Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 643 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан нийтлэлүүдийг танилцуулъя.
НЭГ: Давосоос хуулбарласан нэрэндээ “хүрч ажиллах” сорилт
Монголын эдийн засгийн форум нь эдийн засаг болоод нийгэмд өсөлт, өөрчлөлт авчрах зорилготой бол агуулгын шинэчлэл хийх цаг нь болсон гэдэг нь эндээс харагдана. Зөвхөн уриа бус, бодит үр дүн авчирдаг форум болохыг нийгэм, хөрөнгө оруулагч нар, дэлхий нийт харж байна. Давосоос хуулбарласан нэрэндээ “хүрч ажиллах” сорилт зайлшгүй бий болжээ. Монголд төрийн дэмжлэгтэй хурал, зөвлөлгөөн ихэдсэн үү гэхээс багадаагүй. Төрийн ордонд өдөр өнжихгүй шахуу болдог чуулган, томоохон зочид буудлуудын хурлын танхимыг дүүргэдэг семинарууд... Гэвч энэ бүхнээс гарсан шийдвэр нь төрийн бодлого болсон нь хаана байна. Уг нь хэлэлцсэнээ шийдвэрлэж, хэрэгжүүлж чаддаг бол асуудлаа ярилцаж, цаашдын шийдэл, чиг баримжаагаа тодорхойлсон форум, чуулган ихээхэн ач холбогдолтой. Дэлхийд ч хурлын шийдвэр, хэрэгжилтээр тухайн арга хэмжээний үр дүнг хэмждэг жишиг бий. Харин олноороо цуглаж, сүртэй ёслол хийж, хэлбэрддэг байдал л Монголын жишиг болсонд учир байгаа юм. Форум бидэнд хэрэгтэй ч яг зорилгоо тодорхойлж асуудлын цэгт нь хатгаж чаддаггүй нь арга хэмжээг ач холбогдолгүй болгож байна даа. Юу гэдэг билээ, “Хурал ихэдвэл ажил муудсаных, хуушуур ихэдвэл мах муудсаных” гэдэг билүү? Угтаа бол гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж авчрахад хурал бус, Монгол төрийн бодлогоо болгон баталсан хууль л илүү чухал үүрэгтэй юм.
О.Эрдэнэчимэгийн “Хөрөнгө оруулагчдыг хурлаар бус, хуулиар урьдаг юм” нийтлэлээс
ХОЁР: Бүгдийг хориглоно
Хууль баталсан УИХ, батлуулсан Засгийн газар хоёрын үзэж байгаачлан бооцоот таавар, мөрийтэй тоглоомыг хэзээ ч 100 хувь хязгаарлаж чадахгүй. Харин хориглох, зөвшөөрөх хүрээ хязгаарыг нь тодорхой хуульчилж зохицуулах нь илүү үр дүнтэй. Уг нь бооцоот морин уралдааныг хуулиар зөвшөөрвөл аялал жуулчлалын салбарт тодорхой хувь нэмэр болно. Монголчууд бид өөрсдийнхөө зохиосон, өөрсдийнхөө дүрмээр тоглодог морин уралдаан гэх мэт бооцоот тоглоомтой болох цаг аль хэдийнэ болсон. Хэчнээн хориглолоо ч мөрийтэй тоглоом мөнхөд байсаар л байна. Тиймээс алийг нь хорьж, алийг нь зөвшөөрөхөө тодорхой болгох хэрэгтэй.
С.Шийлэгтөмөрийн “Мөнхөд байх мөрийтэй тоглоом” нийтлэлээс
ГУРАВ: Шинэ даргын хүлээлт
Монголын улс төрийн хоёр том нам даргаа солих, шинэчлэх асуудалтай нүүр тулаад байна. 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансагласан орлогыг нотолж чадаагүйгээс энэ бүхэн үүдэлтэй. Төрийн өндөр албан тушаалтны жилийн орлогоос давсан мөнгөөр хүү нь найз бүсгүйгээ эрхлүүлсний бурууг АН-д “тохож”, тэднийг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэрийг МАН-ын Бага хурлаас гаргасан билээ. Үүний дараа Ардчилсан намын дарга Л.Гантөмөр ажлаа өгнө гэдгээ мэдэгдсэн. Ардчилсан намаар “туг тахиад” өөрөө суудал дээрээ үлдэх гэсэн Л.Оюун-Эрдэнийн төлөвлөгөө ч бүтэлгүйтсэнээр тэрээр Ерөнхий сайдаас огцров. Одоо МАН-ын даргын албаа шинэ Ерөнхий сайд Г.Занданшатарт шилжүүлж өгөх ёстой. Гэтэл энэ хоёр намын дарга мэдэгдэл хийгээд сар болсон ч албан тушаалдаа хэвээр байна. Үүний шалтгаан юу вэ.
С.Туулын “АН, МАН-ын дарга нар хэзээ солигдох вэ” нийтлэлээс
ДӨРӨВ: Хиймэл оюунд хэт найдах нь
Хүн энэ дэлхийн цорын ганц оюун ухаант, шийдвэр гаргах чадвартай, сэтгэхүйт амьтан. Сэтгэлгээ, эргэцүүлэл, төсөөлөл, бүтээлч байдал, шийдвэр гаргах чадвар зэрэг нь биднийг бусад амьтдаас ялгаруулж ирсэн. Гэвч XXI зууны хоёр дахь арван жилд хиймэл оюун ухаан хэмээх шинэ “туслагч” гарч ирснээр энэ онцгой чадвар маань алгуур бүдгэрч эхэлжээ. Хүний өмнөөс бичиж, бодож, асуудлыг шийдвэрлэж буй технологи бидний өдөр тутмын амьдралыг хялбаршуулж байгаа нь маргаангүй. Гэвч энэ хялбарчлалын цаана бид өөрсдөө бодохоо больж, амьдралаа алгоритмд шилжүүлж буйгаа анзаарахгүй байна.
И.Сарангоогийн “Сэтгэх чадваргүй бодгаль” нийтлэлээс
ТАВ: Орчин цагийн үнэ цэнтэй мэргэжил
Видео контент нь зөвхөн мэдээлэл түгээх хэрэгсэл биш бидний өдөр тутмын харилцаа, сэтгэлгээ, шийдвэр гаргалтад хүчтэй нөлөө үзүүлдэг болсон. Нийгмийн сүлжээнд цацагдах хэдхэн хормын богино бичлэг хүртэл хүний бодолд нөлөөлж, нийгмийн чиг хандлагыг өөрчилж чаддаг. Ийм хүчтэй нөлөөтэй бүтээлүүдийн амьд өгүүлэмжийг бий болгоход видео эдиторуудын нарийн мэдрэмж, ур чадвар зайлшгүй чухал үүрэгтэй. Тэд дүрсийг эвлүүлж, хэмнэл, өнгө, уур амьсгал, сэтгэл хөдлөлийг уусган, контентын утга санаа, нөлөөг бүрэн илэрхийлдэг. Өнөөдөр эдиторуудын оролцоо зөвхөн кино, телевизийн хүрээнд хязгаарлагдахгүй, боловсрол, маркетинг, бизнес, сошиал медиа зэрэг олон салбарт үнэлэгддэг, орлуулшгүй мэргэжил болжээ.
И.Сарангоогийн “Эдиторуудын эрин” нийтлэлээс
ЗУРГАА: Сошиалын солиорол
Гэхдээ манайхаас ялгаатай нь шууд бичлэг хийсэн болгон, телевизийн нэвтрүүлгийн оролцогч бүр олон нийтэд танигдаж чадахгүй. Алдарт хүрэх зам, жим нь нөр хөдөлмөр дээр бий болдог учир алдаа, мадаг гаргах нь ч, ёс зүй, хэм хэмжээг зөрчих нь тийм ч элбэг биш. Түүнчлэн алдаа хийдэлтэй алдартнуудад дахиад эхлэх боломж олгодоггүй учир нөлөөлөгч, нэр цуутай хүмүүсийн хүлээх хариуцлага өндөр.
Харин манайд хормын дотор “од” болж, хормын дотор хараалгуулж, зүхүүлж мэднэ. Товчхондоо, ямар ч шүүлтүүргүй. Уг нь бид хэнийг шүтэж, хэнийг дэмжиж, хэнд хандалт өгөхөө шүүдэг бол зүй бус үйлдэл гаргасан олны танилуудыг хөөргөж, дэвэргэхээ больж, “Cancel culture” буюу цуцлах соёлыг зүй утгаар нь хэрэглэдэг бол хэн дуртай нь хүмүүсийн анхааралд өртөж, хэзээ мөдгүй үгийн муугаар шүршүүлж, шүүрдүүлэхгүй. Хамгийн чухал нь, нийгмийн сэтгэл зүй илүү эрүүл байж, иргэн олон нийт хов жив, хорон муу руу бус гэрэлтэй, гэгээтэй рүү харж амьдрах боломж сая бүрдэх юм.
