
-Астанагийн тэмдэглэл-
Казахстаны “Фолиант” хэвлэлийн газраас Евразийн номын яармаг хэмээх арга хэмжээг 9 жилийн өмнөөс санаачлан Астана хотноо зохиож эхэлжээ. Сая 4-р сарын 22-26-ны өдрүүдэд зохиогдсон ээлжит номын баярт нь оролцов. Давын өмнө уг арга хэмжээтэй танилцах боломж олгосон “Фолиант” хэвлэлийн газар болон “Либро Сувд” утга зохиолын агентлагт талархлаа илэрхийлье!
“Фолиант” бол миний “Тэнгэрийн судар: Монголын нууц товчооны цохолборууд” номыг казах хэлээр хэвлэн гаргасан Астанагийн хэвлэлийн газар. Захирал Нурлан Исабеков нь 2025 оны намар Улаанбаатарын Номын баярт зочилсон билээ.
Харин “Либро Сувд” агентлаг гэдэг нь Улаанбаатарын Номын баярыг хавар, намартаа Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг Б.Сувдын баг юм. Сувд дүү Евразийн номын яармагт урьд нь 3 удаа оролцсон, ер нь гадаадын номын үзэсгэлэн яармагуудтай сүрхий холбоо харилцаатай болжээ. Хамгийн сүүлд АНУ-ын Флоридад номын яармагт оролцож, Солонгосын хэвлэн нийтлэгчидтэй гэрээ хэлцэл хийгээд дөнгөж ирмэгцээ л бидэнтэй зам нийлсэн нь энэ. Завгүй ч хүн юм, уйгагүй ч хүн юм, номын баярын зохион байгуулалтаар бол мэргэшиж яваа бүсгүй юм гэж энэ удаагийн аяллаас ойлгож авлаа.
Бид гэдэг нь “Монгол яруу найраг” хэмээх томоохон хэмжээний антологийг казахаар орчуулан гаргаад буй, Эрдэнэт хотноо аж төрдөг яруу найрагч Х.Байыт бид хоёр. Байыттай би өнгөрсөн намрын Номын баярын үеэр анх танилцаад, одоо ийнхүү аян зам нийлж яваа хэрэг. Би казах хэл мэдэхгүй тул Байытын уран бүтээлтэй танил бус. Байыт харин надаас бусад Монголын яруу найрагчидтай бүгдтэй нь дотно найз нөхөд ажээ.
Бид Улаанбаатараас Алматы хүртэл нисэж, тэндээ 5 цаг саатлаа. 4-р сар манай нутагт өөдтэй дулаараагүйг хэлэх үү, халуу дүүгсэн ногоон цэцэрлэгт гудамжаар алхахад юутай сайхан байв аа! Алматын олон улсын нисэх буудлаас гараад 5-хан минут алхах зайд анхилуун үнэрт модод сүүхийлдэж, алтан гургалдай донгодох дуун түгэх нь сэтгэл сэргэм. Төглийн дээгүүр Алатау уулын цаст оргил цавцалзана. Алхах чигт маань “Лагмания”, “Брэнд Плов”, “Брэнд Шашлык” гэсэн хаягууд зэрэгцэн үзэгдэх бөгөөд нисэхийн ачааны тэрэг түрсэн гудиггүй 4 аялагч арай том үүдтэй газрыг нь сонгон явж орлоо. Багийн 4 дэх гишүүн маань Төмөр замын их сургуулийн орос хэлний багш, “Либро Сувд” агентлагийн гадаад харилцааны ажилтан Б.Цэлмэг юм. Тэрээр Москвад магистрт суралцаж байхдаа Сувдаад хэлмэрчлэн Улаан талбайн номын яармагт хэдэнтээ оролцсон, бидний зорин яваа Евразийн номын яармагт ч нэг бус удаа ирсэн, номын баяруудын талаар бас л ихээхэн туршлагатай бүсгүй байж таарсан.
