
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудлыг тоймлон хүргэж байна.
Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд боллоо.
2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлав. Харин 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан юм.
Мөн сарын 12-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг үргэлжлүүлэн шинжлэн судаллаа.
Хянан шалгах түр хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллав.
Нотлох баримтыг шинжлэн судлах энэ удаагийн нээлттэй сонсголд нийтдээ 300 гэрч оролцжээ.
УИХ-ын чуулганы 12 сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг баталлаа.
Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.
Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй ёсоор тулгарсан тул уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Г.Дамдинням сайд хэлсэн юм.
Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд Монгол Улсын нэг сараас доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилт олгох юм.
Уг хуулийн төслийг гишүүдийн 75 хувийн саналаар баталлаа.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам монгол иргэдийн виз мэдүүлэх журамд дараах өөрчлөлтийг оруулж, энэ сарын 15-наас эхлэхээр болжээ.
Өмнө нь виз татгалзсан хариу авснаас хойш зургаан сарын дараа дахин виз мэдүүлдэг байсныг гурван сар болгон хугацааг богиносгож байна. Иймд монгол иргэд цаашид виз татгалзсан хариу авсан өдрөөс хойш гурван сар өнгөрсөн бол дахин БНСУ-ын виз мэдүүлэх боломжтой.
Мөн эмчилгээ(C-3-3)-ний визийг дангаараа хариуцан ажиллах цонхыг “Солонгосын виз мэдүүлгийн төв (Korea Visa Application Center, KVAC)”-д нээж ажиллуулахаар болов. Иймд цаашдаа монгол иргэд эмчилгээ (C-3-3)-ний виз мэдүүлэхдээ бусад 13 төлөөлөн гүйцэтгэх байгууллагад бус зөвхөн Солонгосын виз мэдүүлгийн төвд хандан мэдүүлэх шаардлагатай.
Түүнчлэн өмнө нь эмчилгээ(C-3-3)-ний виз мэдүүлэхэд шаардлагатай эмнэлгийн тодорхойлолтыг есөн эмнэлэг олгож ирсэн бол энэ удаа шинээр Монгол Хьюндай эмнэлэг, Агапе Христийн эмнэлэгийг нэмснээр цаашид 11 эмнэлэгээс тодорхойлолт авах боломжтой боллоо.
Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Төв банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн гуравдугаар сард бодлогын хүүгээ 2 нэгж хувиар огцом нэмэгдүүлснээс хойш таван удаа дараалан хэвээр хадгалж буй нь энэ юм. Үүнийгээ одоогийн нөхцөлд бодлогын хүүг өөрчлөх шаардлага үүсээгүй гэж Монголбанк тайлбарлалаа.
Түүнчлэн тэтгэврийн зээлийн сарын төлбөрийн дарамтыг бууруулах зорилгоор олгосон зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацааг 36 сараар нэг удаа сунгасан тохиолдолд эцсийн ангиллыг хэвээр хадгална хэмээн Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдэгдэв.