
Иран АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлж эхэлмэгц хөрш Оман улстай Ормузын хоолой дахь усан замын хөдөлгөөнийг зохицуулах асуудлаарх хэлэлцээгээ сэргээсэн гэж мэдэгдлээ.
Дайн хоёрдугаар сард эхлэхээс өмнө дэлхийн газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг байсан стратегийн ач холбогдолтой энэ усан хоолойн хөдөлгөөнийг хянах асуудлаар Иран, Оман хоёр хэдэн долоо хоногийн турш үе үе хэлэлцээ хийж байгаа юм.
Хоёр улс мягмар гарагт Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх “хамтарсан түр зуурын навигацийн коридор” байгуулах талаар хэлэлцэж, уг бүсийг усан минаас цэвэрлэхээр тохиролцсон гэж мэдэгдлээ.
Трамп Ормузын хоолой дахь бүх усан миныг цэвэрлэсэн гэж мэдэгдсэн бөгөөд өмнө нь ч ийм утгатай мэдэгдэл хийж байсан юм.
АНУ болон Ираны хоорондох идэвхтэй байлдааны ажиллагаа үндсэндээ намжсан ч энхийн хэлэлцээр байгуулах дипломат хүчин чармайлт гацсан хэвээр байна. Мөн Ормузын хоолойгоор нэвтрэх нь аюултай хэвээр байгаа юм.
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны газраас мэдээлснээр, мягмар гарагт Оманы Аш-Шишах орчмоос зүүн хойд зүгт, Ормузын хоолойн аманд байрлах газраас далайн есөн милийн буюу 17 км-ийн зайд нэгэн газрын тосны танкер үл мэдэгдэх суманд оногдож, хөдөлгөөнгүй болсон байна.
Үүнээс гадна АНУ-ын Нууц алба мягмар гарагт Ираны төрийн телевизээр цацагдсан, Трампын отгон хүү Бэрроны эсрэг болзошгүй халдлагын төлөвлөгөөний талаар хэлэлцсэн бичлэгийг мэдэж байгаа гэж мэдэгдлээ.
Ираны төрийн телевизээр цацагдсан гурван минутын бичлэгт 20 настай Бэррон Трампыг хянаж байгаа гээд түүнийг хөнөөсөн хүнд 10 сая ам.долларын шагнал амласан гэх агуулгыг дурдсан байна.
Хориг арга хэмжээ
Үргэлжилж буй хурцадмал байдлыг үл харгалзан АНУ Ирантай холбоотой нөхцөл байдлын улмаас нүүлгэн шилжүүлсэн эсвэл үйл ажиллагааг нь багасгасан Ойрхи Дорнод дахь зарим дипломат төлөөлөгчийн газартаа ажилтнуудаа эргэн илгээж эхлэхээр бэлтгэж байгаа талаар уг асуудлыг мэдэх хоёр хүн Ройтерс агентлагт мэдээлжээ.
Энэ нь Вашингтон ойрын хугацаанд Ирантай хийх мөргөлдөөн дахин хурцдах эрсдэл буурсан гэж үзэж байгааг илтгэж байгаа ч зарим Элчин сайдын яам эхний үедээ бүрэн хүчин чадлаар ажиллахгүй аж.
Ираны эдийн засгийг сулруулах зорилгоор АНУ энэ долоо хоногийн эхээр Ирантай бизнесийн харилцаагаа үргэлжлүүлж буй улс орнуудын эсрэг арга хэмжээ авахаар сүрдүүлсэн ч шийтгэлийг нэн даруй хэрэгжүүлэхгүй гэж мэдэгдсэн байна.
АНУ-ын хоригийн нөлөөг арилжаачид үл тоомсорлосноор газрын тосны үнэ хоёр дахь өдрөө дараалан буурлаа. Харин Иран АНУ-ын эдийн засгийг нь тусгаарлах оролдлогыг “бүдүүлэг хууль бус үйлдэл” хэмээн буруутгаж, олон улс дарамт шахалтын кампанит ажилд нэгдэхгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Reuters/Ipsos-ийн санал асуулгаар, АНУ-ын олон нийтийн дунд Ирантай хийж буй дайныг дэмжих түвшин мөргөлдөөн эхэлсэн эхний өдрүүдээс хойших хамгийн доод хэмжээнд хүрсэн байна. Мөн арваннэгдүгээр сард болох Конгрессын сонгуулийн өмнө Трампын нэр хүнд ч түүхэн доод түвшиндээ хүрчээ.
Мөргөлдөөний улмаас олон мянган хүн амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь Иран болон Ливанд байна. Үүний зэрэгцээ АНУ болон Израил Ираны уламжлалт цэргийн хүчин чадлын ихээхэн хэсгийг сулруулсан ч АНУ, Израилын устгах зорилготой Ираны цөмийн хөтөлбөрийн бодит нөхцөл байдал ямар байгаа нь одоогоор тодорхойгүй хэвээр байна.