
Бид төдийлөн ярьдаггүй боловч ихэнх нь өдөр бүр өөрөөсөө асуудаг нэг асуулт бий. “Яаж илүү сайн сайхан амьдрах вэ?”. Гэвч ихэнх нь эл асуултад сэтгэл хөдлөл, эсвээс бусдын туршлага дээр суурилсан хариулт өгдөг. Харин эрдэмтэн, эмч Стюарт Фарримонд уг асуултад шинжлэх ухааны үүднээс хариулжээ. Гол нь эл үгийг уншигчид хүндээр тусгаж авахгүй байхыг номын өмнөтгөлд мөнхүү онцолсон байна.
“Шинжлэх ухаан. Энэ үгийг сонсохоор уйтгартай хичээлүүд, ойлгомжгүй мэргэжлийн хэллэг, хөгжөөн цэнгээнд баясдаггүй номд донтсон ноомойнууд санаанд тань орж байвал энэ ном танд зориулагдсан гэсэн үг. Бид шинжлэх ухаан ертөнцийн утга учрыг ойлгомжгүй олон томьёо болгож байгаа мэтээр эндүү боддог. Үнэндээ, шинжлэх ухаан бидний өдөр тутмын амьдралыг илүү баялаг, утга учиртай болгодог билээ” хэмээжээ.
Ерөөс “Амьдрах шинжлэх ухаан” ном нь хүний бие, сэтгэл, зан үйл, орчны нөлөөг судалсан бодит туршилтууд дээр тулгуурлан бид хэрхэн аж төрцгөөдөг болоод яаж илүү зөв, эрүүл, утгатай амьдрах вэ гэдгийг нарийн шинжилсэн бүтээл юм.
Энэхүү ном нь зөвхөн эрүүл мэндийн гарын авлага бус, харин орчин үеийн амьдралын хэмнэлийг шинжлэх ухааны үүднээс задлан, хүн яагаад ядарч, сэтгэлээр унаж, анхаарал нь сарнидаг болохыг тайлбарлана. Хүн гэдэг бол зүгээр нэг биологийн машин биш, харин физиологи, сэтгэл зүй, нийгмийн орчны нийлбэр гэдгийг Фарримонд уншигчдад маш ойлгомжтой хэлээр хүргэдэг.
Эрүүл мэнд бол ирээдүй

Бидний өдөр тутмын зуршлууд урт хугацаанд аж төрөхүй хийгээд эрүүл мэндийг тодорхойлдог. Өглөө босох цаг, хооллох хэмнэл, ажиллах орчин, нойр, хөдөлгөөн, дижитал хэрэглээ гээд асар олон жирийн мэт санагддаг үйл хөдөлөлүүд бидний бие физиологи, сэтгэл санаанд асар хүчтэй нөлөө үзүүлдгийг номд оновчтой тайлбарлажээ.
Фарримонд уншигчдад “Шалтгаангүйгээр ядрах” мэдрэмжийн цаана дааврын тэнцвэргүй байдал, гэрлийн дутагдал, эсвэл буруу хэмнэлтэй унтах дадал оршиж байдгийг сануулдаг. Хүн өөрийгөө буруутгах бус, шинжлэх ухааны логикоор асуудлаа ойлгох нь илүү зөв зам болохыг учирлана.
Тиймээс шинжлэх ухааны 200 гаруй жишээгээр дамжуулан эрүүл биеийг хэрхэн бүтээх талаар зөвлөгөөнүүдийг хүргэжээ. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг.
Бид өдгөө ахуйн дарамттай өдөр бүр нүүрэлдэж, асуудал болгоныг хэрхэн даван туулахаа бодож, хүсэл мөрөөдөл нь зөвхөн аж төрөхтэй холбоотой хэрэглээ дээр суурилах болсон. Гэвч эрүүл байж л илүү том зорилго, өдөр бүр жинхэнэ утгаар амьдарч чадах сэтгэл зүйн хүчтэй болно.
Тиймдээ ч зохиолч өчүүхэн жижиг өөчрлөлтүүд амьдралыг эрс ондоо болгодог болохыг онцолж, аливаа зүйлийг бүрэн төгс болгоход бус харин бие болоод сэтгэлийн уялдаа дээр илүүтэй анхаарах нь хэрхэн чухал вэ гэдгийг нарийн шинжилжээ. Үр дүнг нь номоос үзвэл зохистой.
Хүний бие бол гайхамшигт лаборатори
Тус номд нүдэнд үл үзэгдэх түвшинд хүний биеийн эс, даавар, мэдрэлийн дохио, унтах мөчлөг, хоол боловсруулах тогтолцооны хэмнэл зэргийг шинжилж, тэдгээрийн хоорондын нарийн уялдааг танилцуулдаг.
Жишээ нь, нэг аяга кофе бидний анхаарлыг төвлөрүүлэх ч шөнийн нойрны дааврыг саатуулдаг байна. Үүнээс гадна технологийн хамаарал буюу хэт их гэрэлтэй дэлгэц ширтэх нь биологийн цагийг нөхөх боломжгүйгээр алдаж болохыг сонирхолтой, бодит жишээгээр харьцуулан тайлбарлажээ.
Фарримондын бичлэгийн онцлог нь хэт нуршуу бус сонирхолтой жишээгээр баялаг агаад уншигчдад сургаал, номлол айлддаггүй. Тиймээс эл ном боломж санал болгохоос бус тушаал буулгахгүй.