Алматыд бидний орсон хоолны гэр цэвэрхэн, идээ зоог нь амттай, гайхмаар хямдхан юм. Дараа нь шатахуун түгээврийн хажуугаар алхан орон нутгийн нисэх буудал руу очихдоо түлш шатахууны үнэ ч мөн хямдханыг гайхав. Евро-6 стандартын АИ92 бензин нэг литр нь 235 тэнгэ, АИ95 бол 309 тэнгэ, дизель түлш 325 тэнгэ гэнэ шүү! Бүгдийг нь тоочоод яахав, Евро 92-ийн үнэ 1850 төгрөг гээд л ойлгочих. “Энгийн 92” гээч хар тугалгатай бензин бол тэнд алга. Ер нь дэлхий дээр Монголоос өөр оронд ийм бензин байхгүй дэг ээ. За, үнэ ханшны тухай сэтгэлд дарамттай яриаг үүгээр бүрмөсөн цэглэсэн нь дээр байх аа.
Нислэг хоорондын зай маань урт байсан тул завшааныг ашиглан яруу найрагч Үлүгбэх Эсдаулет ахтайгаа уулзаад авлаа. Монголд “Эсгий ном” хэмээх шүлгийг түүвэр нь хэвлэгдсэн, Р.Сураган, Х.Жүкел хоёрын орчуулсан мөнхүү түүвэрт нь миний бие өмнөх үг бичсэн зэргийг энд нуршилгүй, яагаад чухам “ах” хэмээн дуудсаныхаа учрыг товч сонирхуулъя.
Нэгэн үе Казахстаны зохиолчдын эвлэлийг удирдаж асан, өдгөө Абайн нэрэмжит олон улсын яруу найргийн академийг тэргүүлдэг Үлүгбэх 1983-1985 онд Москвад Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Дээд курс (ВЛК)-д миний нутгийн ах П.Пүрэвсүрэнтэй хамт суралцаж байсан юм. Пүүжээ ах Байдрагийн голын хөвөөнд төрж өссөн бөгөөд “Монголын нууц товчоон”-д Монгол, Найман хоёр улс уг голын хөндийд тулгаран байлддаг түүхийг өөртөө хамаатуулж өөрийгөө “найман угсааны хүн” гэж ярьдаг байсан тул Казахстаны Найман овгийн Үлүгбэх тэр хоёр шууд л хуурай ах дүүс бололцжээ. 2000-аад оны эхээр анх танилцахад энэ түүхийг ярьж, намайг мөн Баянхонгорынх гэж дуулуутаа учиргүй дотносон сүйд болсон учраар би түүнийг “ах” гэж дуудах болсон юм. Энэ удаад ч Үлүгбэх ах Пүүжээ ахын маань гэргий Навчаа эгчийг сураглаж, нас барсныг нь сонсоод харуусан халаглаж, тэдний хүүг ч асуулаа.
-Пүрэвжаргал одоо нэгэн телевизэд ажилладаг, монголчуудын хамгийн их үздэг нэвтрүүлгийг хөтөлдөг хэмээн хэлэхэд минь ихэд баярлаж, “Монгол контент” нэвтрүүлгийн хөтлөгчийн ирээдүйн төлөө хундага өргөе гэж шалав.
-Үгүй, би онгоцонд халамцуу орж болохгүй. Астанад тухтайхан уулзамз. Тэгээд таньж мэдэх бүх хүнийхээ төлөө хундага өргөмз! гэж амлаж байж аяга “Американо”-гоор бүх ёслолын амыг хаалаа.
Үлүгбэх ах тэр шөнөдөө Кустанай руу нисэж, маргааш нь тэнд зохиогдох казах хэлний өдрийн баярт оролцох байсан юм л даа. Дараа нь бид Астанад нэгэн зочид буудалд байрлаж таарсан тул амласнаа аргагүй биелүүлэхэд хүрсэн бөгөөд тэр мэтийг нарийвчлан ярих нь хэнд ч сонин биш биз ээ.
