
АНУ-Ираны хэлэлцээр зогсонги байдалд орсноор Ормузын хоолойг дахин нээх, Ираны дайныг бүрмөсөн зогсооход эргэлзээ үүссэн тул пүрэв гаргийн өглөө брент газрын тосны үнэ нэг баррель нь 125 ам.доллараас давж өсөв.
Зургаадугаар сард нийлүүлэх газрын тосны үнэ 6.2 хувиар өсөж 125.36 ам.доллар, харин долоодугаар сард нийлүүлэх үнэ 113.85 ам.доллар болжээ.
Харин АНУ-ын газрын тосны үнэ 2.3 хувиар өсөж, нэг баррель нь 109.38 ам.долларт тогтов.
Хоёрдугаар сарын сүүлээр дайн эхлэхээс өмнө брент хольц бүхий газрын тосны үнэ нэг баррель нь 70 орчим ам.доллароор арилжаалагдаж байсан юм.
"АНУ-Ираны хэлэлцээр тасалдаж, Ерөнхийлөгч Трамп Ормузын хоолойг дахин нээх Ираны саналыг няцаасан нь зах зээл сэргэх найдварыг тасалдууллаа" хэмээн ING банкны стратегичид Уоррен Паттерсон, Эва Мантей нар судалгааны тэмдэглэлдээ бичжээ.
Лхагва гарагт Уолл Стрийтийн арилжааны дүн тааруу байснаар АНУ-ын фьючерс болон Азийн хувьцааны ханш буурлаа.Токиогийн Nikkei 225 индекс 1.6%-иар унаж 58,967.07 болсон бол Өмнөд Солонгосын Kospi индекс 1.1%-иар унаж 6,615.51 болжээ.
Хонконгийн Hang Seng индекс 1.3%-иар буурсан бол Shanghai Composite индекс 0.1%-иар өсөж 4,109.99 болжээ.
Хятадын үйлдвэрлэл дөрөвдүгээр сард бага зэрэг удааширсан ч хоёр дахь сардаа өсөлт үзүүлж байна.