Ерөөс “эрүүл амьдрал” гэх хийсвэр ойлголтыг өдөр тутмын бодит амьдралтай холбож өгдөг. Нойрны хэмнэлээ засах, өглөөний нарны гэрэлд гарах, илүү их инээх, хүнтэй ярилцах, хөдөлгөөн хийх гэх мэт энгийн алхмууд хүний амьдралын чанарыг эрс сайжруулдаг болохыг онцолжээ.
Үүнээс улбаалан “Амьдрал бол шинжлэх ухаан, харин шинжлэх ухаан бол амьдрал” үгийн агуулгал цогц санаагаа зангидсан байна.
Энэхүү номыг уншсанаар уншигч хүн өөрийн амьдралыг шинжлэх ухаанч нүдээр харж, бие, сэтгэлээ анирдах шинэ хандлагыг нээх болно. Мэдээж төгс болоход тэмүүлэх бус буруу зуршил, өдөр тутмын алдаануудыг засаж, алхам алхмаар эерүүлэхэд ухамсраа чиглүүлэх юм.
Тархины театр
-660x0.png)
Фарримонд зүүдийг тархины үлдэгдэл дүрслэл бус харин “Ухамсрын идэвхтэй бүтээл” гэж тодорхойлдог. Түүний хэлснээр бидний тархи унтаж байхдаа ч бүрэн ажиллагаагүй болдоггүй агаад харин ч зүүдний үед хамгийн идэвхтэйгээр шинэ холбоос үүсгэж, мэдээлэл боловсруулж, өдөр тутмын туршлагыг дахин бүтээж байдаг.
Зүүд бол хүний оюун ухааны сүүдэртэй талууд, дарагдсан айдас, хүсэл, эргэлзээг дүрс хэлбэрт хувирган үзүүлдэг дотоод жүжиг. Фарримонд үүнийг “Тархи өөртөө сэтгэлзүйн туршилт хийдэг лаборатори” гэж нэрлэсэн нь тун оновчтой зүйрлэл. Учир нь хүн зүүдэндээ амьдрал дээр хийж зүрхэлдэггүй алхмуудыг хийж, мэдэрч, эрсдэлгүйгээр туршиж үздэг.
Тэрээр “REM” буюу тархины хамгийн хурдан үйл ажиллагаатай үеийг “зүүдний үеийн оргил” хэмээн тодорхойлж, энэ үед бидний тархи сэрүүн үеийнхтэй дүйцэхүйц идэвхтэй байдгийг онцолсон. Иймээс зүүд нь нойрыг дагалдах жирийн үзэгдэл биш, харин тархины сэргэлтийн үндсэн механизмын нэг юм.
Фарримондын үзэж байгаагаар, зүүд сэтгэл зүйн ариусал болдог. Айдас, бухимдал, дурсамжийн үлдэгдлийг зохицуулж, шинэ өдрийг эхлүүлэх “сэтгэл засал”-ын үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь хүн яагаад нойргүй хоносны дараа сэтгэл тавгүй, анхаарал сарниж, шийдвэр гаргах чадвар мууддагийг сонирхолтой байдлаар тайлбарласны ердөө ганцхан жишээ.
Эцэст нь Фарримонд зүүдийг шинжлэх ухаан, урлагийн уулзвар гэж хардаг. Учир нь зүүд бол хүний дотоод ертөнцийн тухай өгүүлж, төсөөллийн хязгаарыг сэтгэл зүйн хэлээр зурах чадвартай. Тиймдээ ч зүүд нь үгээр илэрхийлж боломгүй дүрс үүсгэж, чимээгүй айдсыг ил гаргах замаар бидний ухамсарт өөрийгөө ойлгох хаалгыг нээж өгнө.
Аз жаргал, эрүүл мэндээс эхтэй
Фарримондын дүгнэлтээр эрүүл мэнд гэдэг зөвхөн ямар нэгэн өвчингүй байхыг хэлдэггүй. Харин бие, сэтгэл, харилцаа гурав тэнцвэртэй байхыг хэлнэ. Тиймдээ ч аз жаргалыг зөвхөн биологи, химийн урвалын түвшинд бус сэтгэл зүйтэй холбон өгүүлжээ.
Жишээлбэл, бухимдах үед ялгардаг кортизол даавар хүний биеийг хамгаалдаг ч байнгын түвшинд ялгарвал дархлаа сулруулж, сэтгэл гутралд хүргэдгийг шинжлэх ухааны баримтаар нотлон харуулдаг.
Энэ нь уншигчдыг өөрийн бие, сэтгэлээ илүү анхааралтай ажиглаж, амьдралын хэв маягаа ухаалгаар төлөвлөхөд хөтөлдөг. Ерөөс “Амьдрах шинжлэх ухаан” бол шинжлэх ухааны ном гэхээс илүү өөрийгөө гүн ухааны хүрээнд бус бодитоор ойлгож, таних сэрэх бүтээл билээ.
Тэгээд ч хувь хүн өөрийн биеийн зочин биш, харин ч тус биеийнхээ эзэн. Мэдээж хэн бүхэн үүнийг мэддэг ч тэр бүр ухаардаггүй. Тиймээс амьдралд хандах туйлын ухаалаг зам бол дадал зуршлаа өөрчилж, ажиллах, хооллох, амрах, хөдлөх зэрэг бүхий л үйл хөдлөлөө шинжлэх ухааны нүдээр харж, хөгжүүлэх арга билээ.
Б.Алтанхуяг