Астана хотод бүрэнхий болсон хойно буув. 1990-ээд оны сүүлчээр Нурсултан Назарбаевын санаачлан байгуулсан, Целиноград хэмээх атрын их сууринг өргөтгөн, ширээ шиг тэгшхэн, асар том тариалангийн талбайн тэхий дунд, Ишим голыг түшиглэн шинээр барьсан энэ хотыг нэгэн үе Нурсултан гэж нэрлэж ч үзсэн дэг. Гэвч хотдоо өөрийн нэрийг өгч мөнхжүүлэх гэсэн удирдагч нь албан тушаалаасаа бууж, Астана Астанагаараа үлдэж, харин нисэх буудлыг нь Назарбаевын нэрэмжит болгожээ.
Хэдэн жилийн өмнө намайг Азийн зохиолчдын форумд оролцож байх үеэс хөл хөдөлгөөн нь эрс нэмэгдсэний учрыг сонирхвол, тэгэхэд сая гаруйхан хүнтэй байсан Казахстаны нийслэл өдгөө хоёр сая хүн амтай болжээ. Ажил цуглах тарах үеэр уулзварууд түгжрэх юм аа. Гэхдээ манай Улаанбаатарыг яаж “барах” билээ? Казахууд өөрсдөө “Астана бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл” гээд онгирдог бололтой. Хүйтнээрээ ч манай Улаанбаатарыг барахгүй гэдэг нь тодорхой байна билээ. 4-р сард тэнд ногоо ургачихсан, модод бүр навчилчихсан байна. Гэхдээ л казахууд “хамгийн” гэдэг үгийг нэг юман дээр ч болтугай бусдад өгөхгүй гэж маргалдана. Эцэст нь би интернетээс хэд хэдэн эх сурвалжтай жагсаалт харуулж байж “хамгийн хүйтэн нийслэлээ” бардамхан авч үлдлээ. Астана Улаанбаатарын дараа 2-рт ордог юм байна л даа. Хаашаа ч харсан уул байтугай толгод ч шоволзож үзэгдэхгүй, цэлийсэн уудам талын гүнд орших хот учраас салхи шуурга ихтэй, 2 метр өндөр хашааг давж цас хунгарладаг хот хүйтэн ч байлгүй яахав. Хүйтнээс бусдаар бол манай нийслэлийг эдний нийслэл хол хаяжээ. Амьдралын түвшин, хот төлөвлөлт, ногоон байгууламж, уран барилга ба уран баримлын шийдлүүд, цэцэрлэгт хүрээлэнгүүд... Агаар нь цэвэрхэн, явган замууд нь чөлөөтэй, дугуйн зам өргөн... Ярих юм биш.
Астанагийн номын яармаг Ерөнхийлөгчийн соёл мэдээллийн төв хэмээх том ордонд болдог юм байна. Номын яармагуудын нийтлэг жаягаар хэвлэлийн газруудад янз бүрийн л хэмжээтэй талбай хуваарилж. Франкфуртын номын яармаг дээр Penguin Random House, Брюсселийн яармаг дээр Filigranes, Парисын яармаг дээр Gallimard мэтийн аваргууд цэлийсэн том зай эзэлсэн байдаг шиг эндхийн гол хэсэгт “Фолиант” байрлажээ. Эднийхэн Казахстан даяар хүүхдийн ном хэвлэлээр тэргүүлдэг байснаа, сүүлийн үед буурьтай номын зах зээлд тэргүүлэгч нь болж байгаа гэнэ. Арилжааны бус, эрсдэлтэй номын зах зээлд манлайлж чадна гэдэг бол хэвлэлийн газрын зангараг байдаг. Монгол хэлнээс “Тэнгэрийн судар: Монголын нууц товчооны цохолборууд”, “Монгол яруу найраг” антолог орчуулуулаад хэвлэж байна гэхээр л байр суурь нь танд шууд ойлгогдож байгаа биз дээ?






