
Батлан хамгаалах салбарын хэмжээнд цэргийн алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, орчныг сайжруулах зорилгоор Зэвсэгт хүчний бүх анги, салбарт иж бүрэн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж дуусжээ.
Энэ удаагийн үнэлгээ нь зөвхөн дүрмийн бус харилцаа, цэргийн алба хаагчдын хоорондын харилцаа бий эсэхийг шалгасан ажил биш бөгөөд “Аюулгүй орчин”, “Аюулгүй тогтолцоо”, “Аюулгүй харилцаа” гэсэн үндсэн зорилтын хүрээнд хийж гүйцэтгэжээ. Ингэхдээ барилга байгууламж, цахилгаан болон инженерийн шугам сүлжээ, техник тоног төхөөрөмж, хөдөлмөрийн болон цэргийн албаны аюулгүй байдал, эрүүл мэнд, дотоод хяналт, хүний нөөц, сэтгэл зүй, хүний эрх, дүрмийн бус харилцаа, гомдол мэдээлэх тогтолцоо зэрэг өргөн хүрээг хамруулжээ.
лоөбҮнэлгээний эхний шатанд илэрсэн эрсдэлүүдээс нийт 232 эрсдэлийн түвшинг бууруулж, зарим асуудлыг тухайн анги, салбарын түвшинд шуурхай шийдвэрлэсэн байна. Харин барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч, техник тоног төхөөрөмжтэй холбоотой зарим асуудлыг төсөв, хөрөнгө оруулалтын бодлоготой уялдуулан үе шаттай шийдвэрлэх шаардлагатай гэж дүгнэжээ.
Ангиудын 80 хувьд нь камерын хяналт хангалттай
“Цэргийн албыг эрсдэлээс чөлөөлье” реформын хүрээнд хариуцлагын тогтолцоо, дотоод хяналт, технологийн шийдэл, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, хүний нөөц, сэтгэл зүйн үнэлгээ, хөндлөнгийн хяналтын хэрэгжилтийг мөн шалгалаа.
Камерын хяналтын тогтолцоог нэгтгэн тооцоход нийт анги, салбаруудын 80 хувь нь хангалттай, 20 орчим хувьд нь нэмэлтээр камерын хэрэгцээ байгааг тогтоолоо.
Камер байрлуулах боломжгүй, хүний хувийн орон зайтай холбоотой хэсгүүдэд яаралтай мэдээлэл дамжуулах технологийн шийдэл нэвтрүүлэхээр “онцгой товчлуур”-ыг 76 цэгт туршиж байна. Мөн зарим ангид гар утасны Emergency SOS, олон хэрэглэгчид зэрэг мэдээлэл хүргэх ухаалаг систем зэрэг технологийн шийдлийг туршилтаар ашиглаж эхэлжээ.
300 гаруй дутагдал илэрснээс 60 орчим хувийг газар нь дээр арилгажээ
Зэвсэгт хүчний анги салбарууд дотоод хяналтын хүрээнд 48 төлөвлөгөөт, 23 төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулж, нийт анги салбарын хэмжээнд 300 гаруй дутагдал илрүүлсэн байна. Үүнээс 60 хувийг нь газар дээр нь арилгуулсан бол үлдсэн 40 хувьд хугацаатай үүрэг өгч, хэрэгжилтэд дахин хяналт тавихаар ажиллаж байна.
3500 гаруй алба хаагчийг хүний эрхийн судалгаанд хамруулжээ
Иж бүрэн үнэлгээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбарын 3500 гаруй алба хаагчийг хүний эрхийн судалгаанд хамруулсан байна. Судалгаагаар хүний эрхийн талаарх ерөнхий ойлголт, тодорхой дотоод хяналтын механизм бүрдсэн хэдий ч удирдлага-алба хаагчийн харилцааны талаар гомдол мэдээлэх суваг, нууцлал, хараат бус шийдвэрлэлт зэрэг чиглэлд цаашид сайжруулах шаардлагатай асуудлууд байгааг тогтоолоо. Иймд гомдол, мэдээллийг нууцлалтай, найдвартай хүлээн авах суваг, гомдол гаргагчийг хариу дарамтаас хамгаалах механизм, хүний эрх, харилцааны сургалтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон гэв.
Эрсдэлийг илрүүлээд зогсохгүй, дахин үнэлнэ
Иж бүрэн үнэлгээний дараагийн шатанд илэрсэн эрсдэл бүрт хугацаатай арга хэмжээ авч, эрсдэлийн түвшин бодитоор буурсан эсэхийг дахин үнэлэх, анги, салбарын түвшинд шийдвэрлэх боломжгүй асуудлыг төсөв, хөрөнгө оруулалт, удирдлагын шийдвэртэй уялдуулан үе шаттай шийдвэрлэхээр болжээ.