О.Даваасүрэнгийн “Хувийн амьдралыг хувьд нь үлдээе” нийтлэлээс
ДОЛОО: Ираны ирээдүй
Хувьсгалт гвардын улс төр дэх оролцоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, бараг “тусдаа төр” болон хувирсан тул Дээд удирдагчийн залгамжлалын үеэр дотоод зөрчил хурцадвал цэргийн эргэлт ч гарах магадлалтай. Цэргийн эргэлтийн үр нөлөөгөөр хүний эрхийн зөрчил даамжирч гадаад орнуудтай харилцаа бүрэн мухардалд орох зэрэг сөрөг үзэгдэл дагуулж болзошгүй. Гэвч нөгөө талаас зарим шинжээчийн үзэж буйгаар, цэргийн дэглэм дор шилжилт хийх, хуучин дэглэмийн задралыг эхлүүлэх хөшүүрэг ч болж болохыг үгүйсгэх аргагүй юм.
Тэгэхээр Ираны улс төрийн ирээдүй цаашид хэрхэн өөрчлөгдөх нь Хаменеигийн хувь заяа, АНУ-ын стратегийн алхах гэхээс илүүтэй Аллах тэнгэрийн тааллаас л хамаарах буй за.
С.Лхагвасүрэнгийн “Аллахын тааллаар” нийтлэлээс
НАЙМ: Үг дуусвал түүх ч төгсөнө
Смит Голдштейний номыг уншсаны дараа “Тэд намайг хянаж чадна. Гэхдээ үгүйсгэж чадахгүй” гэж өөртөө хэлдэг. Мөнөөх үгс ухамсраас нь урган гарах тусам амьд гэдгээ, бодож чаддаг нэгэн болохоо мэдэрдэг. Бусдаас дуу хоолойгоо нуух боловч түүний дотор үгс байсаар байна. Өнгөрснөөс үлдсэн дурсамж үгүй ч гэлээ тэр “Хайрын яам”-ныханд баригдахаасаа өмнө зорилго, мөрөөдөлтэй болсон. Түүний мөрөөдлийг, булангийн сүүдрээс ургасан үзэл санаа, үгсийг бид яг одоо уншиж сууна. Оруэлл романдаа дэвшүүлсэн уг санаагаар дамжуулан үнэнийг тэмдэглэх үгсийг аврах гэж оролджээ. Тэр өөрөө “writer” байсан бол эцэст нь “witness” болж үлддэг. Бид өнөөдөр эрх чөлөө, эсэргүүцэл хэмээх үгсийг хэлж, ярьж чадаж л байвал тэдгээрт хамаарах утга амьд оршсоор байх болно. Харин үг дуусвал түүх ч төгсөнө.
Б.Алтанхуягийн “Тоталитар дэглэмийн булш” нийтлэлээс
ЕС:Хагас зууны дараа зохиогч нь тодорсон нь
Аливаа уран бүтээл зохиолчийнхоо гараас гарсан л бол тэр ард түмнийх, олон нийтийнх болдог. Өөр, өөрийн хувь тавилангаараа явдаг. Гэхдээ энэ нь уг зохиолыг өөрчилж, хувиргаж, зохиогчийг нь сольж, эсвэл бүр мартаж болно гэсэн үг биш. Домогт “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны бүтээлүүдийн нэг, нэрт дуучин Баарайн Баяраа агсны нэрийн хуудас болсон “Сэтгэлийн жигүүр”, “Зүрхний айзам”, “Учралын уянга”, “18 нас минь намайг бүү орхиоч”, “Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Хотын гэрэлт гудамжаар алхаж явах сайхан”, “Тэмээн жингийн цуваа” зэрэг олны зүрх сэтгэлд хоногшсон дуунуудтай нь хамт бичигддэг “Эндүүрэл” дууны эндүүрэгдсэн түүх ийм. Үзэл суртлын улаан шугамыг даван эгшиглэсэн энэ дуу 52 жилийн дараа үгийг нь зохиосон яруу найрагчаараа нэрлүүлэх боломжтой болж байна. “Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн шүлэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Бадамгаравын Наранбаатарын хөгжим “Эндүүрэл”...” Радио, телевизийн цэнхэр долгионоор, уран бүтээлийн тоглолт, концертын тайзнаа хагас зуун жилийн дараа анх удаа ингэж зарлах болно.
Г.Сонинбаяр “52 жилийн дараа эзнээ олсон “Эндүүрэл” нийтлэлээс