Эхний өдөр миний номын нээлт болсон. Ерөнхийлөгчийн мэдээллийн төвийн том тайзнаа хөтлөгч гарч ирэв. Тэр нь Астанагийн зохиолчдын холбоог, дараа нь хэлмэгдэгсдийн мүзей болох “АЛЖИР” (Акмолинский Лагерь Жён Изменников Родины)-ыг удирдаж байсан, манай Баян-Өлгий аймгаас гаралтай айтис шүлэгч К.Даулеткерей. Дөнгөж арваадхан настайдаа Монголоос гарсан гэхэд монголоор давгүй ярьчихна.
-Аюурзана агаа, цаг боллоо! гэж монголоор дуудав.
“Тэнгэрийн судар”-ыг казахаар орчуулсан Р.Сураган бид гурав зэрэгцэж суулаа. Даулеткерей асууж, миний хариултуудыг Сураган орчуулж, бас танхимаас ч нэлээд асуулт тавьцгаав.
Сураган бид Казахстанд гурван ч томоохон арга хэмжээнд хамт оролцсон. Хамгийн анх бид хоёр Баян-Өлгийн нэгэн мечетийн хамба, исламист шүлэгч Азатханы хамтаар Төв Азийн орнуудын утга зохиолын хамтын нийгэмлэг байгуулах төсөл хэрэгжүүлэхээр аян замд дөрөө харшуулж билээ. Яг нөгөө Кыргызстаны үймээн самуун дэгддэг үеэр шүү дээ. Тэр тухай миний аян замын тэмдэглэл “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн бий. Дараа нь хамгийн айхавтар дуулиан, хөөрхөн адал явдалтай, энэхүү “Тэнгэрийн судар” ном казахаар орчуулагдсаны учир шалтгаан болсон тэр нэгэн форум дээр бас яг цуг сууж байв. Өдгөө нөгөө ертөнцөд одсон нэгэн зохиолч Монголын түүхийн талаар эмзэглэмээр ч юм шиг, бухимдмаар ч юм шиг зүйлс индэр дээрээс ярьсан тэр өдрийг би эргэн дурсамгүй байна. Гэхдээ чухам тэр явдлын дараа л би Сураган анддаа “Монголын нууц товчоон”-ы тухай номоо орчуулахыг санал болгосон билээ.
Гэтэл тэр ном маань орчуулагдаад гарчихсан, хүмүүс биднээр гарын үсэг зуруулаад авч байгаа нь итгэмээргүй ч юм шиг. Астанад зохиогддог хамгийн том номын баяр дээр зохиогч, орчуулагч хоёр казахаар хэвлэгдсэн номынхоо тухай казах уншигчдад яриад сууж байгаа маань ингээд бас нэгэн үнэт дурсамж болох нь ээ.
Би номынхоо зарим, казахуудад содон тусаж болох санааг сонирхуулахад хүмүүс ихэд шимтэн, маш анхааралтай чагнаж байв. Ер нь Сураган үнэхээр шилдэг орчуулагч л даа. Өөрөө ч сайн яруу найрагч. Хэрэв түүний оюун санааг өөрийн уран бүтээлд зориулах цаг наргүй их хөдөлмөр нь эзэлчихдэггүй сэн бол, Сураган шиг орчуулагчийн ачаар Монголын утга зохиолыг казах, кыргыз хэлтнүүд гүнд нь ортол нэвтэрхий таньж мэдэх боломжтой доо гэж хааяа боддог юм. Энэхүү номын баярын өмнөхөн Р.Сураганы орчуулгаар “Монголын утга зохиол” хэмээх антологийг Алматын “Калам Баспасы” хэвлэлийн газраас мөн эрхлэн гаргаад байв. Он цагийн хувьд дөрвөн бүлэгт хувааж ангилсан энэхүү цоморлигт Данзанравжаагаас эхлээд өнөө цагийн яруу найрагчдын шүлгүүд, түүнчлэн С.Эрдэнэ, С.Дашдооров, Ж.Лхагва, Б.Догмидын өгүүллэгүүдээс ч багтсан байна билээ.
