
Хүн бүхэнд дотроо тээж явдаг атлаа гаргаад хэлчихэж чадахгүй үгс, дурсамж, түүх гэж бий. Түүнтэй адил дотуур нь давалгаалан унрсах тэнгис байдаг ажээ. Зарим хүн тэрхүү тэнгисийг ухаарал, эмзэглэл, уучлал, ээж, аав, эх орон хэмээдэг бол зарим нь “амь” гэж нэрлэх нь бий. Зохиолч, орчуулагч, яруу найрагч, Тагтаа паблишингийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан “Догшин тэнгис” романдаа тэрхүү их усыг үгээр сэлбэж, бидэр татуулан хөөсрөх давалгааг нь дүрүүдийн сэтгэл доторх тэрслүү гэмээр нам гүмээр урлажээ.
Романы үйл явдал ганцхан том сэдвийг хөндөж, түүндээ бүрэн уусдаггүй. Харин хөндсөн сэдвээ дотоод өгүүлэмж, дүрүүдийн үйл хөдлөл, өөртэйгөө яриад байх шиг дуу хоолойгоор олон талаас нь харж, зохиолын бүтцийг бий болгожээ. Хүн заримдаа өөрийгөө танихын тулд бус мартахын тулд амьдардаг ч юм шиг...
Өдгөө Колумбын их сургуулийн “Creative Wrinting”-ийн мастерын хөтөлбөрт тэнцсэн зохиолч, орчуулагч Б.Баясгалантай хийсэн ярилцлагыг уншигчдадаа хүргэе.
- Колумбын их сургуулийн “Creative Writing”-ийн мастерын хөтөлбөрт тэнцсэнд тань баяр хүргэе. Удахгүй сургуульдаа явах гэж байгаа талаар сонссон. Мэдээж энэ сургуульд явах хүсэл, мөрөөдөлтэй олон залуус бий. Тус сургуулийн тэтгэлэгийг авахад хамгийн чухал нь юу вэ?
- Ер нь урлагийн, тэр дундаа уран зохиолын мэргэжлээр сурахад 100 хувийн тэтгэлэг олдох магадлал Америкт харьцангуй өндөр байдаг. Хайгаад үзвэл ихэнхи “Creative writing”-ийн мастерын хөтөлбөр 100 хувийн тэтгэлэгтэй байгаа. Салбарын онцлогийг боддог байх л даа. Зохиолч, уран бүтээлчид халааснаасаа бэлэн мөнгө тоолоод өгөх хэмжээний санхүүгийн чадамжтай байх нь цөөн. Гэлээ ч ач холбогдлыг нь бодвол урлаг, утга зохиолыг бодлогоор дэмжих ёстой байдаг ч юм уу. Гэхдээ тэтгэлэг өндөр тусмаа шалгуур чанга. Нэг сургууль жилдээ хэдэн зуу, заримдаа хэдэн мянган хүсэлт гаргагчдаас 3-аас 5 хүн л авдаг байх жишээтэй. Тийм болохоор зохиолоо сайжруулаад, орчуулж бэлдээд, хэлний оноогоо өндөр аваад, эссээнүүдээ маш сайн бичээд, сонирхсон сургуулиа сайтар судлах хэрэгтэй. Дараа нь ямар ямар материал шаардаж байна, түүнийг нь эртнээс бэлдэх шаардлагатай болов уу.
Зохиолчын хөтөлбөрт төрөлх хэл нь англи биш хүн тэнцэх нь ховор. Хамт суралцагчид чинь ихэнхи нь төрөлх англи хэлтэй хүмүүс байна. Тэгэхээр ер нь англи хэлээр зохиол бичих түвшний байх ёстой гэсэн сэтгэлзүйн бэлтгэлтэй байвал зүгээр.
- Хөтөлбөрийнхөө талаар мэдээж судалсан байх. Манайтай харьцуулах аргагүй л дээ. Гэхдээ хичээлийн хөтөлбөр болоод боловсрол олгох систем нь ямар вэ?
- Одоо бол хөтөлбөрийн задаргаагаа аваад, агуулгатай нь танилцаад хичээлүүдээ сонгоод явж байна. Ерөнхийдөө лекц, семинар, “workshop”, “masterclass” гэсэн дөрвөн чиглэлээр хичээл авах юм байна гэж ойлгосон. Лекц нь мэдээж тухайн сургуулийн үндсэн профессоруудын уран зохиолын мэргэжлийн лекцүүд. Семинар тодорхой сэдвүүдээр багш, оюутны хоорондын хэлэлцүүлэг маягтай.
“Workshop” бол оюутан өөрөө зохиол бичиж, түүнээ хамтын хэлэлцүүлгээр хөгжүүлэх үйл ажиллагаа. “Masterclass” нь тус сургуульд улирлаар уригдаж ирсэн том зохиолчдын туурвилын арга ажиллагаа, нууцаас суралцах боломж.
Хичээлийн агуулгуудыг харахад бидний ерөнхийлөн авч үздэг юмсыг маш нарийн задалж үздэг бололтой харагдсан. Жишээ нь би “Биеийн хэлэмжийг хэрхэн бичих тухай” семинар авч байгаа. Тэр нь хүний бие гэдэг зүйл өвдөхөөрөө яадаг, цочихоороо яадаг, хүсэж тачаахаараа яадаг гэх мэтийг анагаах ухаан, сэтгэл зүй зэрэг олон талаас нь судлан нарийн ажиглаж, шинжилсний үүдэн дээр ямар нэг нөхцөлд хүний биеэр үзүүлэх үйлдэл, илэрхийллийг үнэмшилтэй, сайн бичиж сурах тухайд хичээл байх жишээтэй.
- Өнгөрсөн хавар “Догшин тэнгис” романаа уншигчдад хүргэсэн. Зохиолын үүдэл санаа хэзээнээс бүрэлдэж эхэлсэн бэ?
- Айовагийн олон улсын зохиолчдын хөтөлбөрт байхдаа олсон санаа л даа. Дэлхийн гучин орны гучин өөр хэл, соёл, зан заншил, үүх түүхтэй зохиолчидтой нэг дор амьдраад, зохиол бичихээр Баясгалан гэдэг хүн хэн бэ гэж бодохоос урьтаад, Монгол улс, монгол соёл, монголын танигдал юу билээ, тэр дундаа энэ олон улс дунд монгол хүн байх, монгол зохиолч байх гэдэг чинь юусан билээ, монгол зохиолч байя гэхнээ түүний бичиж таниулах сэдэв юу юм бэ гэх мэт олон асуултад дарагддаг.
Тэндээс л identity буюу үндэстний ондоошил, адилсал, танигдлын сэдвээр нэг зохиол бичих санаа тээж ирсэн хэрэг.
- Уг романыг сургуульд явахаасаа өмнө зориуд хэвлүүлсэн үү, цаг үе нь ингэж таарав уу?
- Бэлэн юм байхад дараад байх нь хаашаа. Тэгэхээр цаг үе нь ингэж таарсан тал бий. Нөгөө талаар эх орондоо гурван жил байхгүй юм чинь нэг юм үлдээгээд явбал зүгээр шиг. Бас энэ нөхөр сургуульд явахаасаа өмнө ямархуу юм бичиж байсан юм бэ, төгсөөд юу бичиж байгаа юм бэ гэж харьцуулж харах зүйл байж байвал гэж...

- Таны бүтээлүүдээс нэг тийм хөндүүр, эмзэглэл мэдрэгддэг. Энэ юунаас эхтэй вэ?
- Авьяас гэдэг бол эмзэглэл гэж Д.Намдаг гуай хэллүү? Эмзэглээгүй сэтгэлээр юугаа ч бичих билээ дээ.
- Романы үйл явдлын хувьд нэлээд хурдан өрнөлтэй байсан. Үүнийг анхнаас нь бодож төлөвлөсөн үү?
- Шүлэг бичиж уран бүтээлийн гараараа эхлэсэн хүмүүс нуршиж чаддаггүй юм гэнэ лээ. Бодоод байхад үнэн ч байж мэднэ. Бүтцийн хувьд анхнаасаа жижиг жижиг бүлэгт хувааж бичье гэж бодсон л доо. Би том хэмжээний хүүрнэлийн туршлагагүй болохоор анхнаасаа нэлийсэн их зайд өөрийгөө сул тавьчихвал жолоо цулбуураа алдаж хадуурч мэднэ.
Тэгэхээр нэгт өөрийгөө бүлгийн дотор хашиж, хамжааргадах хэрэг байсан. Нөгөө талаар жижиглээд бүлэглэчихээр уншигчдын ч анхаарал дор дороо сэргээд, залхуугүй уншчихдаг юм шиг. Нэгэнт бүлэглэчихвэл нэг бүлэгт ямархуу юм бичих, юу өгөх, юуны сэжүүрийг атгуулаад орхихыг хүснэ түүнээ л хурдхан багтааж авах ажил өрнөдөг учраас энэ арга эхлэн бичигчдэд тун хэрэгтэй санагдаж байна.
- Магадгүй хүн бүрийн дотор нэг тийм давалгаалж байдаг тэнгис байдаг болов уу. Та юу гэж бодож байна?
- Монгол хүмүүсийн дотор тэнгис далай давалгаалахаас илүүтэй нэг нэг хайрхан дүнхийж байдаг байх аа. Албан газар бүрийн үүдэнд, айл бүрийн хойморт шахуу нэг уулын зураг байдаг шүү дээ. Миний сэтгэлд ч бас нэг тийм уул байна. Уулын орой дээр гараад зогсоход чамаас өндөр юмгүй, орчлон хөлөн дор хөглөрөөд чи бүхний эзэн шүү дээ. Буугаад бэлд нь ирэхэд түрүүн оргилд нь гарсан тэр хайрхан чиний эзэн, чиний эрхшээгч биш, харин чиний ивээгч, арыг даагч, бат түшиг. Тэр утгаараа монгол хүн жаахан эрдүү, дэгсдүү ч шиг. Далай бол яах вэ дээ. Өөрөө хөдөлгөөнтэй, амьд зүйл болохоор хэзээ шидээ үзүүлж, хэзээ шилгээж хаяхыг хэн ч мэдэхгүй. Тэр хэрээрээ миний хувьд харь, хөндий зүйл.
- Ер нь “Identity” гэхээр үндэстний ялгарал, таних тэмдэг гэж буулгаад байх шиг... Энэхүү асар том сэдвийг барьж авах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
- Identity өөрөө том сэдэв л дээ. Гэхдээ манайхны өөрсдийн identity-г хэрхэн ойлгож буй, хэрхэн ойлгуулахыг хүсэж буй нь identity гэдэг харь үгээс ч том байж мэднэ. Монголчуудын өөрсдийгөө онцлон таниулж буй өнцөг бол өнөө агуу их түүх, Чингис хаан, дэлхийн талыг эзэлсэн их гүрэн, нүүдэлчин соёл шүү дээ. Түүнийг дагасан бахархал омогшил нь ч айхтар том болохоор энэ сэдвээр,
Монголчуудын өөрсдийгөө тодорхойлдог энэ талуудыг барьж бичнэ гэвэл жижиглэж, жиргэж, нийт олны дүйвээн дор биш, нэгж хүний сэтгэл дээр оноож бичихгүй л бол ер болохгүй, сэдэвтээ дарагдана. Тэгэхээр бидний доторх эх орны тухай ойлголт, эх түүхийн бахархал, Чингис хаан хэмээх омогшил нь магад амьдралд хөлөө олох гээд, харийн оронд, танихгүй олон жуман хүний дунд зүтгэж хичээж яваа жирийн нэг охины сэтгэл зүрхэнд яаж тусаж буйг харуулах гэж хичээвэл зохиолч хүний хувьд барьж авсан том сэдвээ жижиглэж, газарт буулгаж авч байна гэсэн үг.
- Өдгөө залуус гадаадын их дээд сургуульд суралцаж боловсролдоо анхаарах болсон. Та цаашид юунд зорьж басхүү юуг мөрөөдөж байгаа вэ?
- Бид нар дэлхийн уран зохиол гэж ийм ч сайхан, тийм ч агуу юм гээд л гаднаас нь гайхаж хараад суувал тэр юмныхаа гадна үлдсэн хэвээр л байна шүү дээ. Тэр үйл явдалд нь биеэр оролцож, үгээ сонсгож, үйл амьдралд нь хутгалдацгаах хэрэгцээ давын өмнө бий. Тэр утгаараа тэндэхийн үйл амьдралд лавхан хутгалдах, хүмүүстэй танилцаж, холбоо харилцаа тогтоох, нааш нь, цааш нь татчих, холбоод гагначих ямар боломжууд байна тэр бүгдийг эрэх, олох гэх мэтийг бодож л байна.

Оюутан хүн юм чинь сурч судлахаа гол болгох нь мэдээж. Дээр нь би чинь англиар бүтэн номын хэмжээний юм бичиж төгсөх ажлаа хамгаалах учиртай хүн. Тэрэндээ хүрэх ёстой. Тэр маань болж бүтэж байвал, юмыг яаж мэдэх вэ, англи хэлнээ хэвлэгдэх мэтийн дараагийн санаархал орж ирж мэднэ. Хажуугаар нь Тагтаа Паблишингийнхаа галыг таслаж болохгүй. Ажил их байна аа.