
2026 оны эхний улирлын байдлаар улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны хүн амын 60.4 хувь буюу 1.4 сая хүн ажиллах хүчинд хамрагдсан бол 39.6 хувь буюу 932.1 мянган хүн ажиллах хүчнээс гадуур байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодруулбал, ажиллах хүчний оролцооны түвшин 60.4 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар буурчээ. Нийт ажиллах хүчний 94.3 хувь буюу 1.3 сая нь ажиллагч, 5.7 хувь буюу 80.6 мянга нь ажилгүй иргэн бүрдүүлж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2026 оны нэгдүгээр улиралд 57.0 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар буурсан байна.
Хөдөлмөрийн дутуу ашиглалтын үзүүлэлтүүдийг авч үзвэл, 2026 оны эхний улиралд ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 1.6 мянгаар, боломжит ажиллах хүч 13.8 мянгаар, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид 1.2 мянган хүнээр тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.