Сураганы маань хувьд бас нэгэн баяртай үйл явдал тохиосон нь энэ жил түүнийг Казахстаны Абайн нэрэмжит төрийн шагналд дэвшүүлсэн явдал юм. Одоогоор анхан шатны шалгаруулалт нь л өрнөж байна. Гэхдээ Монгол улсын казах иргэдээс Казахстаны төрийн шагналд нэр дэвшсэн анхны тохиолдол болж буйгаараа нэн онцлог. Баян-Өлгийнхний хувьд бол түүхэн үйл явдал шүү. Наурыз баярын үеэр энэ мэдээг дуулаад Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Казахстаны төрийн шагнал эрхлэх хороонд албан захидал бичиж, Монголын казахуудаас анх удаа төрийн шагналдаа нэр дэвшүүлсэнд нь талархсан байна билээ. Энэ талаар Казахстаны зохиолчид ихэд олзуурхан “Монголчуудын төрт ёсны уламжлал үнэхээр онцгой юм аа. Улсынх нь иргэн Абайн шагналд нэр дэвшихэд Ерөнхий сайд нь талархал илэрхийлдэг мөн агуу яа!” хэмээх ярилцаж буйг сонсоход урамтай, таатай л юм билээ.
Сонирхуулахад, Казахстаны төрийн шагналын урлаг, утга зохиолын салбарт олгодог шагнал нь Абайн нэрэмжит байдаг аж.
Номын яармаг маш их хөлтэй, уур амьсгал нь халуун дулаан. Хамгаас олзуурхам нь хүүхдүүд маш их ирэх юм. Багачуулыг нь эцэг эхчүүл нь дагуулаад, торниухнууд нь өөрсдөө анги бүлгээрээ, найз нөхдөөрөө ирж байна. Хоёр дахь өдөр нь бид арайхийн завчилж Казахстаны Үндэсний мүзейг үзэж амжсан. Харин Сувдаа, Цэлмэг хоёр бол тухтайхан хоол идэх ч завгүй ажилласан даа. Зорин ирж Монголын тухай, монголчуудын тухай асууж шалгаах хүмүүс ч мундахгүй юм билээ.
Күлтэгин, Билгэ хаан, Тоньюкукын гэрэлт хөшөөнүүдийн хуулбар загвараар үзмэр нь эхэлдэг энэ мүзейн тухайд нэгэн зүйл сонирхуулахад, 2018 онд би тэнд Абылай хааны захидлуудыг хараад ихэд биширсэн сэн. 12 насандаа Цэвээнравдан хаанд эцгээ хөнөөлгөж Ойрадын барьцаанд өссөн, Жочийн шууд удмын энэ алдарт хаан монгол хэл бичиг төгс мэддэг байжээ. Тэрээр нас биед хүрч, XVIII зууны Хасагийн гурван жузыг нэгтгэсэн их хаан болсныхоо дараа гадаад орнуудтай тод монгол бичгээр монгол хэлээр бичсэн захидлаар харилцдаг байв. Манжийн эсрэг бослого нь дарагдахад Амарсанаа чухам л Абылай хааны ивээлд орохоор зугтсан нь тэд бага залуугаасаа найзалж нөхөрлөсөнтэй холбоотой. Абылай хааны 12 хатны 6 нь монгол бүсгүйчүүл байсан гэдэг. Казахстаны түүхэнд хамгийн онцгойгоор тэмдэглэгдсэн Абылай Бахадур хэмээх энэ хүний удмыг өдгөө “төре” буюу Чингисийн алтан ургийнхан хэмээн онцгой хүндэлдэг. Хамгийн алдартай “төре” болох, Казахын нэрт түүхч эрдэмтэн Чокан Чингисович Валиханов нь Абылай хааны торгууд хатнаас төрсөн хүүгийнх нь ач юм.
Энэ удаад Абылай хааны мөнөөх захидлууд үзмэрүүд дунд нь алга. Би танхимын зохион байгуулагчтай уулзаж, 8 жилийн өмнө үзсэн захидлуудын талаар асуувал:
-Мүзейд өөрчлөлт орсон. Одоо тэр захидлуудыг нийтэд үзүүлэхээ больсон гэж хариулав.
