
Иран улс өлсгөлөн зарласных нь дараа Нобелийн Энхтайвны шагналт Нэргэс Мохаммадид нэмж хорих ял оноосон талаар түүний дэмжигчид мэдэгдлээ. Улс даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал, аюулгүй байдлын хүчний гарт олон мянган хүн амь үрэгдсэний дараа Тегеран аливаа эсэргүүцлийг дарах хатуу бодлого баримталж буй энэ үед уг шийдвэр гарч байна.
Мохаммадид холбогдох шинэ ял шийтгэл нь Иран АНУ-тай цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар хэлэлцээ хийж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын сүрдүүлж буй цэргийн цохилтоос зайлсхийхийг оролдож буй цаг үетэй давхцаж байгаа аж. Ираны тэргүүн дипломатч “их гүрнүүдэд үгүй гэж хэлж чаддаг чадвар”-аас Ираны хүч шалтгаалдаг хэмээн онцолж, АНУ-тай Оманд хийсэн хэлэлцээний дараахан өөрийн хатуу байр суурь илэрхийлжээ.
Мохаммадигийн өмгөөлөгч Мостафа Нили X-т бямба гараг (2026.02.08)-нд болсон Машхад хотын Хувьсгалын шүүхээс ялыг оноосныг баталжээ. Ийм шүүхүүд ихэвчлэн яллагдагчдад өөрийгөө хамгаалах боломж бага олгодог.
“Түүнд “хуйвалдсан” гэх хэргээр зургаан жил, суртал ухуулгын хэргээр нэг жил хагасын хорих ял, мөн хоёр жилийн гадаад зорчих хорио оноосон” гэж өмгөөлөгч Мостафа Нили бичжээ. Мөн нийслэл Тегеранаас зүүн өмнө зүгт 740 км-т орших Хосф хот руу цөлөх хоёр жилийн дотоодын цөллөг нэмж оноосон байна.
Ираны эрх баригчид уг ялын талаар тэр даруйд нь тайлбар хийгээгүй. Дэмжигчдийн мэдээлснээр, Мохаммади хоёрдугаар сарын 2-ноос өлсгөлөн зарласан бөгөөд эрүүл мэнд нь муудсаны улмаас ял сонссоныхоо дараа Ням гарагт өлсгөлөнгөө зогсоожээ. Тэрээр 2024 оны арванхоёрдугаар сард Машхад хотод байрлаж байсан, хүний эрхийн өмгөөлөгч Хосров Аликордид зориулсан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр баривчлагдсан юм. Жагсаалын бичлэгүүдэд Мохаммади шударга ёсыг шаардан хашхирч буй нь харагддаг.