөл дотоодын аялагчдаа хүлээн аваад үйл ажиллагаагаа тогтвортой явуулаад байх боломжийг бүрдүүлэхэд төрөөс бодлогын дэмжлэг хэрэгтэй байна.
Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч С.Амгаланбат
Өнгөрсөн оноос цахилгааны үнэ нэмэгдсэн. Гэхдээ одоогоор аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд, жуулчны баазуудад төрөөс ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлт алга. Энэ нь үнэ өндөр байхад хүргэж байна. Өвөл үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, ресортуудад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Эсвэл төсвөөс ямар нэг дэмжлэг үзүүлэхгүйгээр олон улс орон хэрэгжүүлдэг “Tourism tax”-г бий болгох хэрэгтэй. Монголд ирж байгаа жуулчдаас жишээ нь 5 ам.долларын татвар авах замаар Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулж, шинэ төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, шинэ чиглэл нээж байгаа агаарын тээвэрлэгч компаниудад татаас олгох, өвлийн аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр урамшуулал олгох гээд урт хугацаандаа энэ өөрчлөлтийг хийхгүй бол богино хугацаанд гал унтраах арга хэмжээ авах нь үр дүнгүй.
Засгийн газраас “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхээр зорьж байгаа ч дорвитой хийсэн ажил алга. Үүний үр дүн ч валютын гадагшлах урсгалаас тод харагдана.
2014 онд манай улс аялал жуулчлалаар 214.7 сая ам.долларын орлого олсон бол гадагшаа өөрсдөө аялахад 472.7 сая ам.доллар зарцуулжээ. Тухайн үед 250 гаруй сая ам.доллароор хэмжигдэж байсан аяллын үйлчилгээний дансны алдагдал 2024 онд нэг тэрбум ам.долларт дөхжээ. Харин энэ оны эхний хагас жилд бид аялал жуулчлалаас 280.9 сая ам.долларын орлого олсон бол гадагш аялахдаа 844.2 сая ам.доллар зарцуулж, аялал жуулчлалын үйлчилгээгээр хүлээсэн алдагдлын хэмжээ 563.3 сая ам.долларт хүрчээ. Аялал жуулчлал нь үл үзэгдэгч экспорт, импорт хийдэг салбар гэдгийг ч эдгээр тоо илтгэнэ.
Аялал жуулчлалын салбарынхны хувьд зунаас бусад хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломж нь “outbound” буюу гадаад улс руу аялал зохион байгуулах явдал. Ашгийн хэмжээ бага ч тасралтгүй үйл ажиллагаа эрхлэх боломж нь одоогоор энэ. Нөгөө талд монголчууд утаатай, түгжрэлтэй, стресстэй, завгүй амьдралаасаа хэсэг зуур ч гэсэн завсарлага авч, гэр бүлээрээ дурсамж бүтээх боломжийг аялал өгдөг. Сүүлийн нэг жилд монголчуудын гадагшаа явах урсгал 11.3 хувиар өссөн бол Вьетнамыг зорих хүний тоо 56 хувиар өсжээ. Энэ өсөлтөөс үүдэж төлбөрийн тэнцлийн урсгал данс, тэр дундаа үйлчилгээний дансны алдагдал нэмэгдсээр байна.