Мэдээж, Монголоос яваа зохиолч хүний хувьд үгээр илэрхийлшгүй харамсалтай сэтгэгдэл төрсөн. Казахстаны төр засгаас Жочийн бунханг шинэчилсэн гэнэ билээ. Тэр нь ямаршуу зүйл болоо бол? Шинэ бунханд нь монгол хүн гэхээр шинж тэмдэг хадгалагдаа болов уу? Тод бичгийн хэд хэдэн дурсгал Казахстаны нутагт хаднаа сийлээтэй буй. Тэр бүхэн ямар байдалтай байдаг юм бол? Энэ мэтийн бодлууд сэрхийн төрөх юм билээ.
Евразийн номын яармагийн сүүлчийн өдөр Х.Байытын “Монгол Өлен” (Монголын яруу найраг) хэмээх цоморлигийн нээлт болов. 1905 онд төрсөн Б.Ринчен, 1906 онд төрсөн Д.Нацагдоржоос эхлээд 1988 онд төрсөн Я.Баяраа, О.Цэнд-Аюуш нарыг хүртэлх Монголын бараг бүх л яруу найрагчдын шүлгүүд багтсан тэрхүү номыг “Фолиант” хэвлэлийн газраас тун сайхан хэвлэжээ. Өмнөх өдрүүдэд Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлалын улмаас завгүй байсан элчин сайд Г.Батжаргал ирж, Монголоос оролцож буй уран бүтээлчдээ дэмжин эл номыг нээлцлээ.
Казахстанд ном нээх ёслол нь их өвөрмөц. Нээлтийг нь хийж буй номоо хэд хэдээр нь багцлаад туузаар ороочих юм. Тэгээд ёслолын тууз хайчлах гэж буй мэт гоёмсог хайчийг хүндэт зочдодоо барина. Нээлтийн уулзалт ярилцлагын дараа зочид нь ном ороосон туузыг хайчилж цэцэгтэй хэсгийг зохиогчид дурсгал болгон үлдээдэг аж. Туузан ороолтыг хайчлах нь бас их нандин, сэтгэгдэл төрмөөр ёслол санагдсан. Дээхнэ манай бичгийн түшмэдэд “номын баринтаг задлах” хэмээх ёс байсан гэлцдэг. Түүнтэй төстэй ч юм уу.
Аяллыг өндөрлөсөн уулзалтаа бид ЭСЯ дээрээ хийв. Одоогоос 13 жилийн өмнө Австрийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуухаа дөнгөж бариад байсан шинэхэн элчин сайд Г.Батжаргалтай Венад танилцаж, бид хамтдаа Монгол-Австрийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг үзсэн бол, энэ удаад мөн л Казахстаны ерөнхийлөгчид итгэмжлэх жуухаа бариад долоохон хонож байхад нь ном соёлын учир холбогдлоор ахин уулзалдсандаа хэн хэн маань бэлгэшээв. Казахстанд суугаа Монгол улсын Элчин сайдын яам маань халуун дотно уулзалт зохиож, тэнд цугласан оюутан залуустайгаа ч ярилцаж амжсан маань үнэхээр сайхан байв. Тийнхүү биднийг найрсгаар хүлээн авсан Г.Батжаргал сайддаа чин сэтгэлээс талархснаа энэхүү бичвэрээр дахин илэрхийлж, ЭСЯ-ны нийт ажилтнууддаа хамгаас сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Астана үзүүштэй, Алматы үдлүүштэй, Евразийн номын яармаг заавал зочлууштай байлаа. Тэндээс худалдаж авсан цөөвтөр орос номоо эхнээс нь уншаад жаргаж сууна. Мөдхөн болох Улаанбаатарынхаа номын баяраар уулзацгаая.
Гүн овгийн Г.АЮУРЗАНА
2026.5.1.
Астана-Улаанбаатар.