
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу "COP17"-д ойн экосистемийг хамгаалах, сэргээх, тогтвортой менежментийг цөлжилт, газрын доройтлын эсрэг бодлоготой уялдуулах чиглэлээр оролцож буй Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзоригтой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний явцын талаар ярилцлаа.
Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?
- Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 140.3 сая мод таригдаад байна. Хөдөлгөөний маань гол үр дүн бол тарих модныхоо тоонд биш ургуулахад оршиж буй. “Нийтээрээ цөлжилттэйгөө тэмцэн мод тарих нь дэлхий нийтийн өмнө хүлээж буй монголчуудын үүрэг юм” гэдэг сэтгэлгээг хүмүүст суулгах нь бидний бодит үр дүн гэж харж байгаа. Тарьсан модны тоо 40.3 мянга буюу одоогоор 14 хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний төлөвлөгөө 1.5 тэрбум мод тарихаар төлөвлөсөнтэйгөө харьцуулбал гүйцэтгэл 10 орчим хувьтай болжээ. Бид бэлтгэл үе шатуудынхаа эхний үе шатыг амжилттай тавьсан бол одоо томоохон хэмжээний масс ойжуулалтыг хийдэг хүчин чадал, туршлага хуримтлуулаад явж байна. “Тэрбум мод” хөдөлгөөн бол бүх нийтийн буюу үндэсний хөдөлгөөн. Тиймээс иргэн бүрийн хүчин зүтгэлээр биелнэ. Монгол улсын 21 аймаг, Нийслэл, уул уурхайн 22 томоохон аж ахуйн нэгж, банк санхүүгийн 17 байгууллага, төрийн таван байгууллагаас бүрдсэн 80 орчим байгууллага тодорхой хэмжээний мод тарьж өгье гэдэг амлалт аваад өөрсдийнхөө төлөвлөлтийн дагуу байршлаа сонгоод, зорилго зорилтоо тодорхойлоод модоо тариад явж байна.

Тарьсан моддын арчилгаа, ургалтын асуудал нэлээн хөндөгддөг шүү дээ. Олон жил уйгагүй арчилж байж мод ургаж, биеждэг гэдэг?
- Өмнө нь хэлсэн амлалт авч оролцож байгаа ААН-үүдтэй тарьсан модоо гурван жил арчлах, үүнээс нь таван жилийн дараа улсын ойн санд амьдралынх нь хувиар хүлээн авах нөхцөл болзолтойгоор зохион байгуулалт хийн тарьж байгаа. Нэмээд 2025 онд Ерөнхийлөгчийн зарлиг шинэчлэгдэн гарч бүх нийтийн мод тарих өдөртэй болсон. Тэрбум мод тарих сарын аянтай болж өөрчлөгдсөн. Энэ аяны хүрээнд тарьж байгаа моддын арчилгаа, хамгаалалтыг мэргэжлийн байгууллагууд нь харж хандах байршлуудад ихэвчлэн тарьдаг болсон. Энэ байршлуудыг аймгийн төвүүд болон Улаанбаатар хотын ойр орчимд 10 байршилд байхаар зохицуулсан. Мэдээж үүнтэй зэрэгцээд мэргэжлийнхэн жилийн туршид арчилж додомддог цогц бодлогыг хэрэгжүүлдэг. Нийт масст тарьсан ойжуулалтыг гурван жил арчлаад хүлээлгэж өгдөг ийм зохион байгуулалттайгаар зардлын төсвөө мөн тооцож ажлаа зохион байгуулж байна.
Мод тарих нь үер усны аюулаас хамгаална, цөлжилтийн эсрэг гэхчлэн үр дүн өндөртэй байдаг. Тэрбум модыг ямар бүсчлэл, хуваарилалтаар тарьж байна вэ?
- Шадар сайдын ахалсан Уур амьсгалын үндэсний хороогоор “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний бичиг баримтыг батлуулж авсан. Энэ төлөвлөгөөний хүрээнд бид дөрвөн зорилгын хүрээнд мод тарина гэж тооцож байгаа. Нэгдүгээрт, хүн рүү чиглэсэн буюу хот суурины ногоон байгууламжид мод тарина. Хоёрдугаарт, цөлжилт, газрын доройтлын эсрэг буюу говийн бүсэд мод тарина. Гуравдугаарт, агро ойн аж ахуйг хөгжүүлэх буюу эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор. Сүүлд нь доройтсон ой буюу одоо байгаа ойн нөхөн сэргээлтэд зориулж гэсэн ерөнхий дөрвөн том зорилгын хүрээнд модоо хуваарилан тарьж байгаа. Модны ангиллаар тооцоод үзвэл 60 орчим хувь нь доройтсон ойн нөхөн сэргээлтэд, үлдсэн хувь нь бусад гурван зорилтод хуваагдаад таригдана. Модны хувьд 200 сая орчим мод таригдана гэсэн төлөвлөлттэй явж байна. Цөлжилт, газрын доройтлын хувьд цөлжилтийн судалгааны дүнг үндэслээд цөлжилтөд өртсөн гэсэн 190 орчим сумын эхний ээлжид агро ойн аж ахуйтай хослуулаад цөлжилтөөс хамгаалах агро ойн аж ахуйн зурвас байгуулна гэсэн ерөнхий төлөвлөлттэй байна. Энэ төлөвлөлтийнхөө дагуу зардал санхүүгээ гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчдыг чиглүүлдэг гэж ойлгож болно.
Нийслэл хот өөрөө хуурайшилт өндөртэй, нарийн тоос ихтэй зэрэг агаар болон орчны маш олон асуудалтай. Нийслэл, дүүрэг, хороо, СӨХ-үүд зэрэг жижиг нэгжүүд мод тарьвал урамшуулах бодлого, зохицуулалт бий юу?
- Нийслэл өөрөө 120 сая мод тарина гэдэг ийм амлалттай. Зохион байгуулалт, ажлынх нь төлөвлөгөөг харахаар 60 орчим сая нь хотын ногоон байгууламжид, 50 орчим сая нь хотын эргэн тойронд байгаа ногоон бүсийн доройтсон ойн нөхөн сэргээлтэд, тав орчим хувь нь хамгаалалтын зурвас хэлбэрээр таригдахаар төлөвлөгдсөн. Ерөнхий зорилт нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийг тав хүртэлх хувьд хүргэнэ гэдэг төлөвлөлтэйгөөр явна. Урамшуулал буюу иргэд рүүгээ чиглэсэн хоёр, гурван төрлийн арга хэмжээ явагдаж байгаа. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн жил “Хашаандаа таван мод таръя” гэх аян явсан. Энэ бол модыг нь үнэгүй тарьж өгөөд арчлуулаарай гэсэн урамшуулалт аян. Та өөрөө хүсэлтээ өгөөд мод таръя гэсэн бол мэргэжлийн байгууллага нь модыг нь өгдөг, арчлаад ургуулсан бол нэмээд таван мод өгдөг. Хашаандаа тарьсан модоо бүртгүүлэх юм бол эдийн засгийн биш бусад дэмжлэгүүдийг өгөхөөр ажиллаж байна. Жишээ нь, тухайн айлын хүүхэд гадаадын их дээд сургуульд элсэхэд нь сайн дурын ажил хийсэн үнэмлэхийг хашаандаа мод тарьснаа e-mongolia-гаар бүртгүүлж тооцуулах боломжтой.
Урамшуулал гэдэгт эдийн засгийн буюу бэлэн мөнгө өгөхөд бус, “Байгалиа бүтээгч иргэн боллоо” гэдэг хаяг өгөх гэдэг ч юм уу алдаршуулах байдлаар явагддаг.

Гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөд оруулахад кадастрт орсон гэх үндэслэлээр хашаан дахь модыг нь булгалчихдаг. Ургаж цэцэглэж буй моддыг хамгаалах, авч үлдэх асуудал дээр хариуцлагын, эсвэл журмын зохицуулалт байдаг уу?
- Энэ асуудлыг дүрэм журмаар зохицуулах боломжгүй, заавал хуулиар зохицуулагдана. Тиймээс ойн тухайн хуулийн шинэчилсэн найруулга хийгдэж байна. Уг шинэчилсэн найруулгаар “хүн өөрийнхөө өмчилсөн газраа тарьсан модыг өмчилж болно” гэсэн зохицуулалт хийгдэхээр яригдаж байна. Ингэвэл газар нь ч, үл хөдлөх нь ч, тарьж ургуулсан мод нь үнэлгээтэй болно. Дахин төлөвлөлтөд үнэхээр орох шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгөө үнэлүүлээд нөхөн төлбөр авах биш модоо ч давхар үнэлүүлээд авах ийм боломжтой болсон. Хоёрдугаарт мод газар дээр таригдаж байгаа болохоор газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй заавал уялдах болж таарна. Тэгэхээр иргэн өөрийн өмчлөлийн газар дээр мод тарихаас гадна эзэмшлийн болон ашиглалтын газар дээр мод тарихад заавал үндсэн төлөвлөгөөтэй уялдахгүй бол зөрчилтэй нөхцөл үүснэ. Модоо тариад гурван жил болж байтал нь зам талбай ашиглалтад ордог ийм зүйлүүд болдог. Тэгэхээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд заавал тусгаж байж мод тарих юм бол 60 жил хөдөлгөхгүй гэж заагдсан газар анхнаас нь мод тариулахыг зорьж ажиллаж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдээрэй гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ уриалаач гэвэл?
- Уриалахаас илүү талархал илэрхийлмээр байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн иргэн болгон мод тарих ёстой гэдэг ойлголтыг монголчууддаа төрүүлсэн байна. Үүнийхээ хүрээнд би мод таримаар байна гэж маш олон хүн санал санаачилга гаргаж, бидэнд ханддаг. Энэ хүмүүстээ баярлалаа, мөн модоо үргэлжлүүлэн тариарай гэж уриалмаар байна. Энэ хөдөлгөөнд нэгдэж орсон хүн болгонд талархал илэрхийлэн баярлалаа гэж хэлье.
Яагаад вэ гэхээр энэ хөдөлгөөн бол зөвхөн Ойн газрын ажил биш Монгол улсын үндэсний хөдөлгөөн учраас хүн болгоны хэрэгжилтээр дамжих ёстой. Тэгэхээр оролцъё гэж идэвх гаргасан 80 орчим байгууллагын хамт олонд, мэргэжлийн байгууллагуудад, Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байгаа олон мод тарьсан компаниуддаа баярлалаа. Гэхдээ нэг удаа тариад дуусах биш олон удаа, олон мод тарьж ургуулаарай гэж уриалъя.