Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн 27 (өвөл, зун, паралимп) спортын төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 254 тамирчин байдаг. Тэд өнөөдрийн байдлаар (2025.06.20) олон улсын тэмцээн уралдаанаас 19 алт, 31 мөнгө, 42 хүрэл нийт 92 медаль хүртжээ.
Б.Ачбадрахын хос алтан медалиас эхлэлтэй амжилтын цуваа

ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс зургаан мөнгө, 10 хүрэл хүртээд байна. Үүнээс гадна залуучуудын Азийн АШТ-ээс гурван мөнгө, хоёр хүрэл медаль их дуулгаас гурван алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл, гран при тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл, дэлхийн цомоос хоёр алт, таван мөнгө, хоёр хүрэл хүртжээ. Мөн эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс 12 алт, 13 мөнгө, 17 хүрэл медаль хүртжээ.
Үндэсний шигшээ багийн энэ оны ууган амжилтыг 2025 оны нэгдүгээр сарын 6-8-нд БНСУ-ын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км гэсэн хоёр зайд Б.Ачбадрах алтан медаль хүртэн эхлүүлжээ. Харин отгон амжилтыг пара хөнгөн атлетикийн тамирчид бүтээсэн юм. Тодруулбал, Тунисын Дэлхийн цомын тэмцээнээс пара хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ П.Энхманлай, Д.Саруултөгс нар мөнгөн медаль хүртэж Энэтхэг улсын Шинэ дели хотноо зохион байгуулах ДАШТ-д оролцох болзол биелүүлээд байна. Үндэсний шигшээ багийн тамирчдын ДАШТ болон ААШТ-д медаль хүртсэн амжилтын мэдээллийг хүргэе.
ДАШТ-ий хамгийн өндөр амжилт нь шатарчдынх

ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл хүртээд буй. ДАШТ-ий хамгийн өндөр амжилтыг шатарчид бүтээгээд байна. Английн Лондон хотод зургаадугаар сарын 10-15-нд 2025 оны багийн түргэвчилсэн болон түргэн тоглолтын ДАШТ болоход Үндэсний шигшээ багийн “Монгол-B” баг блиц төрөлд 2400 хүртэл чансаатай багуудын ангилалд алтан медаль хүртсэн юм. Энэ багт их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, ФИДЕ мастер Н.Содбилэгт, кандитат мастер Б.Мөнгөнзул болон Г.Энхбаяр нар багтсан.
Унгарын Будапешт хотноо энэ өдрүүдэд үргэлжилж буй жүдо бөхийн ДАШТ-ээс -60 кг-д К.Ёолк хүрэл, Б.Ганхайч нар хүрэл медаль хүртээд буй. Мөн Казахстаны Астана хотод болсон пара жүдогийн ДАШТ-ээс Л.Туруунаа хүрэл медаль, эрэгтэйчүүдийн багийн төрөлд Монголын баг хүрэл медаль юм. Мөн тавдугаар сарын 18-22-нд Норвегийн Драмен хотод болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ мөнгөн медалийн тавцанд зогссон юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний салхийг чөлөөтийнхөн хагалав

Азийн аварга шалгаруулах тэмцээний анхны медалийн хурыг чөлөөтийнхөн буулгасан. Чөлөөт бөхийн ААШТ гуравдугаар сарын 24-30-нд Иорданы Амман хотноо болж эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр IV байр эзэлсэн юм. Монголчууд энэ тэмцээнд 23 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, 3 мөнгө, 7 хүрэл, нийт 10 медаль хүртсэн билээ.

Монголын багийн медальтнууд
Эмэгтэй баг 1 мөнгө, 4 хүрэл:
1. 50 кг Б.Мөнхнар хүрэл
2. 55 кг Б.Отгонтуяа хүрэл
3. 68 кг Э.Дэлгэрмаа хүрэл
4. 65 кг Т.Энхжин мөнгө
5. 72 кг З.Болортунгалаг хүрэл
Эрэгтэй баг 2 мөнгө, 3 хүрэл:
1. 57 кг Б.Мөнх-Эрдэнэ хүрэл
2. 65 кг Ц.Цогбадрах мөнгө
3. 79 кг О.Сүлдхүү хүрэл
4. 86 кг Н.Батбилгүүн хүрэл
5. 125 кг М.Лхагвагэрэл мөнгө
Дараагийн ААШТ-ий тэмцээний медалийг жүдочид хүртэв. Тайландын Бангкок хотноо дөрөвдүгээр сарын 25-27-ны өдрүүдэд болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд 29 орны 289 бөх зодоглосон. Энэхүү тэмцээнд Монголын 18 бөх хүч сорьж,
· 57 кг-д Тэрбишийн Ариунзаяа мөнгө
· 63 кг-ын жинд Л.Энхрийлэн мөнгө
· 78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрэл
· 70 кг-ын жинд Б.Ням-Эрдэнэ хүрэл
· Холимог баг хүрэл медаль хүртэв.
Хамгийн сүүлд ААШТ-ий мөнгөн медалийг Б.Мөнгөнзул хүртэв. Есөн өргөөс долоон оноотой 1-4-р байрт оноо тэнцэн чанарын үзүүлэлтээр мөнгөн медаль хүртэж Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэрээр энэ амжилтаар эмэгтэй Их мастер (WGM) цолны 1 норм болон эмэгтэй Олон улсын мастер (WIM) цол, олон улсын чансаагаа +42,8 дүнгээр нэмэгдүүлсэн билээ.
Залуучуудын Азийн АШТ, Их дуулга, гран при, дэлхийн цом, эрх олгох болон олон улсын бусад тэмцээнээс хүртсэн амжилтыг эндээс тольдох боломжтой.

