
2026 оны долоодугаар сарын 21-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Ерөө, зүүн хажуугийн Балж, Хангай нурууны араас усжих Орхон /Сухбаатар сум/ зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-30 см нэмэгдсэн талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал, Хараа /Дархан хот/, Халх /Ялалт баг/, Хархираа /Тариалан сум/ зэрэг голууд үерийн түвшнийг 5-10 см, Туул / Лүн сум / гол үерийн аюултай түвшнийг 5 см давжээ.
Харин маргааш буюу 22-нд Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10 см нэмэгдэх хандлагатай байгаа аж.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхаарууллаа.